Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цөмийн онош зүйн тасагт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр уулзалт зохион байгуулав.

2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, Цөмийн онош зүйн тасгийн хамт олонтой уулзалт хийж эрүүл мэндийн салбарт ашигладаг цөмийн технологийн хэрэглээ, цөмийн оношилгоо, эмчилгээг манай улсад хөгжсөн түүх, өнөөгийн байдал, ололт амжилт, тулгарч байгаа гол асуудлууд, мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, олон улсын хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар санал солилцов.
 
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасаг нь 1975 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн байршлын болон үйл ажиллагааны оношилгоог нэгэн зэрэг хийж, эмгэгийн үйл ажиллагааны алдагдлын эхэн үед, бүтцийн эргэлтгүй өөрчлөлтөд орохоос өмнө эрт илрүүлж оношилдог цөмийн технологи дээр суурилсан техник, технологийг ашигладаг.
 
Өнөөгийн байдлаар тус тасаг бамбай булчирхайн хордлогот бахууны оношилгоо болон эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах /элэг, бөөр/ үед донор эрхтний үйл ажиллагаа болон шилжүүлэн суулгасны дараах үйл ажиллагаанд хяналт тавих, түрүү булчирхайтай холбоотой өвчлөлтийн оношилгоо, хорт хавдрын мэс заслын дараах хяналт, элэгний хорт хавдар,  үе мөчний үрэвсэлт эмгэг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээнүүдийг хийдгээрэй бусад дүрс эхо оношилгооны салбаруудаас давуутай юм.
 
Одоо тус тасагт жилд ойролцоогоор 2400 өвчтөнд, бөөр, яс, бамбай, зүрх, уушиг, элэг цөс зэрэг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны оношилгоо, бамбайн даавруудыг тодорхойлох шинжилгээг хийж, мөн бамбайн булчирхайн хордлогот бахуу, хорт хавдрын эмчилгээг 100 гаруй өвчтөнд хийж байна.
 
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр уулзалтын үеэр “Цөмийн болон цацрагийн  хэрэглээний технологид суурилсан тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээний чиглэлээр ашигладаг. Эрүүл мэндийн салбарт энэхүү технологийг оношилгоонд хэрэглээд 60 гаруй жил болж байна. Цөмийн болон цацрагийн хэрэглээний технологи зарчмын хувьд өөрчлөгдөөгүй хэдий ч орчин үед бусад салбарын хөгжилтэй уялдан  технологи нь шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Иймээс аюулгүй ажиллагаа, техникийн стандартын шаардлага, хүний нөөцийг мэргэшүүлэх асуудлууд үүдэн гарч байна” гэдгийг цохон тэмдэглээд цаашид энэхүү чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхэд төрийн болон олон улсын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад манай газраас илүү анхааран ажиллах болно гэсэн.
 
Энэхүү уулзалтаар УНТЭ-ийн “Цөмийн оношилгооны чадавхыг сайжруулах” (MON/6/016) сэдэвт төслийг ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд  2012-2013 онд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хоёр толгойт SPECT төхөөрөмжийг донор байгууллагын санхүүжилтээр худалдан авахаар төлөвлөгөөнд тусгасан асуудлын талаар харилцан санал солилцсон.
 
Орчин үед оношилгооны технологид хувьд HYBRID буюу хосолсон технологийн нэвтрүүлэх замаар SPECT/CT, PET/CT давуу талуудыг хослуулан эмгэгийг эсийн төвшны өөрчлөлт болон физиологийн буюу бүтцийн төвшний өөрчлөлтүүдийн мэдээллийг нэгтгэн авах боломжтой дэвшилтэт технологийг манай улсад нэвтрүүлэхэд илүү өгөөжтэй гэж үзэн УНТЭ болон ЦЭГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллаж Ерөнхий сайдад санал оруулсны дүнд дэмжлэг авсан. Үүний дүнд цаашид SPECT/CT болгох боломжтой 250,000 еврогийн хоер толгойт SPECT цөмийн оношилгооны төхөөрөмжийг ОУАЭА-аас  санхүүжүүлэхээр болсон ба цаашид CT нэмэлт төхөөрөмж худалдан авахад ЗГ-аас дэмжлэг авна.
 
УНТЭ-ийн зүгээс цөмийн дэвшилтэт технологийг техникийн бүрэн боломжоор ашиглахад нь зайлшгүй шаардлагатай хүний нөөц, биет хамгаалалт, аюулгүй ажиллагаа, байгууламжийн нөхцөл байдал дээр анхааран ажиллахаа илэрхийлж, Цөмийн энергийн хамт олонд “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” манаанд хамтран ажиллаж байгаад талархсанаа илэрхийллээ.