Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Орон нутгийн эмнэлэгийн эмч ажилчдын цацрагийн хамгаалалтын талаарх мэдлэг сул байна

Цөмийн энергийн газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Цөмийн болон цацрагийн хяналтын газраас 2013 оны 3 улиралд Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын  эмнэлгийн байгууллагуудад цацрагийн хяналт шалгалт хийлээ. Хяналтаар эмнэлгүүдэд ашиглагдаж буй рентген оношилгооны аппарат тоног төхөөрөмжийн ашиглалт хадгалалт, ажлын байрны цацрагийн хамгаалалт аюулгүйн шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлгээ хийж,  дүгнэлт гаргасан байна.
 
Дээрхи нэгдсэн эмнэлгүүдэд рентген оношилгооны аппарат тоног төхөөрөмжийг хүлээн авсан тухайгаа хуулийн хугацаанд мэдэгдэж бүртгүүлээгүй, тэдгээрт чанарын баталгаажилтын хэмжилт хийлгээгүй, ажлын байрны нөхцөл, цацрагийн хамгаалалт зохих стандарт шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргуулаагүй,  рентген тоног төхөөрөмжийг ашиглах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, урд хийгдсэн хяналтаар улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Эдгээр нь цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул мөнгөн шийтгэвэр ноогдуулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага гарган хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.
 
Орон нутгийн эмнэлгүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа рентген тоног төхөөрөмжийг ашиглалтаас гаргах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж шийдвэрлүүлээгүй, харъяа төрийн өмчийн газруудаас гаргуулах шийдвэр удаашралтай байна. Шаардлагагүй тохиолдолд өвчтөнг рентген  шинжилгээнд оруулах, давтан зураг авах, үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэх зөрчил дутагдал гарсаар байгаа нь эмнэлгийн эмч, ажилчдын цацрагийн хамгаалалтын талаарх мэдлэг сул байгаатай холбоотой байна. Эрүүл мэндийн байгууллагуудын техник технологийн шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүдэд шаардлагатай байгаа рентген оношилгооны аппаратыг ханган нийлүүлэхдээ тухайн эмнэлгийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгож, хангалт хийх шаардлагатай байна.