Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

“Радиобиологи, цацрагийн хамгаалал” сэдэвт олон улсын эрдмийн бага хурал зохион байгуулав

Монгол Улс болон ОХУ-ын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтийн Цацрагийн биологийн лабораторийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Радиобиологи, цацрагийн хамгаалал” сэдэвт ОУ-ын эрдмийн бага хурлыг Боловсрол шинжлэх ухааны яам, Цөмийн энергийн газар (ЦЭГ), ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ), Шинжлэх ухаан техникийн их сургууль (ШУТИС), МУИС-ийн физик электроникийн сургууль хамтран Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав.
 
Үйл ажиллагааг нээж Цөмийн энергийн газрын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр илтгэл тавьсан бөгөөд тус хурлаар радиобиологи, цацрагийн хамгаалалын хүрээнд тулгамдаж байгаа асуудал, судалгаа шинжилгээний мэдээ, мэдээллийг эмч мэргэжилтэн, судлаачдад хүргэх, харилцан солилцох, ололт амжилтаа цаашид бататгах зэргийг хэлэлцлээ.
 
Хаалтын хуралдаанд ЦШНИ-ийн Цацрагийн биологийн лабораторийн захирал, академич Е.А.Красавин уригдан ирж, орчин үеийн биологи, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн олон зангилаа асуудал, радиобиологийн суурь судалгааны хөгжил, түүний үр дүнгийн талаар эмч, эрдэмтэн, судлаачидтай уулзаж харилцан мэдээлэл солилцсондоо сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Цаашид ЦШНИ-ийн цацрагийн биологийн лабораторийн залуу эрдэмтэн, доктор О.Белов, тус лабораторид ажиллаж буй манай залуу эрдэмтэн М.Батмөнхтэй хамтран Монгол Улсад салбар сургууль байгуулах боломжийн талаар судалгаа хийх болсныг мэдэгдэв.
 
Хурлын үеэр МУИС, ФЭС болон ЭШУИС, Био-Анагаахын сургуулийн удирдлагууд цацрагийн болон квант биологи, түүний мэдээллийн технологид суурилсан математик, тооцоо дүрслэлт туршилтын чиглэлүүдээр хамтын сургалт явуулахаар санал нэгдлээ.