Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч орон нутагт ажиллалаа.

Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр болон ЦЦХГын улсын ахлах байцаагчид Увс аймгийн Боршоогийн хилийн боомт, аймгийн нэгдсэн эмнэлэг, гааль, нисэх буудал зэрэг байгууллагуудад ашиглагдаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийн ашиглалт, хадгалалтын аюулгүй байдалтай танилцав. Түүнчлэн Ерөнхий байцаагч Боршоо хилийн боомтын цацраг илрүүлэгч төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, тус төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх талаар холбогдох албан тушаалтан, байцаагч нартай санал солилцов.
 
Дашрамд дурдахад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд өндөр хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурж, санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх, холбогдох засвар үйлчилгээ үзүүлэх зэргийг багтаасан техникийн тусламжийг манай улсад үзүүлэх болсон.
 
Төсөл АНУ-ын Батлан хамгаалах Хоёрдугаар шугам Хөтөлбөрийн дагуу 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол улсын хилийн 15 боомтод нийт 83 төхөөрөмж суурилуулаад байна. Төслийн хүрээнд хилийн боомтууд дээр цацраг хэмжих төхөөрөмжийг суурилуулан, тогтвортой, найдвартай ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө манай орны хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.
 
Томилолтын хугацаанд Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын Ерөнхий байцаагч Увс аймгийн эмнэлэгийн рентген кабинетийн үйл ажиллагаа, компьютер томографийн аппарат суурилуулах өрөөний засвар үйлчилгээний ажилтай танилцав. Цөмийн энергийн газраас үндэсний оношлогоо эмчилгээний төвийн ажлыг эрчимжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг салбарын чиг үүргийн хүрээнд дэмжин ажиллаж, бүсийн эмчилгээ оношилгооны төвүүдэд нийлүүлэгдэх компьютер томографийн аппаратыг ажиллуулах аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын талаар заавар, зөвлөгөө өгөх, аппарат тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, техникч нарыг сургах, холбогдох хяналт шалгалт хийх ажлуудыг 2014 оны 1 улиралд багтаан хийхээр төлөвлөөд байна.