Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Ярилцлага

Я.Эрдэнэтуяа: Туяа эмчилгээгээр хорт хавдарыг бүрэн эмчлэх боломжтой

Я.Эрдэнэтуяа: Туяа эмчилгээгээр хорт хавдарыг бүрэн эмчлэх боломжтой

 
"Цацраг изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь" төслийн зохицуулагч, Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн их эмч Я.Эрдэнэтуяатай туяа эмчилгээний талаар ярилцлаа.
 
Туяа эмчилгээний талаар тодорхой ойлголт өгнө үү. Энэ чиглэлийн Олон Улсын төсөлд оролцож ажиллахын ашиг тус, үр дүнгийн талаар яриагаа эхэлье.
 
Туяа эмчилгээ нь хорт хавдарыг эмчилдэг эмчилгээний үндсэн хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цацраг идэвхт туяаг ашиглаад хорт хавдрыг эмчилнэ гэсэн үг. Хорт хавдартай хэсгийг эмчлэх, зайнаас эмчлэх, өвчтэй хэсгийн дотор тусгай багаж тоног төхөөрөмж байрлуулаад эмчлэх гэсэн олон хэлбэр байна. Түүнээс гадна зэргэлдээх эрүүл эд эрхтнийг зуун хувь хамгаалахын тулд л энэ туяа эмчилгээний салбар шинэчлэл хийж өөрчлөгдөж байгаа. Үүнтэй хөл нийлүүлэх зорилгоор бид Олон улсын энэ төсөлд оролцож байна.
 
Төслийн судалгаа ямар төрлийн хавдар эмчлэхэд чиглэж байгаа вэ?
 
Энэ судалгаанд бид 2012 оноос оролцож эхэлсэн. Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдар болон хөхний хавдарын чиглэлээр судалгаанууд хийж эхлээд байна. Эдгээр хавдар бол Mонгол Улсад зонхилон тохиолдож байгаа хавдаруудын тоонд ордог. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хавдар бол элэгний хавдарын дараа ордог, тархалт ихтэй хавдар. Хөхний хорт хавдарын хувьд тохиолдлын тоо нь ихсээд байгаа тул энэ судалгаандаа зайлшгүй оруулж  байгаа юм.
 
Иргэд гол төлөв хорт хавдарын хожуу үедээ оношлогоонд орж, эмлүүлэх тохиолдол бий. Тэгэхээр энэ жишгээс ангижирахад нөлөөлж, өөрөөр хэлбэл өвчлөлийн эрт үед нь оношлох тал дээр танай төслийн үр дүн харагдах уу?
 
Энэ судалгаа бол өвчлөлийг урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бүрэн эмчлэхэд зориулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өвчлөлтэй хэсгийг бусад эрхтэндээ үсэрхийлээгүй байхад нь эмчлэх гэсэн зорилготой. Тэгэхээр энэ бол таны хэлдэгчлэн хавдарыг эрт үед нь илрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд манай нөхцөлд маш их хэрэгцээтэй төсөл болж байна.
 
Туяа эмчилгээний үр дүнд дэлхий нийтэд хорт хавдарыг хэдэн хувьд нь эмчилж байна вэ?
 
Энэ бол нийт хавдартай өвчтөнүүдийн 60-70 хувьд нь хийдэг эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүхий л хавдартай хүмүүсийн 60-70 хувь нь ямар нэгэн байдлаар туяа эмчилгээнд ордог. Энэ эмчилгээ хавдарыг төгс эмчилнэ гэдэг утгаараа хийгдэнэ. Эсвэл ямар нэгэн мэс засал эмчилгээ хийлгээд хавдарыг нь бүтэн төгс авсаны дараа дахих эрсдэлээс урьдчилан сэргийлж хийдэг. Мөн ямар нэгэн мэс заслын эмчилгээний боломж байхгүй, ерөөсөө мэс засал эмчилгээ хийгддэггүй хавдаруудад бүрэн төгс эмчилнэ гэдэг утгаар хийгдэнэ. Нэгэнт хожуу үедээ орчихсон, газар авсан хавдарыг цус тогтоох, өвдөлт намдаах, бусад хүндрэлтэй байгаа шинж тэмдэгүүдийг нь бууруулах зорилгоор хөнгөвчлөх зорилгоор туяа эмчилгээ хийдэг.
 
Үр дүнгийн тухайд? 
 
Маш өндөр үр дүнтэй. Хэдийгээр эмнэлзүйд мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар ихээр нөлөөлөх боловч техникийн дэвшил туяа эмчилгээнд маш чухал байр суурийг эзэлдэг. Сүүлийн үед бүр мэс засал хийсэн юм шиг 100 хувь эмчилдэг туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүд бий болж байна. Бид 20 жилийн өмнө тухайн хавдараа эмчлэхийн тулд зэргэлдээх эрхтнүүдээ ямар нэгэн хэмжээгээр гэмтээдэг байсан. Туяа эмчилгээнээс болж гэмтсэн эрхтэн ихэнх тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орж, амьдралын чанарт нь нөлөөлдөг байлаа. Гэтэл өнөөдөр технологи сайжрахын хэрээр хүндрэлтэй байдлууд ард хоцорч байна. Яг л мэс засал хийсэн юм шиг тухайн хавдар нь ор мөргүй алга болж байна. Ийм хүчин чадалтай аппаратыг 2015 онд манай улс эх орондоо суурилуулна.
 
Тэгэхээр 2015 он гэхэд манай улс хорт хавдарыг цөмийн технологийн энхийн хэрэглээн дээр суурилж буюу мэс засалгүй аргаар эмчлэх боломжтой болно гэж ойлгож болох уу.
 
Болно. Өнөөдрийн түвшинд хорт хавдарын эмчилгээнүүдийг гол төлөв гадагшаа явж эмчлүүлж байгаа. 2015 онд гэхэд эх орондоо эмчлэх боломж бүрдэнэ.
 
Дэлхийн түвшний судалгаанд оролцохын тулд бүхий л нөхцөлөөр тэр түвшинд байх ёстой гэж ойлгож байна. Ийм үр дүнтэй төсөл дээр ажиллахад төр засгаас хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?
 
Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээл манай эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаатай холбогдуулан туяа эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл ч мөн хамрагдахаар батлагдсан байгаа. Үүнтэй холбоотой туяа эмчилгээний гурван хэмжээст тулгуурласан программ ирэхээр болж байна. Мөн туяа эмчилгээнд шаардлагатай зарим багаж хэрэгсэл ирнэ. Үүний дараа судалгаа бүрэн хэрэгжих боломжтой. Цөмийн технологийн анагаах ухаанд хэрэглэж  байгаа маш том жишээ бол туяа эмчилгээ юм.
 
Цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн алба
Х.Болормаа