Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Ярилцлага

Н.Баярсүх: Газар тариалангийн салбарт шинэ сорт гаргаж авах технологи нэвтрүүлж байна

Н.Баярсүх: Газар тариалангийн салбарт шинэ сорт гаргаж авах технологи нэвтрүүлж байна

"Мутацийн селекц ба тогтвортой хөгжил" төслийн зохицуулагч, Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүхтэй газар тариалангийн салбарт үр ашигтай технологи нэвтрүүлж байгаа талаар ярилцлаа.
 
Салбар бүрт шинэ дэвшилтэт технологиуд бий болгох зорилгоор цөмийн энергийн салбар олон улсын түвшинд болж буй үйл ажиллагаануудад оролцсоор байгаа. Танай хүрээлэнгийн хувьд одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
 
Азийн цөмийн хамтын ажиллагааны форумийн хүрээнд хэрэгжиж буй "Мутацийн селекц ба тогтвортой хөгжил" төсөлд манай хүрээлэн 2013 оноос эхлэн анх удаа оролцож байна. Энэ ажлын үр дүнд Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах зорилготой. Төсөл маань амжилттай хэрэгжсэнээр цөмийн технологийн энхийн хэрэглээнд шинэ дэвшилтэт технологи нэгээр нэмэгдэх юм.
 
Тухайлбал цөмийн технологийг ямар зориулалтаар, газар тариалангийн аль хэсэгт нь хэрэглэж байгаа вэ?
 
Дээрх сортыг гаргахдаа бид цөмийн технологи ашиглаж байгаа бөгөөд тэр дундаа гамма туяа, рентгений туяаг ашиглаж байна. Мутацийн селекцийн аргаар нэг шинэ сорт гаргаж авахад ойролцоогоор 10-14 жилийн хугацаа шаарддаг бөгөөд орчин үед молекул селекци ба молекул биологийн аргуудтай хослуулж чадвал 4-6 жилээр багасгах боломжтой. Манай улс энэ төсөлд оролцсоноор бусад 12 гишүүн орноос туршлага солилцох журмаар манай улсад хэрэгтэй, ашигтай генетикийн материалыг авах боломж бүрдэж байгаа. Энэ нь шинэ сорт гаргах хугацааг тодорхой хугацаагаар богиносгох юм.
 
Шинэ сорт гаргаж авах эх үүсвэр манайд бий юу, эх үүсвэр бий болох арга замын талаар ярих уу?
 
Манай орны хэмжээнд өнөөгийн байдлаар мутаци үүсгэх эх үүсвэр маш ховор байна. Тиймээс энэ төсөлд оролцсоноор бид өөрсдийнхөө материалыг цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын мутацийн селекцид ашиглаж байгаа хамгийн орчин үеийн цөмийн технологид нь шаруулаад, эх орондоо авчирч өөрсдөө судлах давуу талтай. Төсөлд орсны хамгийн гол ач холбогдол нь энэ.
 
Мутацийн селекцийн аргаар сорт гаргаж авах технологи манай улсын хувьд анхных биш байх. Энэ удаагийнх өмнөх арга технологиос ямар давуу талтай вэ?
 
Манай улс анх 1980 оноос мутацийн селекци дээр ажиллаж, гаргаж авсан сортоо газар тариаланд үр ашигтай хэрэглэж ирсэн туршлагатай. Зах зээлийн үеэс орхигдсон уг ажлыг бид Цөмийн энергийн газрын тусламж дэмжлэгээр 2008 оноос сэргээн явуулж байна. ЦЭГ-аас хэрэгжүүлсэн "МОН5021" төсөл дээр бид ажиллаж байгаа бөгөөд энэ нь хамгийн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх төсөл юм. Энэ төсөл нь  мутацийн чиглэлийн нэг төрлийн төсөл бөгөөд төслийн хүрээнд одоогоор молекул биологийн лаборатори байгуулаад ажиллаж байна. Нэгэнт молекул биологийн селекцийг хийж чадаж байгаа тул энэ лабораторийг түшиглээд төслийн хүрээнд селекцийн үе шатыг богиносгох боломж бүрдэж байгаа нь бас нэг давуу тал юм.
 
Төслийн эхний үр дүнд бий болсон сортыг хаана, ямар ургац дээр ашиглаж байгаа вэ?
 
Өнгөрсөн жил бид "МОН5021" төслийн хүрээнд бэлэн болсон эхний сортуудыг улсын сорт сорилтын албанд "Дархан 172" нэртэйгээр  шилжүүлсэн. Энэ сортын үр дүн 2-3 жилийн хугацаанд баталгааждаг бөгөөд эхний шатандаа улсын сорт сорилтын албанаас өндрөөр үнэлсэн. Энэ үнэлгээ бол бидний ажлын бүтээмжид маш үнэтэй хувь нэмэр болж байна.
 
Цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн алба
Х.Болормаа