Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Ярилцлага

Г.Дамдинсүрэн: Байгалийн түүхий эдийг цөмийн технологиор баталгаажуулдаг

Г.Дамдинсүрэн: Байгалийн түүхий эдийг цөмийн технологиор баталгаажуулдаг

"Нейтрон идэвхжлийн анализ" төслийн зохицуулагч, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Дамдинсүрэнтэй мэдрэх чадвар буюу элемент илрүүлэх цөмийн арга туршлагын талаар ярилцлаа.
 
"Нейтрон идэвхжлийн анализ" төсөл манай улсад хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ, ер нь энэ төслийн давуу тал болон нийгэм эдийн засгийн үр ашгийн талаар тодорхой мэдээлэл өгөх үү?
 
Монгол улсад 1960 оноос хойш "Нейтрон идэвхжлийн анализ"-ийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ чиглэлийн ажил нь улсын хэмжээнд биш судалгааны түвшинд явагдсаар ирсэн. Энгийн үгээр тайлбарлавал Нейтрон идэвхжлийн анализ гэдэг нь мэдрэх чадвар буюу элементийг илрүүлэх цөмийн технологийг нэвтрүүлэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл манай улсын гадаадад гаргаж буй бүтээгдэхүүн, байгалийн түүхий эдэд хэдий хэмжээний алт, мөнгө, зэс байгааг тодорхойлно гэсэн үг. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн асар их үр ашигтай. Тухайлбал, зэсийн баяжмалд гэхэд 1 грамм тонны агуулагатай мөнгийг илрүүлэхэд Монгол Улсад экспортод гарч байгаа татварын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгддэг нь "Нейтрон идэвхжлийн анализ"-ийн үр дүн.
 
Энэ удаагийнх өмнөх төслийн үргэлжлэл болох уу, эсвэл үйл ажиллагааны түвшин нь арай өөр байна уу?
 
Энэ удаагийн Азийн цөмийн хамтын ажиллагааны форумийн хүрээнд хэрэгжиж буй "Нейтрон идэвхжлийн анализ" төслийн чиглэл нь "Хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлж байгаа элементийг тодорхойлох" юм. Манай улсын хүнсний хэрэглээний дийлэнх хувь нь гаднаас импортоор авдаг тул хүнсний аюулгүй байдал зэрэгт "Нейтрон идэвхжлийн анализ"-ийг хэрэглэхэд манай улсад нэн тохиромжтой. Одоогоор Цөмийн судалгааны төв дээр бид хэд хэдэн стандартуудыг баталгаажуулж бэлдсэн байгаа. Тус стандартын дагуу ажиллахаар бол хэдхэн хоногийн дотор үр дүн нь гарах боломжтой.
 
Үр дүн нь яаж гарах вэ?
 
Энэ төслийн зорилго бол хүний эрүүл мэнд, байгаль орчныг хортой элементүүдээс хамгаалах. Хэрвээ тоног төхөөрөмж маань хэвийн хэмжээнд ажиллавал жил болгон тодорхой хэмжээний үр дүн гараад явна. Жишээлбэл, "Туул" голын хөрсний бохирдлыг яг юунаас болоод байгааг илрүүлэх, таслан зогсоох боломжтой. Хэрвээ биднийг дэмжээд тодорхой зорилго тавиад ажиллуулбал бид богино хугацаанд үр дүн гаргаж болно. Цөмийн энергийн газраас сүүлийн жилүүдэд эдгээр төсөл хөтөлбөрт маш их анхаарал хандуулж дэмжлэг үзүүлж байгаад хамт олныхоо өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
 
Х.Болормаа