Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Нийтлэл

Yes Nuclear, No Argal power

Өнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, интернэт бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20  жилийн дараа ч юм уу баригдах монголын цөмийн станцын хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт. 21-р зуун аль хэдий нь цөмийн байтугай анти материйн эрчим хүчний тухай ярьж, хүнийг хувилах эс хувилах нь техникийн биш гүн ухаан талаасаа л саатан, өдөртөө л өмнөх бүх үеийн хүн төрөлхтөний бүтээсэн хэмжээний нээлтүүд гарч байхад чулуун зэвсгийн үеийн үхрийн хатсан баасан түлш, бөх барилдах мэх, морь уургалах аргаа магтан дуулан суух нь ямар ёр вэ? Хамгийн багаар бодоход л цөмийн зэвсэгтэй, технологитой их ууртай түрэмгий 2 хөршийн дунд аргал түлсэн түлшээ магтаж суугаа ядуу эр эмийг гэгээрсэн ухаантанууд гэх үү арчаагаа алдсан эртний амьтадын үлдэгдэл зоо парк гэх үү? Үнэхээр л тийм их ногоон зүрхтэй, ногоон сэтгэлтэй юм бол ядаж л Заамар, Бороо, Шарын гол, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруу,уул ус голыг нь нүдэн дээр нь устгаж байгаа ирээдүйн биш өнөө цагийн аюул, дайсантайгаа шууд тулан зогсоодоггүй юм болов уу. Эсвэл аль 60-д онд баруунд моодноос гарсан `no nuclear` билэгдэл өдийд л монголд ирэв үү? Бүр муугаар нь бодвол Монголыг үеийн үед аргал түүж лаа асаасан агуйн хүнээр нь үлдээхийг хүссэн дайснуудын явуулга уу?
 
2001 онд Жибэнд хамт ажиллаж байсан серби эмч нар америкийн Б-2 үл үзэгдэгч бөмбөгдөгчийг Белградийн гудамжнаас Ака-р буудах гэж оролдож байсан тухайгаа яг л шоргоолжны үүрэн дээр хүн шээж байгаа мэт аймшигтай технологийн ялгаа байсан гэж чичирч хорсон ярьж байж билээ. Бид ч гэсэн шоргоолж мэт шээлгэхгүйн тулд ядаж байгаа уранаа олборлоод, баяжуулаад, болдогсон бол бүр цөмийн цахилгаан станц барьчихаад харин дараа нь тэр сурсан мэдсэн, чадсан технологио яаж ухаантай, болгоомжтой хэрэглэхээ, эсвэл бүр зогсоож дараагийн төвшиний технологи руу дэвшихээ яриж байхсан. Яг л Таван Толгойн ганц хүрзийг нь гаргаж ирээгүй, зөөгөөгүй, зараагүй нүүрснийхээ мөнгийг булаалдаж, хэрэлдэж, хараалдаж байгаа шигээ, хаана ч байгаа нь мэдэгдэхгүй баяжуулах үйлдвэр, хэзээ ч арабуудад зараад хаягдал болохоор нь авч ч магадгүй, авахгүй ч байж магадгүй түлшний төлөө өндөр боловсролт ногоон ухаант толгойныхоо хайран бүтээх цагийг дэмий их үрж байх шиг. Тун саяхныг болтол хүний зүйл үнэхээр л биологийн зүйл ёсоороо байгалийн шалгаралын хуулиар шигшигдэн хувьсаж ирсэн. Гэвч ойрмогхоноос хүний зүйлд тэр хууль үйлчилхээ больсон. Оронд нь технологийн шалгаралын хууль үйлчилж хэн сайн технологитой нь ялж, амьд үлдэж эсвэл илүү хөгжих болсон. Мунхаг би вээр тэр бүү хэл хомо сапиенсийн 2 дэд зүйл бий болсон гэж санадаг. Эхнийх нь high tech бүтээгчид, дараагийнх нь зөвхөн хэрэглэгчид. Эхнийх нь гар утас бүтээнэ, дараагийнх нь тэрүүгээр нь зөвхөн ярьна. Бүр гайхах ч үгүй. Америк, Япон, Герман, Солонгос, одоо дээр нь Хятад хүн хийлгүй яахав л гэж бодно. Хүний энэ 2 дэд зүйл асар богино хугацаанд байгалийн биш технологийн хурдаар салан холдож байна. 2 дахь бүлэгт орогсод 1 дэх бүлэгээ ялан дийлэх бүү хэл бараа турууг нь ч харах аргагүй холдон алсарч байна. Өнөөдөр Сомалид аяга ус атга будаа олох гээд амьтнаас доор өлбөрч байгаа хүнийг, Швейцарит анти матери бий болгон шинэ ертөнц бүтээж байгаа эрдэмтэнтэй биологийн нэгэн зүйл гэж хэлэх тун хэцүү. Харахад хүртэл өөр өөр. Идэх хоол, бодох бодол, таашаал дүргүйцэл хүрэх сэдэл нь хүртэл дэндүү хол. Тэрний оронд хонь чоно 2-г нэгэн зүйлийн амьтан гэвэл арай илүү бодитой. Хүний 2 дэд зүйл бодит болсон. Бид харин алинд орох гэдэг л сонин сайхан асуулт мөн. Бид бас ч бүр найдваргүй аргалын гал, лаа, сур элдэхтэйгээ хамт агуй шугуйд хаягдачихаагүй байна. Монгол эртнээсээ ухаалаг хүчирхэг угсаатан байсан. Тэгж хүний адагт үлдэх ёс ч байхгүй. Тийм учраас 300 жилийн уруудал доройтолоосоо дөнгөж хагас сэрж байгаа ч гэсэн Монголд 1-р дэд зүйлд орж болох эхлэлүүд байна. Дэлхий даяар тарсан генетик, биотехнологи, IT мэргэжилтнүүд, тэр бүү хэл цөмийн ба онолын физикчид, гайгүй математикчууд хүртэл хэдэн зуугаараа байна. Тэднээс монголдоо ирээд морин тэрэг жолоодоод явж байгаа нь ч байна. Тэд л Монголын найдвар, ирээдүй. Тэднийгээ хэрэглээд HIGH TECH хүний дэд зүйл рүү дөхөж чадвал тэр л монгол угсаатаны ирээдүй. Эсвэл хэзээ нэгэн цагт Азийн Сомали царайлаад цөмийн технологитой хөршүүдийнхээ монголоор дайрсан ачаа барааг нум сум, акагаар зэвсэглэн булааж идэж инээд өхөөрдлийг нь хүргэх гутамшигт ирээдүй гарцаа байхгүй. Би хувьдаа хүний түүхийн бичигдэж үлдсэн бүх үед хүчтэй сэтгэлтэй, ухаалаг явсан угсаатаны удам тул монгол хүн чадна гэж бат итгэдэг. 
 
Тиймээс энд тэнд эрдэм ном олсон ногоон шар нөхөд маань биднийг аргал, нүүрсний агуйн үе рүү бүү уруу татаасай гэж хүснэ. Харин ч HIGH TECH  хөгжил рүү төр засагаа уриалан үлгэрлэн залаасай гэж хүснэ. (нээрээ тэр гэрман, жибэндээ сурсан юм байдаг л юм бол) Атомтай хөршүүдийн дунд аргалын галтай үлдэхгүйн тулд, хүний доод дэд зүйл болон хомо сапиенсийн модноос мухардан устахгүйн тулд хүн бүр, дарга болгон, эрдэмтэн, бизнесчин бүр ухааран, хичээн ажиллаасай. Бид чадалгүй яахав, хэнээс юугаар дутдаг юм бэ. Монгол хүн чадна. Тэнгэр мэднэ.
 
 
Эх сурвалж: boldsaikhan.niitlelch.mn