Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас “Цөмийн аюулгүй байдлын ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг залуу эрдэмтэн, судлаачдын дунд зарлаж байна. ОУАЭА-аас “Цөмийн аюулгүй байдал: Тогтворжуулах ба бэхжүүлэх хүчин чармайлт” сэдэвт олон улсын бага хурлыг 2020 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулна. Хурлаар улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ОУАЭА-ийн цөмийн аюулгүй байдлын удирдамж, сайн туршлагуудыг дэмжих, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээнүүдийг боловсронгуй болгох талаар хэлэлцэнэ. (2019-05-23 07:22:00)

Ярилцлага

Цөмийн технологийг алгасч илүү сайн ирээдүй бүтээж чадахгүй

Цөмийн технологийг алгасч илүү сайн ирээдүй бүтээж чадахгүй

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд урьж ярилцлаа.
 
-Танай салбарын ой болж байгаа юм байна.Ойн баярын мэнд хүргэе. Цөмийн энергийн салбарын хөгжил, 50 жилийн түүхээс ярилцлагаа эхлэх үү? 
 
-Баярлалаа. Дэлхийд энэ салбар хөгжөөд 100 гаруй жил болж байгаа.Монголд энэ салбарыг хөгжүүлж эхэлснээс хойш 50 жил болж байна. Монгол Улс Олон улсын Атомын энергийн агентлагийн гишүүнээр элссэний 40 жилийн түүхэн ой энэ жил тохиож буй 2013 онд манай салбарын хамт олон амжилт ололтоор арвин байлаа.  Тухайлбал, цөмийн технологийг нэвтрүүлэх, нөгөө талаас бүс нутгийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох зэргээр үр дүнтэй ажиллалаа. Үүний үр дүнд Олон Улсын техник хамтын ажиллагааны газраас бидний ажилд үнэлгээ өгч, есөн сарын байдлаар 92 хувьтай гэж үнэлсэн нь бид дэлхийтэй эн зэрэгцэж, нэг зүгт харж байгааг харуулж байгаа юм. Үүнийг бид биш дэлхийн байгууллага үнэллээ.Монголдоо сайн ажиллаж байгаа учраас дэлхий биднийг үнэлсэн хэрэг.Энэ салбарт залуу насаа зарсан, судалгаа шинжилгээгээ зориулан ажиллаж байсан бүх хүмүүст ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
-Цөмийн энергийн газрын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Өмнө нь ийм газар байдаг гэдгийг ч бараг мэдэхгүй л байсан шүү дээ, иргэд. Таны хувьд энэ ажлыг авсанаас хойш цөмийн энергийн салбарт ямар ажлууд хийв?
 
-Энэ ажлыг аваад эхний өдрөөсөө нээлттэй ажиллах зарчмыг баримталсан.Байгууллагуудыг ажиглаж байхад нээлттэй хаалганы өдөрлөг гэж зохион байгуулаад байгаа.Бусад өдөр нь хаалттай байдаг юм шиг ярьдаг.Ер нь төрийн байгууллага өдөр бүр л нээлттэй ажиллах учиртай.Иргэд мэдэхгүй зүйлээ асуувал хэрэгцээт хариултыг өгдөг, үйл ажиллагааг нь буруутгавал өөрсдийнхөө ажлыг зөв талаас нь тайлбарладаг, хардвал харыг нь тайлдаг мэдээлэл өгөх ёстой бол хэвлэлийнхэнд түүнийг нь ямар нэг хүнд сурталгүйгээр өгдөг байх ёстой.Тиймээс иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагуудад нээлттэй ажиллая гэсэн уриалгыг гаргасан.Энэ маань нэг талаасаа үр дүнтэй болж байгаа.Гэтэл нээлттэй байна гэж хэлээд байхад нэг ч ирж уулзахгүй, хаалгаа хаагаагүй байхад онгорхой хаалгаар орж ирэхгүй атлаа шүүмжлээд байгаа хүмүүс бий.Тэр нь санаатай юу, санаандгүй юу гэдгийг бодох ёстой юм билээ.
 
ЭНЭ АЖЛЫГ АВААД ЭХНИЙ ӨДРӨӨСӨӨ НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАХ ЗАРЧМЫГ БАРИМТАЛСАН
 
-Монголд уран олборлож байна, цөмийн хог хаягдал Монголд булах нь ээ, төр засаг биднийг хордуулах нь гэх мэтээр танай салбарын талаархи сөрөг мэдээллүүд нийгэмд байна.Цөмийн энергийн газар байгуулагдсаныг эдгээр асуудалтай холбож ойлгоод байдаг. Ер нь цөмийн энерги гэж юу болох, ямар ямар салбарт ашигладаг талаар тодорхой ярихгүй юу? 
 
-Тавин жилийн өмнөөс цацраг идэвхит бодис, уран, газрын ховор элемент, цөмийн технологийг энхийн зорилгоор хэрэглэх гэж энэ салбар үүсч хөгжсөн, бас байгуулагдсан түүхтэй.Нэг өдөр гэнэтхэн босч ирээд л уран олборлох гэж яваад байгаа юм биш.Энэ хугацаанд цацрагийн аюулгүй байдлыг яаж хангах талаар өндөр төвшинд хүмүүсээ бэлдсэн байна.Маш олон чиглэлээр хүмүүс ажиллаж байна.Цөмийн технологийг зөвхөн уранаар төсөөлж болохгүй.Цөмийн технологийн энхийн хэрэглээ гэдэг зүйл дэлхий дахинд нэвтэрч, түүний аюулгүй байдлыг хөгжүүлэх гэдэг том соёл бий болж байна.Манайх уул уурхайн орон.Газрын хэвлийгээс гаргаж авсан энэ том баяжмал дотор хичнээн хэмжээний зэс байгаа юм, хэр зэрэг алт байгаа юм, бусад газрын ховор элементүүдийг цөмийн технологид суурилсан лабораторийн аргаар дотоод бүтцийг нь судалж байгаа.Тэгж судалсны дараа хэр хэмжээний алт зэс байгааг мэдэж, эдийн засагчид тооцооллоо хийгээд үнэ тогтоож дэлхийн зах зээл дээр зарж байгаа.Тэр мөнгө нь орж ирж Монгол Улс төсвөө бүрдүүлж байна.Юу хэлэх гээд байна вэ гэхээр, ма­най улс уул уурхайг дагасан эдийн засагтай орон учраас уул уурхайн баялгийг дагаж хэчнээн хэмжээний мөнгө орж ирэх вэ гэдгийн суурь дэвсгэр нь цөмийн физикийн салбар болж байгаа юм. Цаашлаад, хорт хавдар болон бусад өвчний оношлогоо эм­чилгээ, малын өвчний оношлогоо эмчилгээ, эм вакцин үйлдвэрлэл, хүнс болон үр тарианы шинэ сорт гаргах, авто зам болон барилгын салбарын чанарын хяналт, уул уурхайн салбарт хайгуулаас эхлэн ашиглалт хүртэл, боловсрол шинжлэх ухааны судалгаа, гэмт хэргээс сэргийлэх, илрүүлэх, онцгой байдал болон терроризмаас сэргийлэх гэх мэт улс орны бүхий л салбарт энэ технологийг хэрэглэдэг. Малчид хүртэл энэ салбарт тун ойрхон байж, үр шимийг нь хүртэж байгаа.Дэлхийн төвшинд хүмүүсээ бэлтгэхэд ч гэсэн цөмийн технологид суурилсан лаборатори, тоног төхөөрөмж хэрэгтэй.
 
Монгол Улс түүхийн арвин баялагтай улс орон.Түүхчид ч гэсэн олдсон ховор эд өлгийн зүйл, динозаврын ясыг гараар бариад насыг нь тогтоохгүй.Цөмийн технологид суурилсан лаборатори, тоног төхөөрөмжийг ашиглан насыг нь тогтоох, судалж шинжлэх ажлыг хийдэг.Зам чанартай баригдсан уу гэдгийг хаа таарсан газраа хагалж үзээд шалгадаг байсныг өөрчиллөө.Агаарын тээвэр хөгжиж байгаа улсын хувьд тэдний аюулгүй байдлыг цөмийн технологи ашиглан шалгаж байна.Таны хэлээд байгаа хог хаягдал хил гаалиар орж ирэх вий гэдгээс сэргийлж хил гааль дээр тоног төхөөрөмжийг нь байрлуулсан.Энэ мэтээр тоочоод байвал хүний энгийн амьдралд ч цөмийн технологи ашиглагддаг.Далайн гүнээс газрын гадарга хүртэл, газрын гадаргаас тэнгэр огторгуйн уудам хүртэл цөмийн технологийг хэрэглэж, хором бүр холбоотой байгаа учраас, түүнээс айж эмээх бус судалж, мэдэж, сайн талыг нь ашиглаж, саар талаас нь сэргийлээд явмаар байна.Манайх цөмийн зэвсэггүй гэдгээ зарлачихсан учраас цөмийн зэвсгийн асуудал, хог хаягдал оруулж ирэх асуудал огт байхгүй.Цөмийн хаягдлын эсрэг Ерөнхийлөгчийн зарлиг, хууль ч байна.Тийм болохоор аль болох дэлхийтэй хөл нийлүүлэх, хүссэн хүсээгүй өөрсдөө ашиглаж буй технологидоо нэгдэх шаардлага бидэнд байна.
 
-Эдгээр салбарт ашиглах техник, тоног төхөөрөмж хүрэлцээтэй юу.Тухайлбал, гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг шалгаж, хянах тоног төхөөрөмжийн асуудал байна шүү дээ?
 
-Цацрагийн хяналтын чиглэлээр бол тоног төхөөрөмж хангалттай байна.Японоос орж ирсэн машин болгоныг бид хянаж байгаа.Хэмждэг, хянадаг систем нь манайд байгаа учраас цацрагаар хордсон машин орж ирэх вий гэж айх хэрэггүй. Цөмийн энергийн газар хөрөнгө оруулж МУИС, ШУТИС, Улсын клиникийн төв эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг 30 гаруй лабораторийг чадавхжуулах, цөмийн энергийн хөгжлийн асуудалд хувь нэмрээ оруулж байна. 
 
-Энэ салбарт ажиллах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг вэ?Эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, шинэ боловсон хүчин бэлтгэх асуудлыг анхаарч байна уу?
 
-Нэн тэргүүнд анхаарч ажилладаг шүү.Манай агентлагт гэхэд 90 гаруй хүн ажиллаж байна.Тал нь цацрагийн хяналтын байцаагч.Бусад нь технологийн чиглэлийнх.Сүүлийн 50 жилд маш олон физикчдийг бэлдсэн.2000 гаруй физикч байгаа.МУИС, ШУТИС гэсэн сургуулиудад цөмийн физикчдийг бэлддэг.Япон, Солонгос, ОХУ, Канад, Америк, Францад мэргэжилтнүүдээ бэлтгэдэг.Хүний нөөцийн асуудалд анхаарч, маш сайн бэлтгэж байгаа.
 
-Олон улсын хамтын ажиллагааг хэр анхаарч байна. Сүүлийн жилүүдэд энэ салбар маш их анхаарал татаж, тэр дундаа таны дээр хэлсэнчлэн уул уурхайг түшиглэж гадны том төсөл хөтөлбөрүүд их хэрэгжиж байна шүү дээ? 
 
-Хэд хэдэн улс оронтой санамж бичиг үзэглэсэн.ОХУ, Америк, Хятад, Франц гэсэн улс орнуудтай гадаад харилцааг маш өндөр төвшинд хөгжүүлсэн.Энэтхэг гэсэн улсуудтай энхийн зорилгоор цөмийн технологийг хэрэглэх санамж бичигт гарын үсэг зурсан.Мөн хүмүүсээ сургах талаар хамтарч ажиллан, хүмүүсээ сургаж байна.
 
-Японы "Мицибүши", Франц­ын "Арева", Монголын "Мон-Атом" төрийн өмчит компаниуд ураны салбарт хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.Энэхүү гэрээ нилээд шүүмжлэл дагуулсан шүү дээ.Энэ хэр үр дүнтэй гэрээ вэ?
 
Дэлхий энэ салбарт түшиглэж хөгжиж байна шүү дээ. Шүүмжлэл, эсэргүүцэл бол эрүүл үзэгдэл.
 
-Аливаа зүйлийн сайныг ч хэлэх ёстой.Саарыг нь ярих хэрэгтэй.Энэ эсэргүүцэл зөвхөн Монголд байдаг юм биш.Дэлхийн аль ч улс оронд байдаг.Шинэ технологи, шинэ бүхнийг эсэргүүцдэг.Анх метрог эсэргүүцэж л байсан.Одоо ямар гайхамшигтай унаа болсон байна.Агаарын тээврийг муулж байлаа.Гэтэл дэлхий энэ салбарт түшиглэж хөгжиж байна шүү дээ.Шүүмжлэл, эсэргүүцэл бол эрүүл үзэгдэл. Япон, Франц гэсэн хүчирхэг гүрнүүдийн дэлхийн хэмжээний “Арева” болон “Мицибүши” корпораци технологи, туршлага, мөнгөтэйгээ орж ирж Төрийн өмчит “Мон-Атом” ХХК-тай хамтрах нь байна. Япон бол Азийн хүчирхэг эдийн засаг, Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэг.Францын Гадаад хэргийн сайд зочилж, дэлхийн томоохон компаниудын ерөнхийлөгчид ирж гарын үсгээ зурж байна гэдэг маш чухал.Энэ бол өмнө нь ирж манайхны тархинд эсрэг ойлголт суулгаад явсан зарим нэг хууль зөрчдөг, хамтарсан гэрээнийхээ үүргээ биелүүлдэггүй, үргэлжлүүлж Монголд ажиллах сонирхолгүй, мөнгө нэхээд суудаг компаниас зарчмын хувьд тэс өөр юм.Нөгөөтэйгүүр энэ бол хэн нь ямар оролцоотой ирээдүйд хамтарч ажиллах тухай зарчмын асуудал.Монгол Улс 34 хувиа үнэгүй эзэмшинэ.Франц, Япон нийлээд 64 хувийг эзэмшинэ.Дэлхийн улс орнууд бүгд эрчим хүчнээс хамааралтай байхад, эрчим хүч үйлдвэрлэдэг компаниуд бидэнд ийм санал өгнө, стратегийн түншлэл байгуулна гэдэг бол Монгол Улс стратегийн хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орон болох эхлэл тавигдаж байна гэсэн үг.Энд хувийн эрх ашиг байж болохгүй, худлаа реформ, хуурамч эх оронч зан байж болохгүй.Зарчим, хуулийнхаа дагуу явах ёстой.“Арева Майнз” компанийг би сайн эхлэл гэж харж байгаа.
 
-“Зөөвч овоо” орд дээр хамтарч ажиллах талаар яригдаж байгаа гэсэн.Энэ талаар тодруулахгүй юу.Ер нь Монгол Улс хэр хэмжээний ураны нөөцтэй байдаг бол?
 
-Энэ орд дээр хамтарч ажиллах талаар ярьж байгаа.Дэлхийн сүүлийн 10 жилд тогтоогдсон хамгийн том эдийн засгийн агуулгатай ураны нөөц буюу 50 мянган тонн ураны нөөц манайд бий.Энэ нөөцийг л эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриа үүсч байна.Өнгөрсөн жил бид улсын нөөцөд бүртгэж авсан.Бид гаднын компаниудад стандартын дагуу ажилла гэдэг үүрэг өгнө.Хэн дуртай нь хаа таарсан газраа очоод ухаад явж таарахгүй.“А” газарт ажил хийнэ гэж зөвшөөрөл авсан бол “Б” газарт очиж ажиллахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.Монгол Улс ураны таамаг нөөцөөрөө 1.4 сая гэж байгаа.Одоо бол батлагдсан нөөцөөрөө бол 140 орчим мянга.Өнөөдрийн байдлаар, 70 орчим лиценз байгаа.Хуучин 170 орчим ашиглалтын лиценз байсныг цөөрүүлсэн.Миний хувьд нэг жил болохдоо нэг ч лицензид гарын үсэг зурсангүй.
 
ЭНЭ БОЛ ЗӨВХӨН Н.ТЭГШБАЯРЫН ХИЙДЭГ АЖИЛ БИШ.ТЕГ-ААР ОРЖ САНАЛАА АВНА.ҮАБЗ-ӨӨР ОРЖ ҮЗҮҮЛНЭ. Н.ТЭГШБАЯР ДУР МЭДЭЭД ХҮНД ЛИЦЕНЗ ӨГЧИХДӨГ ЮМ ЕРӨӨСӨӨ БАЙХГҮЙ
 
-Монголд уран олборлох нь зөв, буруу гэж удаан маргаж байгаа.Энэ талаархи таны байр суурийг сонсвол?
 
-Уран гэхээр л хүмүүс болохгүй бүтэхгүй гэж ярих юм.Тэр бол зэстэй адилхан бүтээгдэхүүн.Уран олборлох нь зөв буруу гэх асуудал байхгүй.Угаасаа зөв.Олборлохдоо харин газрын дор уусган баяжуулах замаар олборлох юм уу, газрын гүний аргаар олборлох уу гэдгээ сонгох асуудал байгаа.Маш олон оронд уран олборлох уурхай ажиллаж байна.Эдийн засгийн хувьд ашигтай уурхай байгуулах, ордын тухай ярьж байгаа юм.Ямар эерэг нөлөөтэй вэ гэдгийг хэлэх юм бол зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах явцад маш их хэмжээний хүхрийн хүчил гарна.Тэр хүхрийн хүчлийг ураны уурхайд ашигласнаар зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргах, уран олборлох хоёр технологи эдийн засаг, санхүүгийн зөв хоршил болно.Өөрөөр хэлбэл, зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргахад бий болсон хүхрийн хүчлийг ураны салбар руу авч ашиглавал зэсийн эцсийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөнө.Дэлхийд өрсөлдөж чадахгүй байгаагийн цаана ийм л асуудал байгаа юм.Ураны салбарт хүчирхэг гүрний технологитой, санхүүгийн чадалтай, дэлхийн банк санхүүгийн байгууллагуудыг тэтгэх компаниуд ажилладаг.Тэднийг эх орондоо уриад, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэг нь Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадалтай улс болох стратеги ач холбогдолтой.Дэлхий дахин тэр чигтээ эрчим хүчээс хараат байгаа үед эрчим хүчний түүхий эд үйлдвэрлэсэн уран, мөн бүх зүйл цөмийн технологитой хамааралтай болж байгаа энэ үед ураныг гаргах нь стратегийн хувьд маш том давуу тал болж, нөлөө бүхий орнуудын тоонд орж дэлхийтэй өрсөлдөж хөгжих боломжийг бий болгож байгаа юм.Үе үеийн Сайд Нарын зөвлөлийн дарга нар, Ерөнхий сайд, сайдууд энэ салбарыг толгойлж ирсэн байна.Энэ бол ганцхан Монгол ч биш дэлхий даяар тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой гэдгийг харуулж байна.Яагаад энэ салбарыг заавал Ерөнхий сайд нь ахалдаг вэ.Ингэлгүйгээр аль нэг эрдэм шинжилгээний хүрээлэнд өгч болно шүү дээ.Гэтэл тэгдэггүй, тэгж болдоггүй салбар юм байна.Учир нь аливаа улс оронд энэ асуудалд ингэтлээ ач холбогдол өгч стратеги боловсруулдаг юм байна.Яагаад гэвэл бүх технологийн хаан нь цөмийн технологи учраас тэр.Бусад салбар бол улс болгон өөр өөрийн дүрэмтэй.Харин цөмийн технологийн салбар дэлхий даяараа нэг л дүрэмтэй.
 
-Дэлхийн хүчирхэг ком­паниудыг урьж ажиллахын тулд хууль эрхзүйн орчноо анхаарах учиртай.Хууль эрхзүйн орчин боломжийн байна уу?
 
-Гаднын компаниуд биднээс тогтвортой байдал гэсэн ганц зүйлийг л хүсч байдаг.Хууль эрхзүйн орчин мэдээж шинэчлэгдэх ёстой.Сая хууль эрхзүйн орчноо шинэчилсэн.Цөмийн энергийн салбарын хууль тогтоомжтой холбоотой гомдол санал гарахгүй байна гэдэг нь сайн хууль болжээ гэдгийг харуулаад байгаа юм.Гэхдээ улам сайжруулах талаар ажиллах ёстой.
 
-Гаднын компанийн үйл ажил­лагаанд хяналт тавих талд учир дутагдалтай ажиллаж байгаа гэх шүүмжлэл бий.Саяхан, Дорноговийн Улаанбадрах суманд гарсан асуудал байна?
 
-Учир дутагдалтай ажиллаж байна гэж харагдуулах хүсэл сонирхол багагүй олон хүнд байх шиг.Энэ аль эрт дүгнэлт нь гарч, дууссан явдал шүү дээ.Уранаас болж хүн мал хордоогүй гэдгийг тогтоочихсон.Би олон дахин тайлбар хэлж байна даа.Тайлбар өгөөд байхад л хардсаар байна.Бид ч олон нийтэд муу ойлгуулсан бололтой.Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан 34 байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд багагүй хугацаанд цаг наргүй ажилласан.Тугалнууд селени гэдэг бодисоос болж хордсон гэсэн дүгнэлтийг гаргасан.Тиймээс ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой.Ийм л асуудал болсон.Зөвхөн Н.Тэгшбаяр гэдэг хүн хэлээд байгаа юм биш.Энэ талаар мэргэшсэн, томилогдсон, албан ёсны дүгнэх, судлах шалгах эрхтэй олон улсын мэргэжилтэн, зөвлөх хүмүүс монголын болон олон улсын лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт гаргасан.Ер нь Монголд цөмийн энергийн салбар өрсөлдөх чадвартай байх нь өрсөлдөж чадахгүй байх нь хэнд хэрэгтэй юм.Энэ чухал салбарыг хөгжүүлэх нь Монголд хэрэгтэй болохоос зогсоох нь хэрэгтэй биш.Монголд боломжийн том төсөл ярихаар л дандаа болохгүй гэдэг талаас нь тайлбарлах хэсэг бүлэг байна уу гэж анзаарагдаж байгаа.Усан цахилгаан станцын асуудал ярихаар бүгд экологич болоод эсэргүүцээд зогсчихдог.Цацраг идэвхит бодисын тухай ярихаар бүгдээрээ цөмийн физикч болчихно.Төмөр замыг эсэргүүцнэ.Ажил хийх гэхээр л зогсоодог, эсэргүүцдэг байж болохгүй.Ямар нэг ажил хийж, харилцан ашигтай хамтарч ажиллаж болно шүү дээ.Мэдээж эрсдэлтэй талыг нь харах ёстой, ажил хийж, харилцан ашигтай хамтарч байж л бүтээнэ.Монголд цаг нь болоогүй, тэд чадахгүй гэдэг үг хэнд хэрэгтэй юм бэ.Лав л Монголд хэрэгтэй биш.Бидэнд хэрэгтэй биш.Төрийн ажил хийгээд сууж байгаа маань Монголчуудын төлөө, үр хүүхдийнхээ төлөө л сууж байгаа хэрэг.
 
-Нээлттэй ажиллаж чадах­гүй байгаагаас л энэ бүх шүүмж­лэл, буруу зөрүү ойл­голт үүсдэг.Тэгэхээр дээр хэлсэнчлэн нээлттэй ажилладаг тогтолцоогоо илүү ухаалаг болгох хэрэгтэй юм болов уу. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа ухаалаг төр гэдгийг л аль ч төрийн байгууллага, яам агентлаг анхаарах цаг болчихжээ? 
 
-Таньтай санал нэгдэж байна.Нэгдүгээрт нээлттэй байх.Энэ бол ухаалаг төрийн хамгийн чухал асуудал.Хоёрдугаарт, энэ салбарт ажиллаж байгаа бүх газарт стандарт л шаардана.Хэн нэг хүний дур зоргоор ажил явахгүй.Хэн нэгэн дур зоргоороо ажиллахгүй.Олон улсын стандарт, дүрэм журмын дагуу л ажлаа хийнэ.Ингэж чадвал манай салбар ухаалаг болно.Олон улсын агентлагаас гаргасан дүрэм журмаа дагаж байж манай салбар ухаалаг болох юм.Хүмүүст ажлаа ойлгуулах ёстой.Сайн муугаа ярилцаад явмаар байгаа юм.Манайх гэхэд цөмийн технологийн сайн нь юу юм.Сөрөг тал нь хаана байгаа юм гэдгийг таниулах учиртай.Сөрөг талаас сэргийлэх ажлыг маш сайн хийнэ.Нээлттэй байх, сөрөг талаа танилцуулах, тайлбарлах, дүрэм журмаа мөрдөх гэсэн гурван асуудлыг тулгын гурван чулуу шиг мөрдөж ажиллаж чадвал жинхэнэ ухаалаг төр болно.Ухаалаг төрийг бий болгохын тулд манай байгууллага нээлттэй, цомхон, шуурхай, үйл ажиллагаа нь тодорхой, авлига, хүнд суртлаас ангид ажиллах болно.Энэ бүхнийг бий болгохын тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ухаалаг төрийн талаархи зөвлөмжийг мөрдөж ажиллах болно.
 
-Энэ салбарын хөгжил гэрэлтэй, бид цөмийн технолог­ийн салбараа хөгж­үүлэх цаг болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ, тийм үү?
 
-Тийм. Хөгжлийн ирээдүй нь гэрэлтэй байна.Хаана их баялаг бүтээж байна, тэрний суурь хэрэглээнд цөмийн технологи ордог.Хаана хурдтай дэвшил байна тэнд цөмийн технологи хэрэгтэй.Манай улсын эрүүл мэндийн салбарт цацрагийн технологид суурилсан тоног төхөөрөмжийг 156 эмнэлэг, оношлогоог хоёр эмнэлэг, хавдар өвчний эмчилгээнд нэг эмнэлэг ашиглаж байна.Эмчилгээ үйлчилгээ авах гэж гадагшаа явж, гадны эдийн засгийг тэтгэдэг байсныг зогсоолоо.Ингэснээр гадагшаа гарах мөнгөн урсгалаа бид улсдаа үлдээж байна. Хүнс хөдөө аж ахуйд цөмийн цацрагийг ашиглан ургамлын шинэ сорт гаргаж авах, малын үүлдэр угсааг сайжруулах генетикийн судалгаа хийх, геологи уул уурхайн салбарт нүүрс, алт, мөнгө, зэс зэрэг үндсэн орд, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизикийн судалгаа хийх, боловсрол шинжлэх ухааны салбарт бол цөмийн технологийг сургалт, судалгаанд ашиглахаас гадна шинэ материал, технологи гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэх, аж үйлдвэрт болохоор архи, пиво, ундаа зэрэг лаазалсан бүтээгдэхүүний доторх агууламжийг ижил төвшинд байгаа эсэхийг цөмийн цацраг идэвхит изотопоор шалгадаг. Энэ мэтчилэнгээр бид бүх л салбарт энэ технологийг хэрэглэж байгааг дахин хэлье.Капитализмыг алгасч социализмыг бүтээхгүй.Түүнтэй адилхан цөмийн технологийг алгасч илүү сайн ирээдүй бүтээж чадахгүй.Цөмийн технологийн энхийн хэрэглээг маш сайн дэмжиж, хүмүүст сайн ойлгуулж, үүний үр шимийг авч, мэдэрч байж бид хөгжинө.Өндөр технологийн сайн талыг нь мэдэрч байж л муу талаас нь сэргийлнэ.Хадны мангаа гэж хүүхэд айлгадаг шиг цөмийн технологи муу гэж яриад байж болохгүй.
 
2013-12-27 13:22:25