Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Ярилцлага

М.Чадраабал: 2050 онд гэхэд цөмийн технологи хүн төрөлхтний ирээдүйг шийднэ

 
Цөмийн энергийн газрын Технологийн хэлтсийн мэргэжилтэн М.Чадраабалтай цөмийн технологийн өнөөгийн чиг хандлагын талаар ярилцлаа
.
-Дэлхийн улс орнуудын цөмийн технологийн өнөөгийн чиг хандлага ямар байна вэ?
 
-Цөмийн технологи хэрэглэдэггүй улс гэж бараг л байхгүй. Харин ямар хэмжээтэй, хэхэн хэрэглэж байна вэ гэдэг нь тухайн улсын хөгжлийн төвшнөөс хамаардаг. Орчин үед хөгжингүй орнууд энэ технологийг түлхүү хэрэглэж байна. Жишээлбэл, АНУ, Франц, Их Британи, Герман, Солонгосыг нэрлэж болно. Эдгээр улсад хэрэглэж байгаа технологиудын зарим нь манайхтай адилхан. Харин батлан хамгаалах болон сансар судлалын салбарт ашигладгаараа илүү. Мөн аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэж байгааг дурдах нь зүйтэй байх. 
 
-Хөгжингүй орнууд яль салбартаа энэ технологийг түлхүү ашиглаж байгаа юм бол?
 
-Дэлхийн нийтийн чиг хандлагаас харвал, хүн төрөлхтөн 2050 он гэхэд есөн тэрбум болно. Тэр үед хүнс, ус, байгалийн баялгийн нөөц хүрэлцэхгүй талдаа орно. Тийм учраас одоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ хэмжээг хүссэн хүсээгүй нэмэх шаардлагатай болно. Зарим улс энэ бэрхшээлийг шийдэхээр цөмийн технологийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цэвэр ус гаргаж авахад ашиглаж эхэлсэн байна лээ. Ялангуяа, далай тэнгисийн эргийн улс орнууд далайн усыг цэвэршүүлж, ундны ус гаргаж авахад цөмийн технологи ашиглахаар судалгаа хийж байгаа. Ер нь бол арабийн орнуудын 15000 үйлдвэр өдөрт 30 сая куб метр усыг жирийн аргаар цэвэршүүлж байгаа. Хэрэв цөмийн технологийг нэвтрүүлбэл энэ хэмжээг хоёр дахин нэмэх боломжтой болох юм. Энэ талын судалгаа дэлхий даяар нэлээн эрчимжиж байна. 
 
-Үүний дараа өөр ямар салбарыг дурдаж болох вэ?
 
-Устөрөгчийн үйлдвэрэлийг цөмийн технологиор хийж байгаа. Ер нь бол автомашины дараагийн түлш бол устөрөгч, эсвэл цахилгаан хангах төлөвтэй байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ хоёрын хооронд маш том өрсөлдөөн явж байгаа гэхэд болно. Гэдээ аль аль салбарт нь цөмийн технологи нэвтэрсэн. Жишээ нь, цөмийн цахилгаан станцыг ашиглаад устөрөгчийн үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж болдог юм. Ингэх нь эдийн засагт маш их ашигтай л даа. Одоо бол дэлхий дээр үйлдвэрлэж байгаа устөрөгчийн тэн хагасыг хөдөө аж ахуйд зориулж байгаа
 
-Тэгэхээр ирээдүйд нефть гэсэн автомашины түлшийг цөмийн технологи оролцсон ямар нэг түүхий эд хангах нь ээ?
 
-Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд цахилгаан хөдөлгүүртэй автомашины цэнэглэгч эх үүсвэр болох бололцоо бий. Өөрөөр хэлбэл. 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгаа АЦС-уудын тусламжтайгаар хүссэн үедээ автомашинаа найдвартай хангах боломжтой. Ер нь бол цөмийн технологи нэвтрээгүй салбар энэ дэлхийд ховор болж. Харин манайх л тодорхой хэмжээгээр хоцроод байна. Тиймээс сөрөг биш эерэг талыг нь бодож, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд ашигламаар байгаа юм. 
 
-АНУ цөмийн технологийг бусдаасаа түлхүү хэрэглэдэг юм байна. Ялангуяа сансар судлалд тлүү амжилттай ашиглаад байна уу?
 
-АНУ бага оврын цөмийн эрчим хүчний станц хөгжүүлэх хөтөлбөрөө баталсан байна лээ. Америкууд дөрвөн янзын технологи хөгжүүлж байгаа гэсэн. Эндээсээ хоёр нь шалгарч, төрөөсөө санхүүжилт авах боломжтой байгаа юм билээ. Энэ бага оврын станц нь олон талын зориулалттай л даа. Ер нь цөмийн эрчим хүчийг сонирхож байгаа улсуудыг хараад байхад хөгжил буурай, эрчим хүчний хэрэглээ багатай, томоохон  АЦС барихад эдийн засгийн хувьд боломжгүй дэд бүтэц хөгжил муутай байдаг. Тиймээс хөгжиж байгаа эдгээр оронд бага оврын АЦС тохиромжтой. Үүгээрээ дамжуулаад батлан хамгаалах, сансар судлалд томоохон үсрэлт хийх боломжтой болно. Жишээ нь, батлан хамгаалах салбарт л гэхэд цэргийн анги салбар, явуулын ангиудыг эрчим хүчээр найдвартай хангах зориулалттай байдаг юм. 
 
-Энэ технологи хүн төрөлхтний ирээдүй болоод амь насыг хамгаалж чадах уу?
 
-Дэлхий дээр биднийг тойроод 50 гаруй хиймэл дагуул эргэлдэж байдаг. Эдгээрийг найдвартай эрчим хүчээр хангана гэдэг бас л төвөгтэй асуудал. Эдийн засгийн хувьд өртөг ихтэй л дээ. Тиймээс АНУ өөрийн хиймэл дагуулын хөдөлгүүрийг цөмийн хөдөлгүүрээр тоноглох бодлого баримталж байгаа. Тус улсын эрх баригчид нэн тэргүүнд Америк тивд элбэг тохиолддог хар салхины шилжилт хөдөлгөөнийг хянаж байхын тулд цаг агаарын автомат удирдлагатай хиймэл дагуулуудаа цөмийн хөдөлгүүрээр тоноглох гэж байгаа гэсэн. Ирээдүйд хүн төрөлхтний мөнхийн мөрөөдөл болсон сансрын уудмыг нээх, цаашилбал, хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ эд баялгийн нөөц тодорхой хэмжээгээр шавхагдана. Тиймээс хүн төрөлхтөн сансарт аялахад бэлтгэх, тээврэлэгч пуужингуудыг цөмийн хөдөлгүүрээр тоноглох зэрэг алсын хараа сансрын тэргүүлэгч гүрнүүдэд байгаа юм. Өнөөдөр АНУ Ангараг гаригт ямар их анхаарал тавьж байгааг бодож үз л дээ. Өнгөрсөн онд “Сониуч” нэртэй роботыг тус гариг дээр буулгасан. Энэ роботыг цөмийн хөдөлгүүрээр тоноглосныг тэр бүр хүмүүс мэддэггүй. Удахгүй Ангараг дээр хүн буулгахаар сансрын гүрнүүд өрсөлдөж байна. Зорилго нь энэ гаригийн эд баялгийг хүн төрөлхтөн ашиглаж болох уу гэдэг л байгаа юм. 
 
-Энэ өндөр технолгиудаас Монголд нэвтрүүлэх боломжтой ямар технологи байна вэ?
 
-Манайд усыг дахин цэвэрлэж хэрэглэх гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, хаягдал усаа дахин хэрэглэх тал дээр муу. Тиймэс аж үйлдвэрийн хэрэгцээнээс гарч байгаа усыг боловсруулаад хөдөө аж ахуй болон бусад салбарт хэрэглэх боломж байгаа эсэхийг судалж байгаа. Үүнээс гадна Улаанбаатар хотын хэрэглээнээс гарч байгаа боихр усыг шүүж, ялгаж авсан бохирыг нь цацрагаар шарж хөдөө аж ахуйд бордоо болгож болох эсэхийг судлах хэрэгтэй. Энэ туршлагыг Одон улсын атомын энергийн агентлагаас Аргентин улстай хамтарч хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн юм шүү. Мөн малын удмын санг эрүүлжүүлэх зорилгоор вакцин үйлдвэрлэхэд ч ашиглах боломж бий. 
 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Х.Түвшинтөгс