Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Ярилцлага

Манай баг нобелийн шагнал хүртэхэд тэнд ажиллаж байлаа

Манай баг нобелийн шагнал хүртэхэд тэнд ажиллаж байлаа

Монголын цөмийн физикчдээс Олон Улсын Атомын Энергийн Агентлагт ажиллаж байгаад ирсэн тус агентлагийн Нобелийн шагналт багийн гишүүн Д.Орлохтой ярилцлаа.
 
-Монгол Улсаас Олон улсын Атомын энергийн агентлагт ажиллаж улмаар Нобелийн шагнал хүртсэн хүн бол та.ОУАЭА-т хэдий хугацаанд ажиллав.Ямар ажил хийж байсан бэ?
 
-Нобелийн шагнал авсан багийн гишүүн гэх нь зөв юм.2005 онд ОУАЭА Нобелийн шагнал хүртэхэд тэнд ажиллаж байх завшаан тохиолдсон хэрэг.Монгол Улсаас дөрвөн хүний нэр багтаж, Австрийн Вена хот дахь Төв байрных нь хананд дурсгалын самбарт нэрээ бичүүлж байлаа.
 
-Хаана ямар мэргэжил эзэмшиж, хэдийд эрдмийн зэрэг хамгаалав?
 
-Би онолын физикч мэргэжлийг хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод суралцаж эзэмшсэн.Сургуулиа төгсөөд эгэл бөөм, атомын физикийн чиглэлээр 25 жил судалгаа, практик хийжээ.2004 онд АНУ-ын Сиракузын их сургуульд их энергийн туршилтын физикийн чиглэлээр доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан.Эрдмийн ажил маань электрон-позитроны харилцан үйлчлэлийн дүнд лямбдаби хэмээх одоо ашиглаж буй хамгийн хүнд барионы судалгаа байв.Лямбда-би гэдэг бөөм нь протоны нэг кваркийг би кваркаар солиход үүсдэг бөөм.Харин масс нь протоноос ойролцоогоор тав дахин их.Энэ ажлыг алдарт Корнеллийн их сургуулийн хурдасгуур дээр төвтэй КЛЕО багийн ажлын хүрээнд хийж гүйцэтгэснээ дурсахад таатай байдаг.
 
-Докторын зэрэг хамгаалах гэж байхдаа нэг төслийг амжилттай гүйцэтгэхэд оролцож байсан гэл үү?
 
-Тийм ээ.АНУ-д докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийж байхдаа Фермийн үндэсний лабораторид БТэВ төслийн Черенковын детектор зохион бүтээх ажилд оролцож байлаа.Дараа нь ОУАЭА-т ажиллаж байхдаа цөмийн түлшний цикл болон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх талаар бүрэн сургалтад хамрагдаж, сургалтын практикийг Лос-Аламос, Селлафиелд зэрэг цөмийн том төвд хийсэн л дээ.
 
-Энэ агентлагт ажиллаж байхдаа дэлхий нийтийн анхаарал татсан Ирак, Иран зэрэг цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа болон атомын цахилгаан станцтай орнуудад ажиллаж байсан гэсэн.Та ажиллаж байсан орнуудынхаа цөмийн хөтөлбөрийг юу гэж үздэг вэ.Тэнд дэлхий нийт айж цочирдохоор зүйл байсан уу?
 
-Би ОУАЭА-т долоон жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн.Тус агентлагийн байцаагчид нууц хадгалах гэрээнд гарын үсэг зурсан байдаг тул ажлын шугамаар авсан мэдээллийг нийтэд дэлгэх эрх байхгүй.Гэхдээ манай олон нийт, иргэд энэ талаар мэдээлэл бага байдаг тул зарим мэдээллийг хүргэж болох юм.Гэхдээ дэлхийд нээлттэй мэдээллээс иш татъя.Ирак цөмийн зэвсгийн том хөтөлбөртэй байсан.1990-1991 оны Персийн булангийн дайны дараа ОУАЭА-ийн хяналт дор энэ хөтөлбөрөө зогсоосон.Харин Ираны хувьд Америкийн ТТГ-ын мэдээллээр 2003 он хүртэл цөмийн зэвсгийн программтай байсан гэж үздэг.Барууны зарим улс одоо болтол энэ хөтөлбөрийн хэсэг далд үргэлжилж байгаа гэж үздэг юм билээ.Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хэд хэдэн хориг Иранд үйлчилдэг нь тухайн улсын эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлсээр байна.Иранд явж байхад уг хоригийн “эерэг” тал харагдаж байлаа.Тэр нь импортоор авах бараа, бүтээгдэхүүнд тавьсан хориг ихтэй тул өргөн хэрэглээний барааны ихэнхийг эх орондоо үйлдвэрлэж байсан.Харин долоо хоногийн өмнө Иран улс цөмийн зэвсэгтэй таван орон, Европын холбоотой хамтран түүхэн хэлцэлд хүрч, зургаан сарын дунд хугацааны гэрээ байгууллаа.Энэ гэрээ амжилттай хэрэгжвэл Иран улс өөрийн цөмийн судалгаагаа зөвхөн энх тайвны зорилготой гэдгээ дэлхий нийтэд харуулах боломж олдох юм.
 
-Таны одоогийн хашиж буй алба бол ЦЭГ-ын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгч.Энэ лабораторид Монгол Улсын хэчнээн байгууллагынхан бараа бүтээгдэх үүнээ шинжилгээнд хамруулдаг юм бэ?
 
-Зарим дээж хяналтаар дамжин ирэхдээ тусгай кодтой байдаг болохоор байгууллагын тоо гаргана гэхэд түвэгтэй.Ер нь энэ онд гэхэд эх орны болон импортын хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, уул уурхай, ашигт малтмалын дээж гээд 2000-аад дээжид цацрагийн шинжилгээ хийжээ.Мөн экспортоор гаргаж байгаа бараа, материалд хяналтын шинжилгээ хийдэг.Монголд цацрагийн үүсгүүр ашиглаж, хэмжилт хийдэг бүх газар манайхаар дозиметрүүдээ баталгаажуулдаг.Тэгэхээр цацраг идэвхт үүсгүүр ашиглаж байгаа лаборатори, эмнэлэг гээд манай улсын бүх байгууллага манай лабораторийн үйлчлүүлэгч гэсэн үг.
 
-Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн эрхлэгчээс энэ асуултыг асуухгүй өнгөрч болохгүй байх.Фүкүшимагийн ослын дараа манай улсад цацраг идэвхт бодист бохирдсон олон автомашин оруулж ирсэн.Одоо байдал ямар байгаа вэ?
 
-Одоо ч гэсэн орж ирсээр л байгаа.Энэ сард гэхэд хоёр машинаас цацраг идэвхт бодисын бохирдол илэрлээ.Японы ЭСЯ-ны Консулын газраас виз авч байгаа иргэдэд манай ЦЭГ-аас сануулсаар байтал автомашины ченжүүд ашгаа боддог юм уу, бохирдсон машин импортолж чирэгдэл учруулсаар байгаа нь харамсалтай.Манай ажилтнуудыг хяналтын хэмжилт хийх үед ченж гэх зарим хүн дарамтлах, автомашинаа хяналтгүйгээр гаалийн талбайгаас гаргахыг оролдох зэрэг явдал ч гарч байсан.
 
-Хилээр оруулж ирж буй автомашинаас өөр бараа материалд шинжилгээ хийдэг гэсэн.Тэдгээр бүтээгдэх үүнээс цацраг идэвхт бодис илэрч байв уу?
 
-Автомашин гэлтгүй манай улсын хилээр мөрийтэй тоглоомд ашиглах зорилгоор цацраг идэвхт изотопоор тэмдэглэсэн шоонууд оруулж ирснийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, манайд шинжлүүлэхээр ирүүлж байсан.Тэр шоогоор тасралтгүй 10 цаг тоглоход цацрагтай харилцаж ажилладаг мэргэжлийн ажилтнуудын нэг жилд авч болох зөвшөөрөгдсөн тунг авна гэсэн үг.Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоосноор олон хүнийг цацрагийн эрсдэлээс аварсан.
 
-Монголчууд цацраг идэвхт бодис, уран гэхээр дэлхий нийтийг түгшээж байгаа зүйл хэмээн айдаг шүү дээ.Гэтэл Засгийн газар маань ураныг шар нунтаг хүртэл хэмжээнд олборлохоор үйл ажиллагааныхаа чиглэлд тусгасан.Цөмийн физикч хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
 
-“Монголчууд цацраг идэвхт бодис, уран гэхээр дэлхий нийтийг түгшээж байгаа зүйл хэмээн айдаг” гээд та яг оноод хэлчихлээ.Дэлхий нийт түгшээд байгаа бус, харин манайд дэлхий нийт түгшээд байна шүү гэсэн сурталчилгаа нь илүү яваад байгаа юм.Үүнийг туйлшрахгүйгээр бодит баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх нь манай байгууллагын үүрэг.Уран олборлохыг эсэргүүцэгчид бодит баримтад тулгуурлалгүй, хүм үүсийг сэтгэлийн хөөрлөөр татах популист бодлого баримталж, эх орноо гэсэн хүмүүсийг төөрөгдүүлж байгаа гэж би үздэг.Энэ нь нэг их алсын хараатай бодлого биш л дээ.Харин цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах нь эдийн засгийн, стратегийн ямар ашигтай, үйлдвэрлэлийн үед ямар эрсдэл гарч болох, түүнээс яаж урьдчилан сэргийлэх талаар цогц мэдээллийг олон нийтэд хүргэснээр ухамсартай сонголт хийх боломж бүрдэх юм.
 
-Улаанбадрах суманд цацраг идэвхт бодисын хордлого байна хэмээн нэг хэсэг шуугьсан.Бас Японы хэвлэлээр Монголд цөмийн хаягдал булшлах гэж байна хэмээцгээж байгаа.Үнэхээр тийм гэрээ хийсэн зүйл байна уу?
 
-Улаанбадрах сумын малчин Норс үрэнгийн олон тугал үхсэн шалтгаан цацрагаас үүдэлтэй биш гэдгийг 2013 оны нэгдүгээр сарын 14-нд улсын байцаагчийн дүгнэлтээр батлан хүргүүлсэн.Гэтэл уг асуудлыг улстөржүүлэн, улсын зарим байгууллагыг дарамтлан эцсийн бус дүгнэлтийг олон нийтэд цацуулах зэргээр даамжирсан тул Ерөнхий сайдын 47 тоот захирамж гарч, Ажлын хэсэг томилсон. Ажлын хэсэгт 34 байгууллагын 87 ажилтан оролцож, 418 хүн ажиллан, давхардсан тоогоор 373 дээж авч, гадаад, дотоодын найман лабораторид шинжлүүлсэн юм шүү дээ. Ингэж байж 200-гаад хуудас тайлантай эцсийн дүгнэлт гаргасан. Энэ тайланг уншиж, танилцаагүй байж, телевизээр байсхийгээд ярьдаг, Ерөнхий сайдыг Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргахад хүргэсэн ажлыг зохион байгуулагч нэг идэвхтэн “Кожеговь”-ийг өмөөрсөн дүгнэлт байна, их мөнгө заржээ. Үүгээрээ нутгийн ард иргэдэд ямар нэг юм аваад өгчихгүй дээ“ гэж яриад сууж байна билээ.
 
-Өмнөд, хойд хөршийнхөн маань хил дагуу Цөмийн цахилгаан станц барьж байна гэсэн мэдээлэл байдаг.Тэд манай улсыг цахилгаан эрчим хүчний хараат байдлаасаа гаргахгүйн тулд ийм алхам хийж байна гэж үзэх хүн байна.Манайх үүнээс нь урьтаад барьж болдоггүй юм болов уу.Засгийн газар үйл ажиллагаандаа юу гэж тусгасан бол?
 
-Шинэчлэлийн Засгийн газар Цөмийн цахилгаан станц барина гэж хөтөлбөртөө тусгаагүй.Хойд, урд хөршүүд өөрсдийн эдийн засгийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрээ олон хувилбартай байлгах зарчимд тулгуурлан, Цөмийн цахилгаан станц шинээр барихаар төлөвлөсөн.Тус станц нь органик гаралтай түлшний нөөц дуусахад цахилгаан гаргах ганц найдвартай эх үүсвэр болж үлдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Нар, салхины эрчим хүчийг ихээр ашиглаад эхэлмэгц уур амьсгал, хүрээлэн буй орчин, амьд бодьгалд үзүүлэх нөлөө ямар их болох талаар хийсэн судалгаануудыг манай “ногоон”-ыхон анхааралдаа сайн авахгүй л байгаа юм. Манай улсын хувьд нүүрсээ шатаагаад, утаагаараа хордоод яваад байхад үзүүлэх нөлөөг яриад цочроо нэг их авахгүй л байна.Бас цацрагаар айлгагчдад хэлэхэд, Дулааны цахилгаан станцын орчиндоо ялгаруулж буй утаа, үнснээс гарч байгаа цацраг идэвх Цөмийн цахилгаан станцынхаас хэдэн 10-аас олон зуу дахин өндөр гэдгийг наад захын хэмжилт, тооцоо харуулдаг.
 
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
2013-12-02 12