Монгол Улсын Цөмийн энергийн энергийн газар /хуучнаар/, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпораци хооронд байгуулсан “Мэргэжилтэн бэлтгэх тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ОХУ-ын их дээд сургуулиудад (цөмийн технологи, цөмийн физик, цөмийн эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр) жил бүр оюутнуудыг шалгаруулж, ОХУ-ын Атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэтгэлгээр суралцуулдаг. (2019-02-20 06:29:00)

Цөмийн эрчим хүчний хэрэглээ

Манайд одоогоор хараахан ашиглагдаж эхлээгүй байгаа ч сүүлийн үед багагүй маргаан шуугианд өртөөд, эсэргүүцэлтэй тулгараад байгаа цөмийн эрчим хүчний тухай товчхон авч үзье.Юуны түрүүнд цөмийн эрчим хүч, цөмийн цахилгаан станцын тухай асуудал яагаад манай оронд яригдаж эхлэнгүүт ийм маргаан шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй тулгарах болов гэдгийг ул суурьтай судалж үзэх хэрэгтэй.Энд нэлээд хэдэн хүчин зүйлс байх шиг санагдана.Цөмийн зэвсэгтэй холбоотойгоор цөмийн технологийн болон цөмийн материалын цөөнгүй асуудал дэлхий даяар нууцлагдаж байдгаас болоод олон нийтийн дунд цуу яриа тархах, хардалт, сэрдэлт төрөх, үл итгэх, айдас үүсэх явдал байна.Үүнийг залруулахын тулд нууцлах шаардлагагүй зүйлсийг ард түмэнд ил тод болгож, мэдээллийн хомсдолыг арилган, үнэн бодит байдлыг зөв таниулан ойлгуулах нь маш чухал.Нөгөөтэйгүүр, олон нийтийн мэдлэг дутууг далимдуулан мэдээллийн хомсдолын орон зайг сөрөг буюу зориуд гуйвуулсан мэдээллээр дүүргэж, ард түмэнд айдас төрүүлж, түүндээ дөрөөлөн улс төрийн буюу эдийн засгийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн санаархал, оролдлого байгааг үгүйсгэх аргагүй.Ийм зүйл байгааг улс төрийн сонгуулийн үеэр эрс идэвхждэг зарим үйл ажиллагаанаас харж болохоор байсан.
 
Амьсгалахад бэрх болсон Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа тоосны тухай, гадаад, дотоодын компаниуд нүүрс, нефть олборлож тээвэрлэх явцдаа газрын хөрс, байгаль орчинг сүйтгэж байгаа тухай, улс төрчидтэй холбоо сүлбээтэй баян компаниуд голын ай сав газарт алт, хайрга олборлож, урсгал цэвэр усны эх, ундаргыг бохирдуулж байгаа тухай огт ярьж тэмцэхгүй шахам байж цөмийн хаягдал оруулж ирэх гэж байна гэж цуурхал дэгдээж, улс орны хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй баймаар цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэж байгаа улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн зорилго ойлгомжгүй байна. Цөмийн хаягдлыг манай улс гадаадаас хоёр хөрш орны нутаг дэвсгэр дээгүүр мэдэгдэхгүйгээр, Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтгүйгээр оруулж ирэх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдмээр л юм.Манайд цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станц барих нь үнэхээр тийм эрсдэл ихтэй, аймшигтай зүйл мөн үү гэдэгт хариулахын тулд янз бүрийн суртал ухуулга, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр бодит баримтыг шинжлэх ухааны үндэстэй авч үзэх хэрэгтэй. 1954 онд анхны цөмийн цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний 14% орчмыг үйлдвэрлэж байна. Үүнээс гадна усан хөлөг онгоц болон усан доогуур явдаг том хэмжээний завь зэрэг хөдөлгөөнт байгууламжуудад 180 реактор ажиллаж, тэдгээрийг эрчим хүчээр хангаж байна.
 
1986-04-28-нд Украин улсын Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш дэлхий даяар ажиллаж буй цөмийн цахилгаан станцуудад хүний хүчин зүйлээс үүдэн осол гарах боломжийг хааж, олон давхар хяналт, хамгаалалтын системийг нэвтрүүлснээс гадна цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи хөгжин асар өндөр түвшинд хүрсэн.Орчин үеийн цөмийн цахилгаан станцад нэг жилд осол гарах магадлал саяны нэг болсон гэж үздэг.Энэ бол мянган станц мянган жил ажиллахад нэг удаа осол гарч магадгүй гэсэн үг.Японы Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад 2011-03-11-нд гарсан ослыг жишээ болгон манайд цөмийн эрчим хүч ашиглах болоогүй гэж зарим хүмүүс яриад зогсохгүй Монголд ерөөсөө хэрэггүй зүйл гэж үзэгчид ч байна.Фүкүшимагийн станцад осол гарсан гол шалтгаан нь газар хүчтэй хөдлөлтөөс үүдэлтэйгээр далайд маш өндөр цүнами үүссэнтэй холбоотой.Газар хөдлөлт өөрөө цөмийн цахилгаан станцыг эвдрэлд хүргээгүй бөгөөд станц өөрөө автоматаар унтрах горимд орсон.Японд байнга газар хөдөлж байдаг учир станцууд нь энэ үзэгдлээс сайтар хамгаалагдсан байдаг юм. Гагцхүү далайн уснаас хамгаалах далангийн өндөр 10 м-ээс хэтрэхгүй байсан учир цүнамийн 14 м орчим өндөр давалгаа түүнийг давж, цөмийн цахилгаан станцын доод давхарт ус орж, цахилгаан хангамжийн системийн ажиллагаанд саатал үүсч, реакторын хөргөлтийн систем болон удирдлагад  доголдол гарч осолд хүргэсэн билээ. 1970-аад онд баригдсан уг станцын эд ангиуд ихээхэн хуучирсанаас гадна Чернобылийн ослоос өмнөх үеийн технологиор баригдсан тул орчин үетэй харьцуулахад зарим зүйл нь нэлээд хоцрогдсон байсан нь осолд хүргэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Орчин үеийн дэвшилтэт технологиор баригдсан станцад тийм үр дагавартай осол гарах үндэсгүйгээс гадна цүнами үүсэх далай байхгүй манай орны хувьд Фүкүшимагийн ослоор “хадны мангаа” хийж олон нийтийг айлгах нь утга муутай хэрэг.
 
Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хүчин зүйл, эрсдэлийн тухай яривал шинжлэх ухааны баталгаа, нотолгоонд тулгуурлах хэрэгтэй.АНУ-ын судлаач мэргэжилтнүүдийн гаргасан мэдээлэл дүгнэлтээр хүний амь насанд аюултай хүчин зүйлүүдийг эрэмбэлэн жагсаахад нэгдүгээрт тамхи татах, хоёрдугаарт архи уух, гуравдугаарт автомашин жолоодох оржээ. Цааш нь уг жагсаалтыг үргэлжлүүлбэл: галт зэвсэг, цахилгаан хэрэглээ, мотоцикль, усанд сэлэх, мэс засалд орох, рентген туяагаар зураг авахуулах, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, томоохон барилга байгууламж, унадаг дугуй, ан гөрөө, ахуйн гэмтэл, гал команд, цагдаагийн ажил, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл, иргэний нислэг гээд хорьдугаарт цөмийн эрчим хүч оржээ. Үнэхээр амь насанд аюултай эрсдэлээс татгалзах гэж байгаа бол юуны түрүүнд тамхи татах, архи уух, автомашин хөлөглөх зэрэг арван есөн зүйлээс татгалзаж байж цөмийн эрчим хүчний тухай ярих ёстой болж байна.Осол болоход амь эрсэдсэн хүний тоог авч үзвэл бүр тодорхой зүйл харагдана.Жишээлбэл, зорчигч тээврийн нэг усан онгоц сүйрэхэд мянгаар тоологдох, нэг нисэх онгоц сүйрэхэд зуугаар тоологдох хүний амь үрэгддэг.Үүнээс болоод хүн төрөлхтөн эдгээр тээврийн хэрэгслээс татгалзаагүй.Хамгийн их шуугиан дэгдээж, хор уршиг тарьсан гэгддэг Чернобылийн ослын үеэр 28 хүн цацрагийн улмаас, 3 хүн өөр шалтгаанаар амь эрсэдсэн.Энэ тоон баримтыг найдвартай гэгддэг бусад цахилгаан станцад гарсан ослын үр дагавартай харьцуулж болно.Тухайлбал, 2009-08-17-нд ОХУ-ын Саяно-Шушенскийн усан цахилгаан станцад гарсан ослоор 75 хүн амь үрэгдсэн.Тэнд ажиллаж байгаад амьд үлдсэн цөөн хүмүүсийн авхаалж самбаа, амь хайргүй баатарлаг үйл ажиллагааны үр дүнд уг эвдэрсэн блок руу орж байсан усыг хаасан юм.Хэрэв тэгж чадаагүй бол усан сангийн далан эвдэрч, урсгалын дор байсан хот тосгод усанд автан ямар аюулд хүрэх байсныг төсөөлөх аргагүй.Дулааны цахилгаан станцад ч осол гарч хүний амь сүйдсэн тохиолдол олон байдаг.Саяхан л гэхэд 2013-03-29-нд Украинд дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж, уг станцын 4 блок бүгд эвдэрч, барилга байгууламж нь түймэрт шатаж, хүний амь сүйдсэн эмгэнэлт явдал болсон.Бодит үнэн баримт ийм л байна.
 
Цөмийн цацрагийн хэт өндөр тунгаар шарагдсанаас болж хүний амь нас шууд хохирч болохоос гадна үр удамд нь нөлөөлөх магадлал байдаг нь үнэн.Ийм нөлөөллийг мутаци (латинаар өөрчлөлт гэсэн утгатай үг) гэдэг ойлголтын дор авч үздэг.Мутаци нь генийн ба хромосомын гэж хоёр төрөл байдаг.Цөмийн цацрагийн нөлөөгөөр эдгээрийн аль нь ч үүсэх магадлалтай.Гэхдээ дэлхийд хийгдэж буй судалгааны дүнгээс харахад цөмийн цацрагийн үйлчлэлээр үүссэн гэж баттай үзэж болох мутаци ховор бөгөөд түүнийг мутаци буй болгодог бусад хүчин зүйлээс ялган тогтоох амаргүй. Тухайлбал, 1945 онд АНУ-ын атомын бөмбөг дэлбэрсэн Японы Хирошима, Нагасаки хотуудын оршин суугч,  цөмийн цацрагийн харьцангуй их тун авсан байх магадлалтай эцэг, эхээс төрсөн 27000 хүүхдийн дунд цацрагийн мутаци болсон байж магадгүй тохиолдол хоёр л гарсан байна. Үүнийг яг цөмийн цацрагийн нөлөө мөн үү, эсвэл өөр хүчин зүйл байсан уу гэдгийг ялгах бараг боломжгүй.Ердийн үед ч гэсэн Дауны хам шинжтэй буюу оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дэлхийн аль ч улсад төрдөг шүү дээ.Түүнээс гадна дээрх хотуудын оршин суугч, цөмийн цацрагийн харьцангуй бага тун авсан эцэг, эхээс төрсөн мөн 27000 хүүхдийн дунд мутаци болсон байх магадлалтай хүүхэд нэг ч гараагүй байна.Бодит баримт ийм байхад манай зарим телевизээр цөмийн цацрагаас болж гажигтай хүүхэд олноор төрдөг мэтээр ярьж, хаана хийсэн, яаж монтажилсан нь тодорхойгүй, аймшгийн гэмээр киног хэн нэгний захиалгаар гаргаж, олон нийтийг үймүүлж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал мөн.
 
Цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцдэг буюу дэмждэггүй зарим хүн манайх нүүрсний их нөөцтэй тул нүүрс түлэн ажилладаг дулааны цахилгаан станц нэмж барих замаар Улаанбаатар хот болон улсынхаа цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж болно гэдэг.Гэтэл манай хот, суурин газруудын утаа, агаарын бохирдол байж болох норм хэмжээнээс хэд дахин их болоод удаж байна. Түүнээс гадна манай нүүрсэнд агуулагдаж байдаг уран шаталгүй үлдэн, утаа тортгоор агаарт тарахаас гадна станцын гадаа хураагдсан үнсэнд жил бүр тонноор хэмжигдэх уран нэмэгдэн хуримтлагдаж, байгаль орчноо бохирдуулж байгааг мэргэжлийн бус хүмүүс  мэдэхгүй байх шиг байна. Хотын агаарын бохирдлын улмаас ойрын ирээдүйд хэдэн хүн уушги, зүрхний эмчлэгдэхгүй өвчтэй болохыг төсөөлөх аргагүй.Мөн шинээр төрж буй нярайн эрүүл мэнд, өсөлт бойжилтод агаарын бохирдлын нөлөө хэр байгааг яаралтай нарийн судлан тогтоож, ил тод мэдээлэх хэрэгтэй.Энэ асуудлыг шийдэлгүй алгуурлаж, үнэн баримтыг нуун дарагдуулвал ард түмнийхээ эсрэг гэмт үйлдэл хийсэн гэхээс өөр аргагүй болно.Орчин үеийн технологиор баригдсан цөмийн цахилгаан станцаас элдэв хорт бодис, утаа тортог, үнс ялгарахгүй учир байгаль орчинд харьцангуй илүү ээлтэй.Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор 1 сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг.Манай 4-р ДЦС жилд дунджаар 3.5 сая тн нүүрс түлдэг гэвэл өдөрт тус бүр 50 тн даацтай 200 вагон нүүрс шаардагдана.Гэтэл энэ хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд жилд 3.5 тн буюу хоногт ойролцоогоор ердөө 10кг цэвэр уран зарцуулагдана.Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг дагаад орчин үед хөгжиж буй орнууд яагаад цөмийн эрчим хүчийг ашиглах гээд тэмүүлээд байгаагийн нэг гол шалтгаан эндээс харагдана байх.
 
Өнөөдөр дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний ашиглалтын явц, ирээдүй яг ямар байгааг дараахь жишээнээс тод харж болно.Өндөр хөгжилтэй орнуудаас АНУ-д цөмийн эрчим хүчний реактор хоёрыг барьж, 13-ыг барихаар төлөвлөж байхад ОХУ-д 10-ыг барьж, 14-ийг төлөвлөж, Японд 2-ыг барьж 3-ыг төлөвлөж, БНСУ-д 4-ийг барьж, 5-ыг төлөвлөж байна.Ийм жишээг БНХАУ, Энэтхэг, Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Харин хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтад оруулах тус бүр 2000 МВт чадалтай хоёр цөмийн цахилгаан станцынхаа нэгийг ОХУ, нөгөөг Японы тусламжтайгаар барих ажилдаа ороод байна. Арабын нэгдсэн эмират улс 1400 МВт чадалтай 4 реактор бүхий цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтад оруулах тухай 20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байна. Иордан 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа ороод дэд бүтцээ байгуулж байна.Турк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай гэрээ байгуулаад дэд бүтцийн бүтээн босголт нь амжилттай явагдаж байна.Казахстан ОХУ-ын тусламжаар, Пакистан БНХАУ-ын тусламжаар тус бүр 300 МВт буюу дунд чадлын цөмийн эрчим хүчний реактор барих ажилдаа ороод байна.Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж буй Индонез, Египт, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланк, Венесуэл зэрэг олон орон байна.Цөмийн эрчим хүчийг улам өргөнөөр эрчимтэй ашиглаж буй хөгжингүй гүрнүүд болон шинээр ашиглахаар төлөвлөн, барьж байгуулж байгаа хөгжиж буй улсуудын дотор нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орон цөөнгүй байна.Эдгээрийг биднээс “тэнэг” болохоороо юм уу аюулыг нь мэдэхгүйдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж буюу ашиглахаар тэмүүлж байна гэж бодвол уучилж боломгүй том эндүүрэл болно.Харин ч эдгээр улс бодит байдлыг ойлгож, алсыг харж, эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхэд цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа нь ойлгомжтой.Бодит баримт ийм байхад дэлхий даяар цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, ашиглалтаа бууруулж байгаа мэт худал мэдээлэл тараах нь чухам хэнд ашигтай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
 
Зарим хүн цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станцыг ажиллуулах хэцүү, манайхан хариуцлагагүй учраас ажиллуулж чадахгүй гэдэг.Цөмийн цахилгаан станцыг ажиллуулахад амархан гэж хэн ч хэлэхгүй.Гэхдээ хэзээ болтол бид чадахгүй, мэдэхгүй, манайх болоогүй гэж өөрсдийгөө “доошоо оруулж” байх юм бэ?Ер нь цөмийн цахилгаан станцад ус халаагч нь нүүрс түлдэг зуух биш, цөмийн урвал явуулдаг реактор гэдэг төхөөрөмж байдгаараа дулааны цахилгаан станцаас ялгаатай бөгөөд бусад бараг бүх тоног төхөөрөмж нь адилхан байдаг.Иймээс реакторыг ажиллуулах мэргэжилтнүүдийг л нэмж бэлдэнэ гэсэн үг.Тэнд цацрагийн хамгаалалт, ажлын хариуцлага, техникийн соёл өндөр байхыг шаардаж, биелүүлэх нь тийм ч дааж давшгүй зүйл биш.Манайд орчин үеийн түвшинд гадаадад болон дотооддоо бэлтгэгдсэн цөмийн технологийн мэргэжилтнүүд чамлахааргүй бий.Сүүлийн үед цөмийн эрчим хүчний мэргэжилтнээ тодорхой үе шаттайгаар бэлтгэж байна.Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээ голж чамлалгүй харин ч төр, засгаас тэднийхээ мэдлэг чадварыг ашиглах, улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой захиалга, даалгавар өгч ажиллуулах хэрэгтэй.