Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ЦАЦРАГ ИДЭВХТ АШИГТ МАЛТМАЛ БОЛОН ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл

Дэлхийн улс орнууд хүний эрүүл мэндэд халгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор эдийн засгийн хувьд үр ашигтай, өртөг багатай цөмийн энерги ашиглах бодлого баримталж байна.
Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах асуудалд дэлхий нийтийн анхаарал улам нэмэгдэж, цацраг идэвхт ашигт малтмалын эрэлт хэрэгцээ огцом өсч, зах зээл дэх түүний үнэ сүүлийн 10 гаруй жилийн дотор 15 дахин нэмэгдсэн.
Австрали, БНКазУ, Канад зэрэг улсын цацраг идэвхт ашигт малтмалын нөөц дэлхийн цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийн 60 гаруй хувийг эзэлж байна.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах асуудалд онцгой анхаарч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөр цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг удаа дараа хэлэлцэн зөвлөмж гаргасан бөгөөд 2007 онд Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Манай улсын ураны батлагдсан нөөц 65 мянга орчим тонн бөгөөд нийт нөөц баялаг 1.4 сая тоннд хүрэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо байдаг.
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нь манай улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Хөтөлбөрийн зорилго нь "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл, хайгуул хийх, олборлох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортын шинэ эх үүсвэрийг бий болгох, цөмийн энерги ашиглах замаар Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг биелүүлэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
3.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах удирдлага, хяналтын тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлэх;
3.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.1.3. цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл хайгуулын ажлыг өргөжүүлэх замаар түүний нөөц (батлагдсан)-ийг нэмэгдүүлэх;
3.1.4. цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, цөмийн энерги ашиглах, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх өндөр технологийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэх;
3.1.5. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлыг өргөжүүлэх;
3.1.6. цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих ажлын бэлтгэлийг хангаж, хэрэгжүүлэх;
3.1.7. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг тээвэрлэх, хаягдлыг боловсруулах, хадгалах үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйлажиллагаа, үндсэн чиглэл

4.1. Хөтөлбөрийн 3.1.1 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа цөмийн энергийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
4.1.2. цөмийн судалгаа, технологийн үндэсний хүрээлэн байгуулах;
4.1.3. цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, цөмийн эрчим хүч ашиглах үйл ажиллагааг эрхлэх төрийн өмчит компани байгуулан ажиллуулах;
4.1.4. цөмийн болон цацрагийн хяналтын улсын албаны дүрмийг баталж мөрдүүлэх.
4.2. Хөтөлбөрийн 3.1.2 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1. цацраг идэвхт ашигт малтмалын судалгаа, эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, цөмийн энерги ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлэх;
4.2.2. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, стандартыг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх.
4.3. Хөтөлбөрийн 3.1.3 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1. хамтарч ажиллах стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах, түүнд тавих нөхцөл, шаардлагыг боловсруулж, хэрэгжүүлэх;
4.3.2. цацраг идэвхт ашигт малтмал ашиглаж байгаа улс орны туршлага судлах;
4.3.3. цацраг идэвхт ашигт малтмалын хүдрийг олборлох, баяжуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, олон талын оролцоотой үйлдвэр байгуулах;
4.3.4. цацраг идэвхт агуулга өндөртэй нүүрс, нүүрсний үнс, фосфорит зэрэг ашигт малтмалаас цацраг идэвхт элемент ялган авах технологи нэвтрүүлэх;
4.3.5. цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн хаягдлыг хадгалах, боловсруулах байгууламж байгуулах.
4.4. Хөтөлбөрийн 3.1.4 дэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1. цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, цөмийн энерги ашиглах, хяналт тавих, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх өндөр технологийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг цацраг идэвхт ашигт малтмалын үйлдвэрлэл эрхэлдэг, цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй улс орнуудад тусгай хөтөлбөрөөр бэлтгэж, дадлагажуулах;
4.4.2. цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, цөмийн энерги ашиглах, хяналт тавих, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх өндөр технологийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг дотооддоо бэлтгэх, чадваржуулах, давтан сургах тогтолцоог бий болгох.
4.5. Хөтөлбөрийн 3.1.5 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1. цацраг идэвхт ашигт малтмалын болон цөмийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тогтоож, шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлэх;
4.5.2. эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн цөмийн технологийн судалгааны тоног төхөөрөмжийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
4.5.3. эрчим хүчний хэрэгцээ, борлуулалт, хангамж, экспортод цөмийн эрчим хүчний эзлэх боломжит хувь хэмжээг тооцоолж, түүнд хүргэх;
4.5.4. цөмийн судалгааны реактортай болох техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж, хэрэгжүүлэх.
4.6. Хөтөлбөрийн 3.1.6 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.6.1. цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх, олон улсын байгууллагын санал зөвлөмжийг авч ажиллах;
4.6.2. цөмийн эрчим хүчний эх үүсвэр барих хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн тодорхой нөхцөл, шалгуурын дагуу сонгох;
4.6.3. цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг дэд бүтцийн хамт барьж байгуулах;
4.6.4. цөмийн эрчим хүч ашиглахын ач холбогдол, эдийн засгийн үр нөлөө, байгаль экологийн ашиг тусыг олон нийтэд сурталчлан таниулах;
4.6.5. гадаад орнуудад цөмийн энерги ашиглаж байгаа үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
4.7. Хөтөлбөрийн 3.1.7 дахь зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7.1. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавих үндэсний дэд бүтэц, хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авах;
4.7.2. цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг бэхжүүлэх, дотоод шарлагын болон дозиметрийн тохируулгын хоёрдогч стандартын лабораторийг шинээр байгуулах;
4.7.3. цацрагийн аюулгүй байдлыг хянах орчны мониторингийн тогтолцоог бий болгох, хяналтын лаборатори байгуулах;
4.7.4. цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг боловсруулах, цацрагийн хамгаалалтын техник, хэрэгслээр хангах;
4.7.5. улсын хилээр цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бусаар нэвтрүүлэхээс сэргийлсэн хяналтыг сайжруулах.

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, ажлын явц, үр дүнд тавих хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог шинээр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг Цөмийн энергийн газар болон Цөмийн энергийн комисс хариуцан зохион байгуулна.
5.2. Хөтөлбөрийг "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-той уялдуулан хэрэгжүүлнэ.
5.3. Холбогдох төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг эрхэлсэн салбар, хариуцсан чиг үүргийнхээ дагуу нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлнэ.
5.4. Цацраг идэвхт ашигт малтмал олборлох, боловсруулах, экспортлох, цөмийн энерги ашиглах үйл ажиллагааны ач холбогдлын талаар олон нийтэд оновчтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчилж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх, дэмжлэг авах талаар анхаарч ажиллана.
5.5. Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад тохиолдож болох эрсдэл, саад бэрхшээлийг урьдчилан судалж нарийвчлан тооцоолох, түүнээс сэргийлэх, арилгах, даван туулах арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа, үе шат

6.1. Хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ:
6.1.1. нэгдүгээр үе шат (2009-2012 он)-д хөтөлбөрийн үндсэн зорилго, зорилтуудыг биелүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх бүх талын нөхцөлийг хангана;
6.1.2. хоёрдугаар үе шат (2013-2021 он)-д хөтөлбөрт заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлнэ.

Долоо. Хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт

7.1. Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
7.1.1. улсын төсөв;
7.1.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;
7.1.3. гадаадын зээл, тусламж.
7.2. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
7.3. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор нийт 4 их наяд 394 тэрбум 169 сая төгрөг (улсын төсөв 1.17%, хувийн хэвшлийн хөрөнгө 98.11%, зээл, тусламж 0.71%) шаардагдана.

Найм. Шалгуур үзүүлэлт, үр дүн

Хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт:
8.1. Нэгдүгээр үе шатанд:
8.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах эрх зүйн орчин олон улсын жишигт нийцсэн байна;
8.1.2. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн судалгааны материал, лабораторийн бааз бүрдсэн байна;
8.1.3. стратегийн хөрөнгө оруулагчтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн байна;
8.1.4. цацраг идэвхт ашигт малтмал олборлолтын ажил эхэлсэн байна;
8.1.5. цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбогдсон хяналтын эрх зүйн тогтолцоо олон улсын жишигт хүрсэн байна.
8.2. Хоёрдугаар үе шатанд:
8.2.1. цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулж экспортлох нөхцөл бүрдсэн байна;
8.2.2. цөмийн эрчим хүчний салбарт үндэсний мэргэжилтэн бэлтгэгдсэн байна;
8.2.3. цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулна;
8.2.4. цөмийн эрчим хүч ашиглаж эхэлнэ;
8.2.5. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүч ашиглах тогтвортой ажиллагаа бий болно.