Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх

Монгол Улс цөмийн салбарт олон улсын хамтын ажиллагааг 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд гишүүнээр элсэн орсноос эхэлсэн.

"Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого" батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоол, "Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар стратегийн түншлэл бий болгоно.

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах чиглэлээр ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагаа /2015-2020/, Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээ, Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумтай хамтран үндэсний болон бүсийн, Европын холбооны төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын хамтын ажиллагааг дэмжих, шинээр төсөл, хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах чиглэлээр гадаад орнуудтай хийсэн гэрээ, хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, шинээр нэгдэн орох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, цацрагийн хяналт, анагаах ухааны салбарт цөмийн техник, технологи нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Манай улс Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн чиглэлээр нийт 8 улстай 16 хэлэлцээр, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛСАН УЛС ОРНУУД

1.    Оросын Холбооны Улс                                2009
2.    Япон Улс                                                          2009
3.    Бүгд Найрамдах Энэтхэг Улс                    2009
4.    Бүгд Найрамдах Хятад Ард Улс               2010
5.    Бүгд Найрамдах Франц Улс                       2009
6.    Америкийн Нэгдсэн Улс                              2010
7.    Бүгд Найрамдах Солонгос Улс                  2011
8.    Бүгд Найрамдах Чех Улс                             2012

ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ /ОУАЭА/

Олон улсын атомын энергийн агентлагийн төв байр (Австри, Вена хот)

Монгол Улс нь 1973 онд Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орноор эсэн орсноос хойш 40 гаруй жил хамтран ажиллаж, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрт хамрагдаж байна.

                Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/нь цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааны хэрэгжилтийн баталгаанд хяналт тавих, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, биет хамгаалалтын норм, стандарт тогтоох, заавар, зөвлөмж, техникийн баримт бичиг боловсруулах, цөмийн технологийн хэрэглээг эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, судалгаа шинжилгээний салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн 3 чиглэлээр 164 гишүүн оронтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь гишүүн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд цөмийн технологийн аюулгүй хэрэглээг бий болгох, бэхжүүлэх зорилгоор хүний эрүүл мэндийг сайжруулах, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжих, усны менежментийг сайжруулах, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, цөмийн энергийн тогтвортой хөгжлийг дэмжих болон цөмийн аюулгүй байдлыг хангуулан ажилладаг. 

Монгол Улс, ОУАЭА хооронд “2001-2006 онд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2001 онд, “2009-2014 онд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2009 онд тус тус байгуулан, хөтөлбөрийн хүрээнд цөмийн физикийн суурь болон хавсарга судалгааг хөгжүүлэх, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг бэлтгэх, цөмийн техник, технологийг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл хэрэглээний бүх салбарт амжилттай хэрэгжүүлж ирсэн.

2012-2015 онд нийт 2,232,518 еврогийн санхүүжилттэй 7 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2015-2016 онд нийт 461,955 еврогийн санхүүжилттэй 3 төсөл батлагдан хэрэгжиж эхлээд байна.

2015 оны 11 дүгээр сард Монгол Улс, ОУАЭА хоорондын “2016-2021 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 онд нийт 6 төсөл хэрэгжүүлэхээр батлагдаад байна.

 

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ /АНДБХАГ/

Ази, Номхон далайн бүсийн орнууд цөмийн шинжлэх ухаан, судалгаа болон эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болох хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт цөмийн технологи нэвтрүүлэх асуудлаар хамтарч ажиллах, туршлага хуваалцах зорилгоор 1972 онд Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжих бүсийн төслийн үндсэн зорилт нь ОУАЭА-ийн техникийн  болон мэргэжлийн дэмжлэг, туслалцаанд тулгуурлан хүний нөөц бэлтгэхэд оршино.

Монгол Улс 1992 онд АНДБХАГ-д нэгдэн орсноос хойш цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт Ази, Номхон далайн бүсийн орнуудын хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөрт оролцож, бүсийн өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судлах, мэдээлэл солилцох, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргээр олон улсын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах нөхцөл, боломж бүрдсэн. Түүнчлэн цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах салбарын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.

1980-2009 онд ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн 127 бүсийн төслөөс 71 төсөл нь Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн.

2012-2014 онд 53 бүсийн төсөл хэрэгжүүлж байгаагаас 8 төсөл мөн тус гэрээний хүрээнд хэрэгжиж хаалтын шатандаа явж байна.

2016-2017 онд хэрэгжүүлэх бүсийн нийт 15 төслийг батлуулж, хэрэгжүүлэх байгууллага, төслийн зохицуулагчийг томилоод байна. Үүнээс 5 төсөл нь БХАГ-ний дагуу хэрэгжих юм. 

2015 оны 11 дүгээр сард Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны гэрээнээс 2018-2019 онд хэрэгжүүлэх төслийн саналыг Цөмийн судалгааны төв, Геологийн төв лаборатори, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн зэрэг нийт 8 байгууллагаас 12 санал авч АНДБХАГ-д хүргүүлээд байна.

АЗИЙН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ /АЦХАФ/

Азийн цөмийн хамтын ажиллагааны форум /АЦХАФ/ нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр хамтран ажилладаг Япон улсад төвтэй олон улсын байгууллага юм. Австрали, Бангладеш, Хятад, Индонези, Япон, Казахстан, Өмнөд Солонгос, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн 12 гишүүн оронтой. Монгол Улс 2010 онд тус форумд гишүүн орноор элсэн хамтран ажиллаж байна.

Тус форум нь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүн орнуудын харилцан тохирсон нийт улс орны хэрэгцээ шаардлага, нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлд нийцсэн асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажилладаг.

2011-2016онд Азийн Цөмийн хамтын ажиллагааны форумын хүрээнд манай улс “Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь”, “Электрон хурдасгуурын хэрэглээ, “Цацраг идэвхт изотоп болон туяаг эмчилгээнд ашиглах нь”, “Судалгааны реакторын сүлжээ”, “Нейтрон идэвхжлийн анализ”, “Цөмийн байгууламжийн аюулгүйн менежментийн систем”, “Хүний нөөцийг хөгжүүлэх нь”, “Цөмийн хамгаалалт, баталгаа” төслүүдийн хамтарсан судалгаанд оролцож байна.

ЕВРОПЫН ХОЛБОО

“Монгол Улс, Европын Холбоо хоорондын түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 44 дүгээр зүйлийн дагуу Европын Комиссын “Цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /Nuclear Safety Cooperation Instrument/-ийн хүрээнд “Төв Азийн орнууд дахь ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх” сэдэвт бүсийн төсөл, “Ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотой хяналтын эрх зүйн орчныг бэхжүүлэх” сэдэвт үндэсний төсөл, “Цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, цөмийн баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” сэдэвт үндэсний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


“Төв Азийн орнууд дахь ашигласан ураны орд газрын нөхөн сэргээлт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын асуудалтай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчин бэлтгэх” сэдэвт бүсийн төсөлд Монгол, Киргиз, Узбекстан, Туркменистан улсууд хамрагдсан бөгөөд уг төслийн санхүүжилтийн гэрээнд 2011 оны 05 дугаар сард гарын үсэг зурсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Европын Холбооны буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөх тухай” 103 дугаар захирамжийн дагуу “Ураны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотой хяналтын эрх зүйн орчныг бэхжүүлэх”, “Цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, цөмийн баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” сэдэвт төслүүдийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан.