(2017-03-10 10:01:00)

Хүний нөөцийг бэлтгэх

Монгол Улс цөмийн энергийн салбарт хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ОХУ, Украйн, Франц, Румын, Солонгос, Энэтхэг, Чех, Япон, АНУ, БНХАУ, Австри болон ОУАЭА-тай хамтран ажиллаж байна.

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр ОХУ-д бакалавр, магистр, Украйн улсад бакалавр, Бүгд Найрамдах Румын Улсад магистр, ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, ОУАЭА-ийн Бүсийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эрдэмтэн, судлаачдыг урт, дунд, богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цөмийн энергийн газар 2009 онд үүүсч байгуулагдсанаас хойш гадаад орнууд болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Цөмийн энергийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2009 оноос 2014 оны эхний хагас жилийн байдлаар цөмийн эрчим хүчний чиглэлээр 149, цөмийн хэрэглээний технологийн чиглэлээр 243, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал чиглэлээр 149, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр 60, нийт 600 гаруй албан хаагч, судлаач, эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдийг сургалт, семинар, хурал зөвлөгөөнд хамруулаад байна.

Мөн хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ байгуулсан орнуудад оюутан сургах, мэргэжилтнүүдийг давтан сургах үйл ажиллагааг явуулж байна. 2009-2013 оны хооронд 53 оюутныг бакалавр, магистрын сургалтад, 19 мэргэжилтнийг давтан сургалтанд хамруулсан. Манай улс Цөмийн шинжилгээний нэгдсэн институтид цөмийн физикийн чиглэлээр суурь болон хавсарга судалгаанд оролцохын зэрэгцээ энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэж байна.