(2017-03-10 10:01:00)

Цөмийн технологи

Монгол Улс, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-т 1973 онд гишүүн орноор элсч, тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 1975 оноос эхлэн хамрагдаж ирсэн. Монгол улс ОУАЭА-т гишүүнээр элсэн орсон 40 жилийн хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 1975-2013 онд нийтдээ 13.1 сая ам.долларын тусламж, дэмжлэг авчээ. Тухайлбал, цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах зэргээр тус агентлагтай хамтарсан 70 орчим төсөл хэрэгжүүлж, мэргэжил дээшлүүлэх сургалтад 150 орчим хүн хамрагдаж, 120 гаруй зөвлөх мэргэжилтэн төслийн хүрээнд ирж ажилласан. Энэ тусламжийн хүрээнд төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн дэргэд нийт 30 гаруй лаборатори байгуулжээ.
 
Тухайлбал, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Электроникийн лаборатори, Микротроны лаборатори, Улсын клиникийн төв эмнэлгийн Цөмийн онош зүйн  тасаг, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Элизагийн лаборатори, ШУТИС-ийн  Радиографийн лаборатори, Геологийн төв лабораторийн Физикийн тасаг, Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ЦЭГ-ын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори, Улсын хавдар судлалын төвийн туяа эмчилгээний тасаг зэрэг байгууллагын техникийн чадавхийг дээшлүүлэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, судалгаа шинжилгээ, хяналт хэмжилт, цацрагийн үүсгүүрийн хэрэглээний арга техникийг улам боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
 
Дээрх тусламж, дэмжлэгийн 2.8 сая (21.48%) нь эрүүл мэнд, 3.2 сая (24.29%) нь хүнс, хөдөө аж ахуй, 1.4 сая (10.44%) нь эрдэс баялаг, эрчим хүч, 0.8 сая (5.98%) нь байгаль орчин, 1.7 сая (12.84%) нь боловсрол, 1.6 сая (12.48%) нь шинжлэх ухаан, 1.6 сая (12.48%) ам.долларыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарт тус тус зориулжээ.
 
Техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр цөмийн технологийн аргаар геологийн янз бүрийн дээжинд үндсэн ба дагалдах элемент, нүүрсний үнслэг болон илчлэгийг тодорхойлох арга зүй  боловсруулах, агаарын бохирдол болон гадаргын ба газрын доорхи усны нөөц, бохирдлыг судлах, цацраг идэвхт изотопоор төрөл бүрийн өвчлөл оношлох, хавдрыг эмчлэх, туяа эмчилгээний үр дүнг сайжруулах, ургамлын шинэ сорт гаргаж авах, хөрсний элэгдэл эвдрэлийг судлах, малын гаралтай бүтээгдэхүүнд эм, химийн бодисын үлдэгдлийг тодорхойлох, малын шүлхий, бруцеллёз, ям, сүрьеэ зэрэг өвчний тархалтыг судлах, зарим өвчнийг оношлох бэлдмэл үйлдвэрлэх, 2025 он хүртэл Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ, хангамжийн нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, цацрагийн үүсгүүр хэрэглэдэг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, мэргэжлийн шарлага, хүн амын шарлага, эмнэлгийн шарлагыг үнэлэх чиглэлүүдэд тодорхой үр дүнд хүрээд байна.
 
ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА САЛБАР, ЧИГЛЭЛҮҮД
 
1. Цөмийн технологийг хэрэглэдэг зарим эмчилгээ, оношилгооны жагсаалт:
 
Тархи мэдрэл:
- Хурц саа өвчин
- ДОХ-оос шалтгаалсан сэтгэцийн өвчин
- Гэмтлийн дараах тархи хөдлөлтийн хам шинж
- Олон голомтот цус харвалтын голомтыг оношлох
- Шүдний зураг авах
 
Хавдар судлал:
- Хавдрын байрлалыг тодорхойлох
- Хавдрын үе шатыг тодорхойлох
- Үсэрхийллийн байрлалыг илрүүлэх
- Эмчилгээний үр дүнг хянах
- Хавдраас шалтгаалсан ясны өвчнийг багасгах
- Тодорхой хавдрын хэмжээг хэмжих
 
Гэмтэл судлах:
- Ясны далд гэмтлийг тодорхойлох /спортын гэмтэл/
- Ясны ургалт зогсоох, өвдөлтийг намдаах
- Остеомиелит оношлогоо
 
Бөөрний өвчинд:
- Шээс дамжуулах замын бөглөрлийг илрүүлэх
- Бөөрний судасны даралт ихдэх өвчнийг оношлох
- Бөөрний үйл ажиллагааг ялган оношлох
- Шилжүүлэн суулгасан бөөрний үл нийцлийг илрүүлэх
- Бөөрний эдийн архаг үрэвслийг илрүүлэх
- Бөөрний шархыг илрүүлэх
 
Зүрх судасны өвчний үед:
- Титэм судасны эмгэг
- Зүрхний дутагдлын эмчилгээний үр дүнг үнэлэх
- Шилжүүлэн суулгах зүрхний үл нийцлийг үнэлэх
- Судасны мэс засал ба Бипасс мэс засалд өвчтөнийг сонгох
- Зүрхний шигдээст өртөх өндөр эрсдэлтэй өвчтөнд мэс засал хийх эсэхийг тодорхойлох
- Зүрхний баруун ховдлын дутагдлыг илрүүлэх
- Хими эмчилгээний гаж нөлөөнөөс үүдэлтэй зүрхний эмгэгийг тодорхойлох
- Зүрхний хавхгийн эмгэг
- Зүрхний хурц шигдээсийн голомтыг тодорхойлох ба оношлох
- Ферментийн солилцоо
 
Уушги:
- Уушгины артерын бөглөрөл эмболи
- ДОХ-той өвчтөний уушгины хүндрэл тодорхойлох
- Уушгины багтаамжийн тоон үзүүлэлт
- Шилжүүлэн суулгах уушгины үл нийцлийг үнэлэх
- Түлэгдсэн өвчтөнд амьсгалын замын гэмтлийг тодорхойлох
 
2. Хүнс хөдөө аж ахуйд цөмийн технологийг:
- Ургамлын шинэ сорт гарган авах
- Малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх
- Хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах
- Өвчин үүсгэгч бактерийг устгах вакцин үйлдвэрлэх
- Хадгалах хугацааг уртасгаснаар соёололт муудалтаас сэргийлэх
- Бордоо гарган авах
- Хортон шавжийг устгах
- Хөрсний элэгдэл, гүний усны судалгаа хийхэд ашиглаж байна.
 
3. Геологи, уул уурхайн салбарт:
- Төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц, дагалдах элементийн судалгаа хийх
- Газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх,
- Нүүрс, газрын тосны үе давхарга, түүний нягт, чанар, цооногийн хананы бетоны бэхжилт зэргийг тодорхойлох
- Баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянах
- Эрдэс баялагийн нөөц, дээж, хөрс чулуулагийн бүтэц, найрлага зэргийг тодорхойлох
- Хүрээлэн буй орчны нөлөөллийн судалгаа
 
4. Эрчим хүчний салбарт:
- Цөмийн эрчим хүчний станц
- Хөлөг онгоцны хөдөлгүүрт эрчим хүчний зориулалтаар цөмийн реакторыг ашигладаг.
- Тээвэрлэгч том оврын хөлөг онгоц
- Мөс зүсэгч усан онгоцнууд
- Шумбагч хөлөг онгоц
- Сансрын хөлөг, хиймэл дагуул
- Цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгох
 
5. Аж үйлдвэрийн салбарт:
- Нягт, жин, түвшин, урсгал тодорхойлох
- Газрын тос агуулсан элснээс газрын тос үйлдвэрлэх
- Газрын тос нэрэх
- Фишер-Тропшийн аргаар нүүрсийг шингэлэх
- ХАА-н бордоонд зориулж устөрөгч үйлдвэрлэх
- Биомасст суурилсан этанол үйлдвэрлэх
- Устөрөгч үйлдвэрлэх
- Эрдэсжсэн болон ахуйн хэрэглээний бохир ус цэвэршүүлэх
- Замын нягт, зузаан, чийгшил тодорхойлох
- Үйлдвэрлэлийн процессийг хянах
- Үл эвдэх сорилын шинжилгээ
 
6. Хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалт
- Рентген цацраг бүхий хяналтын төхөөрөмж
- Цацрагийн портал мониторыг ашиглаж байна
 
7. Бусад хэрэглээ:
- Дэлхийн насыг тогтоох
- Археологийн түүхэн дурсгалт, ховор олдворуудын насыг тогтоох
- Машины дугуйны бат бөх чанарыг нэмэгдүүлэх
- Аливаа материалын эдэлгээг уртасгах зорилгоор өнгөлөх, лакдах
- гидрогелийг ашиглан нүүрний маск, чийгшүүлэгч, тос зэргийг үйлдвэрлэх
- Цэрэг дайны зориулалт
- Техник хэрэгслийн хуяг
- Сумны нэвтлэгч хэсэг
- Тэсрэх бөмбөг
- Зэвсгийн дуран, хараа овоо
- Археологийн олдворын нас тогтоох /C-14 ашиглан/
- Цагдаа, мөрдөн шалгах газруудад /кримналистикийн шинжилгээ/
- Өргөн хэрэглээний бараа
- Галын дохиолол /Am-241 изотоп/
- Цаг, луужин, электрон барааны дэлгэц, нүдний болор, камерийн линз, ваар шилэн эдлэл, гэрлийн бүрхүүлийн материалд ашиглах гэх мэт
- Ариутгалт ашиглах
- Шууданд захиа, илгээмж ариутгах /2001 оны 11 сард АНУ-д Сибирийн яр гэгдэх нянд өртөж 5 хүн нас барсан. Үүнээс хойш шуудангийн салбарт ашиглах болсон/
- Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
- Гоо сайхны бүтээгдэхүүн
- Эрдэнийн гоёл, чимэглэл
- Нялх хүүхдийн зарим хэрэгсэл /хүүхдийн угж, тоглоом, живх гэх мэт/
- Бусад ариутгал