Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн энергийн газар 9-р сард

Цөмийн энергийн газар 9-р сард

ОУ-ын мэргэжилтнүүд

мэдээллийн системийн хэрэглээнд суралцав

 

Цөмийн энергийн газар болон Олон Улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Хяналтын албаны мэдээллийн системийн хэрэглээ” сэдэвт ахисан түвшний сургалтыг ОУАЭА, Европын холбооны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 9-р сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг сургалтад Монгол, Индонез, Пакистан, Палестин, Иемен, Сири, Ирак, Тайланд, Филиппин, Малайз, Мьянмар, Лао зэрэг улсын хяналтын байгууллага болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан 24 мэргэжилтэн оролцсон.

Энэхүү сургалтын зорилго нь бүртгэлийн программын хамгийн сүүлийн үеийн мэдээллийн систем (RAIS 3.3 Web)-ийг танилцуулан, үйл ажиллагаандаа ашиглахад оршиж буй юм.

Сургалтаар Ази номхон далайн бүсийн орнуудын оролцогч нарт хяналтын албаны мэдээллийн систем, түүнийг үр дүнтэй, оновчтой хэрэглэх, ОУАЭА-ийн аюулгүй байдлын стандартад нийцсэн зохицуулалтын сүлжээ, цахим мэдээллийн аюулгүйн хамгаалалтын талаар ОУАЭА-ын шинжээч нар тодорхой мэдээллийг өглөө.

Н.Тэгшбаяр цөмийн технологийн аюулгүй ажиллагаанд

 бусад улс орнуудыг нэгдэхийг уриаллаа

 

            Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотноо 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

            Энэ удаагийн чуулганаар шинээр гишүүн орон элсүүлэх, 2015 оны техникийн хамтын ажиллагааны фондын хандив, захирагчдын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох, 2013 оны санхүүгийн тайлан, 2015 оны төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэн, талархал илэрхийллээ. Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төслүүд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

 

Мөн тэрээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн манай улсын байр суурийг баталгаажуулан, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын тухай олон улсын конвенциудад Монгол Улс нэгдэн орохоор ажиллаж байгааг цохон тэмдэглэж цөмийн материал, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны механизм, тогтолцоонд бусад улс орнуудыг нэгдэхийг уриалав.

Мөн энэ үеэр Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй хоёр талт уулзалт хийж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

“Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт”

сэдэвт сургалт боллоо

 

Цөмийн энергийн газар, Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалийн баялаг эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт Улаанбаатар хотноо боллоо.

Монгол улсын хувьд чадварлаг хүний нөөц бэлтгэх нь нэн тэргүүний асуудал билээ. Энэ ч утгаараа манай агентлаг энэ салбарын тэргүүлэгч улсын нэг Япон улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж хүний нөөцийг бэлтгэх, сургалт, судалгааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласаар байна.

Сургалтын зорилго нь “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна салбарын хүний нөөц бэлтгэх суурь бэлтгэл ажил болж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн сургалтаар мэргэжилтнүүдэд цөмийн технологийн нийгэмд оруулах хувь нэмэр, гадаад орчны цацрагийн хяналт, технологи ашиглаж цацрагийн хэмжилт, тооцоо хийх, цацраг идэвхит бодисын хог хаягдал  болон манай улсад цацрагийн эрсдэлээс сэргийлэх, байгаль орчин, хүн амыг хамгаалах хяналтын систем зэрэг өргөн хүрээний мэдлэгийг олгосон юм.

Дашрамд дурдахад энэ төрлийн сургалт анх удаагаа манай улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор хоёр мэргэжилтан энэ чиглэлээр Япон улсад суралцаад байна.

Цөмийн болон цацрагийн ослын

бэлэн байдалд суралцлаа

 

Цөмийн энергийн газар болон Япон улсын эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны Байгалын баялаг эрчим хүчний агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг сургалтад манай улсын  Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги, Хил хамгаалах ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой зэрэг нийт 17 байгууллагын 21 цацрагийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд хамрагдав.  

2014 оны байдлаар дэлхийн 30 оронд 437 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа бөгөөд шинээр 7 цөмийн реактор Азид  баригдаж  байна. Хэдийгээр манай улсад цөмийн эрчим хүчний станц байхгүй ч гэсэн манай хөрш Орос улсад 10, Хятад улсад 11 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Ийм ч учраас энэ төрлийн мэдлэг, туршлагийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зайлшгүй эзэмших шаардлагатай.

Энэхүү сургалтын зорилго нь Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулахад төрийн байгууллагуудын оролцоо, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, үүсэж болзошгүй аливаа ослоос урьдчилан сэргийлэх талаар зохих дадлага туршлагыг олгоход чиглэгдсэн юм.

Дашрамд дурдахад цөмийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Цөмийн энергийн газар ОУАЭА-ийн зүгээс гишүүн орнуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд 3000 гаруй мэргэжилтнүүдийг цөмийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан тоо гарчээ. Мөн 2016 онд Цөмийн аюулгүй байдлын асуудлаар өндөр түвшний олон улсын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Цөмийн энергийн салбарт

зургаан төсөл хэрэгжихээр боллоо

 

     Монгол улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд, “Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах”, “3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн, чанарыг сайжруулах”, “Цацрагийн хяналтын лабораторийн чадавхыг бэхжүүлэх”, "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношилгоо", “Говь цөлийн бүс дэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох”, “Цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжийн  урьдчилан боловсруулах үйл ажиллагааг сайжруулах” зэрэг төслүүд багтаж байна.  

       Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хүн амын дунд зонхилон тохиолдох хавдар, зүрх судасны төрөл бүрийн эмгэгийн эрт үеийн эмчилгээ, оношилгоо сайжирч, хавдрын эмчилгээг 2 хэмжээст зураглалаас 3 хэмжээст зураглалын технологийн дэвшилд хүргэх юм. Мөн цацрагтай ажиллагч байгууллагууд болох ХСҮТ, УНТЭ, ЦЭГ, ГТЛ, Оюу-толгой зэрэг байгууллагуудын ажиллагсадын цацрагийн шарлагын тунг өндөр нарийвчлалтай, хурдан шуурхай хэмжих боломжтой. Түүнчлэн малын гоц халдвартай өвчлөлийг эрт үед оношлох лабораторийн чадавх бэхжиж, мал сүргийн хорогдол буурах зэрэг олон давуу талыг бий болгох юм.  

 

Эрүүл малтай болох мөч ойртжээ

Монгол хүн, малын эрүүл мэндийн төлөө эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх нэгэн чухал ажлыг Цөмийн энергийн газар санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.  Малчин өрх бүрийн амьдралд нөлөөлж эрүүл малтай, бодит орлоготой болох суурийг тавих "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношилгоо",  төсөл нь Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 онд хэрэгжих юм.

Монгол Улсын хувьд хүн амын өвчлөл, оношилгоотулгамдсан асуудалд тооцогддог. Цөмийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, тэдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах хүний нөөцийг бэлтгэх зэрэг олон чухал ажлыг эдгээр төслийн хүрээнд хийх юм байна. Жил бүр малчдын толгойны өвчин болдог малын өвчлөлийг эрт үед оношлох нь мал сүргийн хорогдлыг бууруулах  төдийгүй Монгол Улс олон улсын стандартыг хангасан эрүүл малтай болсоноор хөрш орнууд руу малын мах экспортлох үндэсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн Цөмийн энергийн газар улсын хэмжээнд цөмийн болон цацрагийн бүхий л хяналтыг тавьж, стандартыг хангуулан ажилладаг. Тэгвэл дээрх төслүүд хэрэгжсэнээр цацрагтай ажиллагсадын цацрагийн шарлагын тунг өнөөдрийн түвшингээс илүү өндөр нарийвчлалтай, хурдан шуурхай хэмжих боломжтой болох юм байна.

Ц.Элбэгдорж: Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахыг хэзээ ч хүлээж авахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг Цөмийн зэвсгийг хориглох өдөрт зориулан Японы “Киодо Цушин” агентлагийн сэтгүүлч Масакацу Отаг хүлээн авч ярилцлага өгөв.

Уг ярилцлагад  Монгол Улсын Ерөнхийлөгч “Цөмийн зэвсэгтэй байгаад сайн үр дүнд хүрсэн түүх, сургамж алга байх шиг санагддаг. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон бүгд дэмжиж гарын үсэг зурж, мэдэгдэл гаргасан. Бид эдгээр оронтой хоёр талаараа, ялангуяа хоёр хөрш оронтойгоо энэ статусыг дэмжсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах боломжтой талаар ярьж байгаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлах, тээвэрлэхийг хориглох талаар ҮАБЗ маш тодорхой шийдвэр гаргасан. Энэ асуудлаар Монгол Улсаас ямар нэгэн албан тушаалтан ҮАБЗ-ийн зөвшөөрөлгүйгээр гаднын орон, хэн нэгэн албан тушаалтантай яриа хэлцэл хийхийг хориглосон.

Монгол Улс энэ талаар бас хуультай. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан зөөхийг хэзээ ч хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол баталгаажсан шийдвэр юм.

Дараагийнх нь миний хувийн байр суурь юм. Хэрэв цацраг идэвхт бодисыг хайх, судлах, ашиглахаар болбол Монгол Улсад зөвхөн шар нунтаг хийх хүртэл үйл ажиллагаа байж болох юм. Түүнээс цааш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг үйл ажиллагаа байж болохгүй гэсэн байр суурьтай байдаг ” гэв.