Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Хил дамнан халдварладаг шүлхий болон мялзан төст өвчнийг эрт үед нь илрүүлдэг болно

Хил дамнан халдварладаг шүлхий болон мялзан төст  өвчнийг эрт үед нь илрүүлдэг болно

Цаг үеийн нөхцөл байдлын шаардлагаар манай улс малын эрүүл мэнддээ сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарах болсон билээ. Гуравхан сая хүн амтай, 60 сая дөхсөн малтай гэдэг бол мал аж ахуйн боломж нөөц их байна гэсэн үг. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлаад удаагүй байна. Хоёр орны төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээрийн үр дүнд гарсан шийдвэрүүдээс хамгийн ихээр сонирхол татах зүйлсийн нэг бол яах аргагүй Монголоос мах худалдан авах асуудал.

Статистик мэдээллээр бол, Орос улс жилдээ 59 тэрбум доллароор хоёр сая тонн орчим мах болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн худалдан авдаг юм байна. Харин манай улсын хувьд хямд бөгөөд чанартай монгол малын махыг нийлүүлж чадах юм бол асар том боломж байна гэсэн үг.

Тэгвэл Цөмийн энергийн газар болон ОУАЭА-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд Хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд, байгаль орчин, цацрагийн хамгаалалт гэсэн салбаруудад нийт 6  төсөл хэрэгжихээр батлагдаад байна. Үүнд ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид MON2014004 буюу "Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчнийг эрт, шуурхай оношлогоо" төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хил дамнасан малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, оношлогоо, эмчилгээ сайжирч, ялангуяа таван хошуу мал, амьтны мялзан өвчнийг эрт үед нь хурдан шуурхай оношилж улмаар зөв оношилгоонд тулгуурлан хяналтын арга хэмжээ авч болдог зэрэг давуу талтай юм байна.

Халдварт өвчинд хил гэж байхгүй, хил дамжин халдварладаг тул шүлхий болон мялзан төст өвчний эрт үеийн оношилгоог сайжруулах, халдварлалтын хяналтын тогтолцоог сайжруулах нь ирээдүйд манай улс мах экспортлогч орон болоход нөлөөлөх чухал ач холбогдолтой төсөл юм.

Дашрамд дурьдахад хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа мал эрүүл мэндийн салбарт 1987 оноос хойш малын эрүүл мэндийн чиглэлээр ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 14 орчим төсөл ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит тус тус хэрэгжүүлсэн байдаг юм байна.