Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Ярилцлага

Б.Түмэндэмбэрэл: Ураны уул уурхайг нийгэмд зөвөөр ойлгуулахад боловсролын салбар чухал үүрэгтэй

Б.Түмэндэмбэрэл: Ураны уул уурхайг нийгэмд зөвөөр ойлгуулахад боловсролын салбар чухал үүрэгтэй

Шинжлэх Ухаан, Техникийн Их сургуулийн Үл эвдэх сорилын төвийн захирал, доктор, дэд профессор Б.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа.

-ШУТИС дээр ирээдүйд цөмийн энергийн салбарт ажиллах инженерүүдийг хэзээнээс бэлтгэж ирсэн бол?

- Хорин жилийн өмнө буюу 1990-ээд оны эхээр Политехникийн Дээд сургуулийн Физикийн тэнхимийн дэргэд Олон улсын атомын энергийн агентлагийн тусламжтайгаар Аж үйлдвэрийн гаммарадиографийн лаборатори байгуулагдсанаас эхлэлтэй. Гаммарадиограф гэдэг бол цөмийн гамма болон рентген цацрагийг ашиглан аж үйлдвэрийн болон дэд бүтцийн салбарт, тухайлбал цөмийн реактор, дулааны цахилгаан станцын зуух болон иргэний барилга байгууламж, нисэх онгоц зэрэг салбарт чанарын шалгалт хийдэг технологи. Радиографийн шалгалт нь хэт авианы шалгалт, соронзон бөөмийн сорил, шингэн нэвчүүлэх сорил, хуйларсан гүйдлийн сорил зэрэг бусад аргуудтай нийлж үл эвдэх сорил(ҮЭС)-ын үйлчилгээ болдог. ҮЭС-ын технологийн лаборатори байгуулагдсаны ачаар чиглэлийнх нь мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр боловсруулсан. Инженер физик мэргэжлийн бакалавр, магистрийн хөтөлбөрийн хүрээнд Үл эвдэх сорилын инженерүүдийг 20-иод жил бэлтгэж ирлээ. Манай бэлтгэсэн инженерүүд нисэх, эрчим хүч, төмөр зам, барилга болон бусад салбарт амжилттай ажиллаж байна. Үүнээс гадна манайд уул уурхайн салбарын их бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотой ҮЭС хөгжлийн шинэ шатанд гарсан. Жишээлбэл “Айвенхоу майнз” компани бүтээн байгуулалтаа эхлүүлэх үед манай инженерүүд ҮЭС-ын компани байгуулаад тус компанийн техник хяналтын ажилд оролцсон. Хоёр ч компани олон улсын түвшинд үл эвдэх сорилын үйлчилгээг хүргэж байна. Боловсролын салбарт Үл хөдлөх сорилын инженерийг бэлтгэхээс гадна ШУТИС-ийн ҮЭС-ын төв Олон улсын атомын энергийн агетлагийн Ази номхон далайн гэрээний “Үл эвдэх сорил” дэд төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж, бүсийн 16 оронтой нягт хамтран ажиллаж туршлага судалдаг. Үүний ачаар бид Монгол улсад энэ салбарын ажилтан бэлтгэдэг олон улсын стандартын тогтолцоог бий болгосон юм. Олон улсын түгээмэл стандартын дагуу Монгол Улсад явагдаж байгаа бүх үл эвдэх сорилын үйл ажиллагааг ажилтнаар нь дамжуулан зохицуулах схем байгуулсан.

-Үл эвдэх сорилын хөгжил Монголд ямар байгаа вэ?

-Үл эвдэх сорил манайд байдаг. Жишээлбэл, дулааны цахилгаан станцад гагнуурын ажил хийгээд рентгенээр шалгадаг. Эмнэлэгт байгаа оношлогоотой адил бүх физик аргууд аж үйлдвэрт байдаг. Энэ бол чанарын хяналтын технологи.

Үл эвдэх сорил гэдэг нь цөмийн цахилгаан станц, нефть ба химийн аж үйлдвэр, нисэх онгоцны үйлдвэр, хүнд металлургзэрэг салбаруудад заавал хэрэглэгддэг. Монголын Улсад эдгээр том үйлдвэрийн салбарууд бий болоогүй ч гэсэн иргэний аж үйлдвэр, дэд бүтцийн салбар бий болсон. Тухайлбал, нисэх, эрчим хүч, барилгын салбарт тодорхой хэмжээгээр хэрэглэгдэж байдаг технологи юм. Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөгөөнөөр бий болгосон үл эвдэх сорилын ажилтныг сургаж бэлтгэх, сертификат олгох тогтолцоо бол ирээдүйн бүтээн байгуулалтад шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурь юм. Монголд цөмийн реактор, нефть, химийн үйлдвэр ирээдүйд барьж байгуулах бүтээн байгуулалтад дээрх мэргэжилтнүүд заавал байх шаардлагатай болдог. Ийм тогтолцоо сүүлийн 20 жилд Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөмжөөр бий болсон нь олзуурхууштай. Одоо манай улс эрчимтэй үйлдвэржих шатандаа яваа. Энэ тогтолцоо бий болсноор олон талын ач холбогдлоо өгч байна. Дээрх салбарын үйлдвэрүүд бий болохоос техникийн хяналтын ажилтан нь бэлтгэгдсэн байх ёстой. Монголын нутагт хариуцлагатай объект, нефть, химийн үйлдвэр барилаа гэхэд тэнд техникийн хяналтыг үндэсний мэргэжилтэн хийх шаардлагатай юм. Үндэсний мэргэжилтэн нь техникийн хяналт хийж байна гэдэг нь улс орны эдийн засгийн болоод техникийн аюулгүй байдал талаасаа маш их ач холбогдолтой байдаг.

-Үл эвдэх сорилын мэргэжилтэн нь бэлтгэгдлээ гэхэд хаана дадлагажиж байна вэ? Техник технологи нь манайд бий юу?

-Олон улсын атомын энергийн зөвлөмжөөр Монголд техникийн хяналтын мэргэжилтэн бэлтгэж байна. Цөмийн реактор барьлаа ч гэсэн манай инженерүүд бэлэн байгаа гэсэн үг.

-Үл эвдэх сорилын инженерүүд өнөөдөр ямар салбарт түлхүү ажиллаж байна вэ? Ураны салбарт манай мэргэжилтнүүд ажилладаг уу?

-Геологи, уул уурхайн салбарт геологийн хайгуул, цөмийн геофизикийн мэргэжилтэнг ШУТИС-д бэлтгэдэг. Уран гэдэг бол ердийн л нэг ашигт малтмал. Хайгуулын салбарт монгол хүмүүс л ажиллаж байгаа. Энэ бол шинэ зүйл биш. Одоо явагдаж байгаа үйл ажиллагаа.

-Дээрх чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг хүний хувьд та Дорноговьд өрнөөд байгаа асуудлыг юу гэж үзэж байна вэ? Ураны хайгуулын улмаас хүн, малд сөрөг нөлөөлөлд өртлөө гэх.

-Уран нь ашигт малтмал гэдэг утгаараа бүх зүйл энгийн явагдаж байгаа. Гагцхүү цацраг идэвхит ашигт малтмал гэдэг утгаар нь 2013 онд ШУТИС-д ураны уул уурхай ба геологийн, цөмийн цацраг идэвхийн талаар мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх “Цөмийн технологи” нэртэй хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Харин өнгөрсөн жилээс бүх их, дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийгдээд үл эвдэх сорилын, цөмийн технологийн мэргэжилтэн бэлтгэх гэсэн хөтөлбөрүүдэд шинээр элсэлт аваагүй байгаа. Аж үйлдвэрийн салбаруудын зүгээс ШУТИС-д захиалга өгөх хэрэгтэй байна. Энэ мэргэжилтнийг бэлтгэж өгөөч гэсэн захиалгыг аж үйлдвэрийн салбарынхан өгөх хэрэгтэй. ШУТИС энэ жилээс мэргэжилтнүүдийг аж үйлдвэрийн салбарынхны захиалгаар бэлтгэдэг системд орж байгаа. Шинээр элсэлт аваагүй нь мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг биш, захиалгаа хүлээж байгаа гэсэн үг юм.

-Манай мэргэжилтнүүд олон улсын түвшинд бэлтгэгдэж чаддаг уу?

-Үл эвдэх сорилын инженерүүд бол олон улсын түвшинд бэлтгэгдэг. Олон улсад хэрэгжүүлж байгаа стандартын дагуу бэлтгэдэг. Үл эвдэх сорилын таван арга нь дэлхий даяар стандарчлагдсан байдаг. Монголын инженер радиографийн шалгалт хийгээд бичсэн дүгнэлтийг хятадын ч, оросын ч, америкийн инженер ч ойлгодог систем. ҮЭС-д тоног төхөөрөмж, ажилтан, ашиглах зарцуулах материал гээд бүх юм нь нь стандарчлагдсан байдаг. Сүүлийн 20 жилд олон улсын бүх стандартыг нь орчуулаад 35 стандарт монгол хэл дээр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл Үл эвдэх сорилын ажил олон улсын түвшинд монгол хүмүүс гүйцэтгэх нөхцөл нь бүрдсэн.

Дээр нь ураны уурхайн хувьд бид баялаг туршлагатай орнуудаас туршлага судлах хэрэгтэй. Ямар онцлогтой инженерийг ураны уурхайд ажиллуулах ёстой вэ гэдэг талаар бид судлах хэрэгтэй юм. Токиогийн их сургууль нийгэмд үйлчилдэг цөмийн энергийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэгээрээ ихээхэн туршлагатай юм билээ. Ураны уул уурхайн үйл ажиллагааг нийгэмд ойлгуулахад боловсролын байгууллага чухал үүрэгтэй. Цөмийн Энергийн газар энэ талаар ярихаар нийгэм хүлээж авахгүй байгаа тал анзаарагддаг. Тиймээс их сургуулийн түвшинд цөмийн технологийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна. Миний бие Физикийн боловсрол сэтгүүлд Цөмийн технологийн булан ажиллуулж, энэ технологийг дунд, ахлах сургуулийн түвшинд сурталчлан ажиллаж байна. Бүх шатны физикийн багш нар хүүхэд залуучуудын боловсролоор дамжуулж цөмийн технологийн талаар нийгэмд бодитой зөв ойлголт төлөвшүүлэх шаардлагатай байна.

Н.Энх

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2014.10.31 B4 нүүр