Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Казахстан Энэтхэгт уран нийлүүлэхээр тохиролцлоо.

Казахстан Энэтхэгт уран нийлүүлэхээр тохиролцлоо.

Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн өмчит “КазАтомПром” компани, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Атомын энергийн газар”-тай ирэх 4 жилийн хугацаанд 5000 тонн уран нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

            БНЭУ-ийн ерөнхий сайд Нарендра Моди БНКазУ-д хийсэн айлчлалын хүрээнд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Астана хотод Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хийсэн уулзалтын үед Энэтхэгийн “Атомын энергийн газар”-ын дарга Анил Шривастава, “КазАтомПром”ын гүйцэтгэх захирал Аскар Зумагалиев нар уран нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.

Гэрээ нь 2019 оны эцэс хүртэл хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд гэрээний хугацаанд Энэтхэг рүү 5000 тонн байгалийн ураныг нийлүүлэх ба ураны үнийг "тухайн үеийн зах зээлийн механизмаас хамаарч” тооцохоор гэрээнд тусгажээ.

БНЭУ болон БНКазУ нь 2009 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2011 оны 04 сард Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хамтран ажиллах тухай Энэтхэг, Казахстаны засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байжээ. Санамж бичигт БНКазУ нь БНЭУ-руу уран нийлүүлэх, мөн Энэтхэгийн даралтат хүнд усан реакторын загвар дээр суурилсан цөмийн эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Дээрх харилцан ойлголцлын санамж бичиг, засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “КазАтомПром” компани Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний корпорацитай 2011, 2014 онд уран нийлүүлэх гэрээний төсөл дээр хамтран ажиллаж, 2014 оны 12 сард дууссан байна.

Одоогийн байдлаар БНЭУ-д 6 цөмийн эрчим хүчний станцын 21 блок ажиллаж байна. Мөн хурдан нейтроны 1 цөмийн реакторын блок баригдаж байгаа ба цаашид 35 реакторыг шинээр барихаар төлөвлөөд байгаа бөгөөд тус улс нь байгалийн ураны нөөц хязгаарлагдмал орон юм.

Харин нөгөө талаас Казахстан Улс нь дэлхийн ураны нөөцийн 15%-ийг эзэлдэг бөгөөд 2009 оноос уран үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болсон. Тус улсын Актауд ОХУ-ын удирдлага дор барьсан BN-350 хурдан реактор 27 жил ажиллаж байгаад 1999 онд хаагдсан байна.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/UF-Kazakhstan-agrees-to-supply-uranium-to-India-0807156.html