Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

“Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төслийн зохицуулагчдын хурал Дархан-Уул хотноо 2015 оны 08 дугаар сард зохион байгуулагдана

“Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн  аргаар шинэ сорт гаргах нь” төслийн зохицуулагчдын хурал Дархан-Уул  хотноо 2015 оны 08 дугаар сард зохион байгуулагдана

Азийн цөмийн хамтын ажиллагааны форум, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Ургамал газар тариалангийн хүрээлэн хамтран тус форумаас хэрэгжүүлж буй “Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төслийн зохицуулагчдын хурлыг Дархан-Уул хотноо 2015 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Азийн цөмийн хамтын ажиллагааны форум /АЦХАФ/ нь Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр хамтран ажилладаг Япон улсад төвтөй олон улсын байгууллага юм. Австрали, Бангладеш, Хятад, Индонези, Япон, Казахстан, Өмнөд Солонгос, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам гэсэн 12 гишүүн оронтой. Монгол Улс 2010 онд тус форумд гишүүн орноор элсэн хамтран ажиллаж байна.

Тус форум нь цацрагийн хэрэглээ, судалгааны реакторын хэрэглээ, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, цөмийн дэд бүтцийг бэхжүүлэх  чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүн орнуудын харилцан тохирсон нийт улс орны хэрэгцээ шаардлага, нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлд нийцсэн асуудлаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажилладаг. Форумын үйл ажиллагааны чиглэл, стратеги төлөвлөгөө, бодлогын асуудлыг Сайд нарын түвшний хурлаар, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагааг Зөвлөх төлөөлөгчдийн хурлаар, төслийн хэрэгжилтийг Төслийн зохицуулагчдын хурлаар удирдан зохицуулдаг.

Монгол Улс АЦХАФ-тай хамтран 10 төсөл хэрэгжүүлдэг  бөгөөд үүний нэг нь “Мутацийн селекци-Цацраг идэвхт изотоп ашиглан үржүүлгийн аргаар шинэ сорт гаргах нь” төсөл юм.

2015 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд “Мутацийн селекци” төслийн координаторуудын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна.

“Мутацийн селекци” төсөл нь үр тариаг цацрагаар шарж үржүүлгийн аргаар өндөр ургацтай, өвчин, ганд тэсвэртэй, шавжийн эсрэг чадвартай үр тариаг гарган авч тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, тогтвортой байдлыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн эхэн үед улс орнууд зөвхөн мэдээлэл солилцох шатандаа байсан бол 2013 оноос шинэ шатанд гарч, гамма үүсгүүр ашиглан орчны нөхцөлд тэсвэртэй мутантын төрлүүдийг тогтоох судалгааг хийж байна. 

Монгол Улс тус төсөлд 2013 оноос хамтран ажиллаж байгаад бөгөөд ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын баг төслийн хэрэгжилтийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал 2013 онд хэд хэдэн мутантыг гарган авч,  үндсэн сорилтын талбарт тариалж үр дүнг гарган авчээ. 2014 оноос Дархан-193, Дархан-197, Дархан-199, Дархан-200 сортын үрийг гамма туяаны 100Gy, 150Gy, 200Gy, 250Gy тунгаар үйлчлэн талбайд тариалж үнэлгээ өгөх, мутант сорт болон ирээдүйтэй дугаарыг сонгон лабораторийн ба талбайн нөхцөлд ган тэсвэрийг үнэлэх, шинэ мутант удмуудад ДНХ, РНХ-ийн концентраци тодорхойлж SSR маркер ашиглан полиморфизм тодорхойлох, хяналтын болон үндсэн сорилтын талбарт судлагдаж буй шалгарсан удмуудад ургац, биохими, технологийн болон ган, өвчин тэсвэрийн үнэлгээ өгөх зэрэг судалгааг хийж байна.

“Мутацийн селекци” төслийн олон улсын судалгааны үр дүнг нэгтгэн судалгааны датабааз үүсгэн улс орнууд ашиглаж байгаа бөгөөд хэд хэдэн гарын авлага, судалгааны материалыг хэвлүүлсэн.

Филлипин, Япон улсын судлаачдын 1993 оноос хойш хийсэн судалгааны үр дүнгээр мутацийн селекцийн талаарх ерөнхий мэдээлэл болон үр тарианы боловсруулалтын арга аргачлалын практикийн зөвлөмжүүдийг багтаасан гарын авлага бэлтгэж 2004 онд хэвлэн олон нийтийн хүртээл болгожээ.

Олон улсад цөмийн цацрагийг үр тарианы шинэ сорт гаргахад ашиглахаас гадна байгаль орчны бохирдлыг бууруулах, ус цэвэржүүлэх, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглээний хугацааг уртасгах, эрүүл мэндийн салбартэмнэлгийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг ариутгах, бүх төрлийн бүтээгдэхүүний сав баглаа, боодол, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйг хангах, үнэт чулууны өнгийг хувиргах, гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байлдыг хангах зэргээр олон салбарт өргөн ашиглаж байна.