Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн энергийн газар 5 дугаар сард

Цөмийн энергийн газар 5 дугаар сард

Үндэсний хөтөлбөрийн баримт бичгийг боловсрууллаа
 
ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны 2016-2017 оны төслийн циклд оруулах төслийн төсөөллийг холбогдох байгууллагуудаас авч Үндэсний хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулсан. Мөн Монгол Улсын хилээр цацраг идэвхт ашигт малтмалын шинжилгээний дээж нэвтрүүлэх журам баталсан.
 
 
Цацрагийн хяналт шалгалт хийлээ
 
ЦЭГ-ын 2014 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө болон Цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу 5 дугаар сард Улаанбаатар хотын 9 байгууллагад хяналт шалгалтыг хийж, хяналтаар илэрсэн 15 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 4 байгууллагад торгууль шийтгэврийн арга хэмжээ авсан бөгөөд цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
 
Мөн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 6 дүгнэлт, 12 заалт бүхий 2 албан шаардлага үйлдсэн. Байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 21 цацрагийн гэрчилгээ, 2 рентген аппарат импортлох, ашиглах, хадгалах эрхийн тусгай зөвшөөрөл олгосон.
 
ОУАЭА-аас цөмийн дэвшилтэт технологуудыг хүлээн авлаа
 
Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны хүрээнд "Хяналтын болон цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг бэхжүүлэх" MON/9/006 төслөөр цацраг хэмжигч зөөврийн спектрометр /INSPECTOR1000/, альфа, бета, гамма детектортой зөөврийн дозиметр /RADIAGEM 2000/, Зөөврийн Альфа-Бета бохирдол хэмжигч /LB-124/ болон Sr-90 цацрагийн үүсгүүр зэргийг ОУАЭА-аас хүлээн авсан.
 
Цөмийн энергийн газрын нэрэмжит тэмцээн боллоо
 
Монгол Улсад Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойг тохиолдуулан Цөмийн энергийн газрын зүгээс "Цөмийн энергийн салбарынхан нэгэн дээвэр доор" уриатай шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээнд Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон багаараа тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.
 
Шагнал гардуулах үеэр ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр "Энэ удаагийн тэмцээнд эрүүл мэндийн салбарынхан түрүүлсэн нь Монгол Улсад цөмийн технологийн хэрэглээ эрүүл мэндийн салбарт хэрхэн амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл боллоо. Цаашид энэхүү тэмцээнийг Цөмийн энергийн газраас жил бүр уламжлал болгон зохиохоор зорьж байгаа" гэв.
 
Солонгосын Аж үйлдвэрийн технологийн холбооны төлөөлөгчидтэй мэдээлэл солилцлоо
 
 
Солонгосын аж үйлдвэрийн технологийн холбооны 23 төлөөлөгч Цөмийн энергийн газарт зочилж мэдээлэл солилцлоо. Аж үйлдвэрлэлийг дэмжих холбоо буюу KOITA нь анх 1979 онд Солонгосын ШУ, Мэдээлэл, Харилцаа холбооны технологийн төлөвлөлтийн яамны харъяа аж үйлдвэрлэлийн R&D салбарыг дэмжин хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага юм. Уулзалтын үеэр Солонгосын АҮТХ-ны дарга Чой Кэн Сэо хэлэхдээ, цөмийн энергийн салбарт Samsung, Hyundai  зэрэг томоохон байгууллагуудын 30000 гаруй бүтээл байдаг бөгөөд Солонгос улсад энэ чиглэлээр судалгаа явуулдаг 27 байгууллага байдгийг онцоллоо. Мөн холбооны зүгээс манай улсын эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
 
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр OУАЭА-ийн хуралд оролцлоо
 
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр, Гадаад харилцаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамир нар ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагаа (ТХА)-ны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцоод ирлээ.
 
Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд хэрэгжүүлж буй төслүүдээ хэрхэн сайжруулах, цацрагийн аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор бүсийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, анагаах ухааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.
 
Дашрамд дурдахад ОУАЭА-ийн ТХА-ны хөтөлбөрийн хүрээнд манай улсад цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг болсон. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрийн шугамаар Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хавдрыг эсийн түвшинд оношлох спектгамма камерыг хүлээлгэн өгсөн бөгөөд холбогдох мэргэжилтнийг гурван жил мэргэшүүлэн сургасан.
 
Монгол эрдэмтэний баг шинэ элемент байдгийг баталлаа
 
 
Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн Жадамбын Хуягтбаатарын Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдогийг энэ удаагийн туршилтаараа баталсан нь олон улсын түвшинд Монгол Улсын нэрийг гаргасан үйл явдал боллоо. Тухайн элементийг анх Орос болон Америкийн хамтарсан олон улсын судалгааны багийнхан 2010 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд нээсэн байна. Са48+Вк249 буюу цөмийн нэгдэх урвалын дүнд супер хүнд элемент Z=117 нь үүсэх ба 7 удаагийн альфа задралын дүнд удаан наст Db270 элемент үүсдэг байна. Мөн Db270 элементийн альфа задралын дүнд Lr266 элементийн шинэ изотопыг нээжээ. Улмаар туршилтаар  Z=117 атомын дугаартай элемент оршдогийг баталж удаан наст Db270 элементийг илрүүлснээр эрдэмтдийн таамаглаж байсан хүнд жинтэй тогтвортой элементүүдийн арал (island of stability) оршин байх боломжтой гэсэн таамаглалыг бодит болгоход нэг алхамаар ойртсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 
Манай улс малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлох аппараттай болно
 
 
"Малын өвчний оношилгоо, тандалт, урьдчилан сэргийлэх шинжилгээний тоног төхөөрөмжийг сайжруулах" зорилготой MON-5019 төслийн хүрээнд малын эмгэгийг өндөр нарийвчлалаар тодорхойлж, тогтоох эмгэг зүсэгч лазер аппаратыг нийлүүлэхэд шаардлагатай байсан 150,000 еврогийн нэмэлт санхүүжилтийг олгох шийдвэрийг 2014 оны 05 дугаар сарын 05-08 өдрүүдэд болсон Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанаас гаргахаар болсон байна. Уг хуралд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Энэ ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн тоног төхөөрөмжид шинэчлэл хийж, хүний нөөцийг сайжруулж байгаа нь цаашлаад нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, сүүлийн үед нэмэгдэж байгаа малын гоц халдварт өвчлөлтийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
 
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх талаар хэлэлцлээ
 
Солонгосын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хамгаалалтын академийн дарга Кван Кю Чой, тус газрын боловсрол сургалтын хэлтсийн судлаач Жин Юн Ли нар Цөмийн энергийн газарт зочилж цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, цөмийн хяналтын чиглэлийн хүний нөөцийн хамтын ажиллагааны талаар ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяртай санал солилцлоо. Дэлхий нийтэд цөмийн энергийн энхийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул аюулгүй ажиллагаа, хамгаалалтыг өндөр түвшинд ханган ажиллах нь зайлшгүй чухал. Тиймээс 2010 онд АНУ-д болсон Цөмийн хамгаалалтын тухай олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан санаачлагын дагуу 2014 оны 02 дугаар сард Солонгосын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон хяналтын хүрээлэн (KINAC)-гийн дэргэд уг академийг байгуулсан юм байна. Тус академиас энэ оны 3 дугаар сард "Цөмийн аюулгүй байдлыг биечлэн хамгаалах нь" сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулахад ЦЭГ-ын мэргэжилтнүүд оролцсон бол ирэх 6 дугаар сард болох "Цөмийн баталгаа" сэдэвт олон улсын сургалтанд мөн оролцох юм байна.
 
 
ЦЭГ-ийн даргын урилгаар ноён О.Акуна манай оронд айлчлав
 
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга О.Акуна манай оронд айлчиллаа. Тэрээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
 
Хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, НҮБ-ын суурийн төлөөлөгчтэй уулзаж тухайн салбарт хэрэгжиж буй төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Мөн МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Ийнхүү айчлалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА-ийн хооронд 2015-2020 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулсан.
 
Ашигт малтмалын дээжийн анализийг Монголдоо хийж байна
 
ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Геологийн төв лаборатори (ГТЛ)-д "Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын явцад хийгдэх лабораторийн анализын чанарыг сайжруулах" сэдэвт төслийг 2015 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ нэмэлт 130,000 еврогийн санхүүжилтийг ОУАЭА-аас дамжуулан АНУ-ын Засгийн газраас гаргуулахаар харилцан тохиролцлоо. Ийнхүү ашигт малтмалын дээжийн анализийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр гадагшаа урсах үйлчилгээний хөлс монголдоо шингэж, нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болж байгаа юм.
 
НҮБ-ын хөгжлийн 2012-2016 оны хөтөлбөрийн талаар санал солилцлоо
 
 
Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн 1 дүгээр хэлтсийн дарга ноён О.Акунагийн айлчлалын үеэр түүнийг НҮБ-ын суурин төлөөлөгч хатагтай С.Синаноглу хүлээн авч уулзав. Тэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, Монгол Улс-НҮБ-ын Хөгжлийн 2012-2016 оны хөтөлбөрийн талаар санал солилцлоо.
 
Ноён О.Акуна Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа
 
 
Ноён О.Акуна манай оронд айлчлах үеэрээ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяатай уулзаж анагаах ухааны салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Мөн Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хэрэгжиж буй төслийн талаар мэдээлэл хийж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Түүний үзэж байгаагаар анагаах ухааны салбар дахь цөмийн физикч, онкологч, техникийн ажилтнуудыг дотооддоо бэлтгэх талаар дэмжлэг үзүүлэх боломжтойгоос гадна боловсон хүчин бэлтгэх хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулж их дээд сургуулиудад нэвтрүүлж болох талаар санал болгосон юм байна. Мөн цаашид ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өндөр хөгжилтэй гадаад орнуудад дээрх мэргэжилтэнг бэлтгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Эрчим хүчний яамны цөмийн хамгаалалтын хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй хуучин Кобальт-60 төнөг төхөөрөмжийг шулуун хурдасгуураар сольж болох бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
 
Олон улсын цөмийн хамгаалалтыг бэхжүүлэх төсөлд манай улс хамрагдана
 
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын урилгаар ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна манай улсад айлчиллаа. Тэрээр ОУАЭА-ийн төслийн шугамаар нийлүүлсэн тоног төхөөрөмж ашиглаж буй МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Цөмийн онош зүйн тасаг, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториор зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм. Мөн энэ үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын үндэсний агентлаг нь дэлхий дахинаа цөмийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор анагаах ухааны салбарт ашиглаж буй Кобальт-60 үүсгүүрийг шугаман хурдасгуураар солих хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдлээ. Энэхүү хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Хавдар судлалын үндэсний төвд 2005 оноос хойш тасралтгүй ашиглаж буй Кобальт-60 үүсгүүрийг дэвшилтэт шинэ технологиор солих боломж бүрдэх юм хэмээн онцлов.
 
Цэвэрлэх байгууламжийн танкыг цөмийн хаягдалтай андуурав
 
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөмийн хаягдал оруулж ирсэн тухай мэдээлэл тархсан билээ. Бид энэ асуудлын мөрөөр туушин компанийн гаалийн хашаанд байгаа тухайн цөмийн хаягдал гэх контейнерийн талаар тодруулга хийхэд ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ашигладаг, цуглуулах танк юм байна. Уг бохир ус цуглуулах танк нь зэврэлт үүсгэхээс сэргийлж, дотор талаас нь пластмасс хавтангаар бүрэн бүрсэн байдаг ба хол газар тээвэрлэх зориулалтаар хийгдсэн гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. Мөн тэрээр хэлэхдээ тухайн контейнерийг хөдөө орон нутагт олон газар суурилуулсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл очиж үзэж болно гэсэн юм. Иймээс цөмийн хаягдал оруулж ирлээ гэсэн нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл байсан юм.
 
MON-1007 төслийн үндэсний сургалт боллоо
 
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON-1007 төслийн хүрээнд "Гамма спектрометрийн чанарын хяналт, хэмжилтийн эргэлзээ сэдэвт"  үндэсний сургалт өнгөрсөн сарын 28-29-нд Геологийн төв лаборатори (ГТЛ)-д зохион байгуулагдлаа. Уг сургалтад ОУАЭА-ийн шинжээч нар хичээл заасан бөгөөд МУИС-ийн  Цөмийн судалгааны төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Цөмийн энергийн газар зэрэг байгууллагын 21 мэргэжилтэн хамрагдлаа.