Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Сургалт

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

“Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт дагалдах сургалт явагдаж байна

Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-ийн Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд  “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал”-ын сургагч багш бэлтгэх сургалт 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 45 хоногийн хугацаанд Япон улсын Ибараки мужид зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад Монгол улсаас нэг мэргэжилтэн хамрагдаж ирсэн.

Энэхүү сургалтын дагалдах сургалт болох “Цөмийн болон цацрагийн ослын үеийн бэлэн байдал”сэдэвт сургалтыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон ЯАЭА хамтран 2015.09.28-10.02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Орхон аймгийн онцгой байдлын газар, Физик технологийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг 14 байгууллагын 24 мэргэжилтэн, албан хаагчид оролцож байна.

Сургалтад Монголын сургагч багш нараас гадна Японы атомын энергийн агентлагаас Шиничиро Тората, Мотоаки Сато, Минору Кубо нарын төлөлөгчид хүрэлцэн ирж хичээл зааж байна.        

Сургалтаар цацраг идэвх болон ионжуулагч цацрагийн тухай суурь ойлголтууд, цацрагийн осол түүний сургамжууд, цацрагийн ослын үеийн ажиллагчдын хамгаалалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл, ослын үеийн мэдээллийн ил тод байдал, харилцаа холбоо, цацрагийн ослын бэлэн байдал, ослын үед авах арга хэмжээний талаарх хичээлүүд заагдах юм.

Мөн цацрагийн ослын нөхцөлд ярилцлага хийх, цацрагийн хамгаалалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл хэрэглэх, цацрагийн ослын үед дээж авах хээрийн ажил, цацрагийн бохирдол, ариутгал цэвэрлэгээ, цацрагийн ослын үед авах арга хэмжээ, төрийн байгууллагуудын оролцоо зэрэг дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгэж байна.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтойгоос гадна “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүдийг өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож, салбарын хүний нөөц бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.