Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган

ОУАЭА-ийн ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган

Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 53 дугаар чуулган 2009 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Вена хотноо болов.

CG_2218 Чуулганд Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат (төлөөлөгчдийн тэргүүн), Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ж.Энхсайхан (төлөөлөгчдийн дэд тэргүүн) , Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Цөмийн энергийн газрын Цөмийн болон Цацрагийн хяналтын газрын дарга Г.Манлайжав, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Цөмийн энергийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Д.Гантуяа, Байнгын төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга А.Төмөр, Ш.Ринченмядаг нар тус тус оролцов.
 
Энэ удаагийн чуулганд нийт 150 орны 1400 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Камбожийн Вант Улс, Бүгд Найрамдах Руанда шинээр Улс Олон Улсын атомын энергийн агентлагт гишүүнээр элслээ.
 
 
Ерөнхий бага хурлын даргаар Шинэ Зеланд Улсаас Олон Улсын атомын энергийн агентлагийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч хатагтай Женифер Макмиллан сонгогдож, бага хурлын найман дэд даргын нэгээр Монгол Улс сонгогдон ажилласан байна.
Бага хурлын ажилд амжилт хүсэж Нэгдсэн Үндэстэниий Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэндчилгээ илгээв.
 
 
Чуулганаар Олон Улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Мохамед ЭльБарадэй болон 2009 оны 12 дугаар сарын нэгнээс ажиллах шинэ ерөнхийлөгч Юки Амано нар илтгэл тавьсан. Агентлагийн 2008 оны үйл ажиллагааны тайлан, 2010-2011 оны төсвийн төсөл, гишүүн орнуудын татвар, хандив, техникийн хамтын ажиллагааны сангийн 2010 оны санхүүжилт, Захирагчдын зөвлөлийн шинэ гишүүдийг сонгох, Цөмийн ба цацрагийн аюулгүй байдал, цөмийн хаягдлын болон тээвэрлэлтийн аюулгүй байдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Цөмийн терроризмын эсрэг авах арга хэмжээний тухай, Ойрхи Дорнод болон Израиль, БНАСАУ-д Олон Улсын атомын энергийн агентлагийн баталгааны арга хэмжээг хэрэглэх тухай, баригдаж байгаа буюу ажиллаж буй цөмийн байгууламж руу довтлох, довтлохоор заналхийлэхийг хориглох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоолыг батлав. Тогтоолын эх хувийг  энд дарж үзнэ үү.
 
GC53_2174 Манай төлөөлөгчдийн тэргүүн, Цөмийн энергийн газрын дарга доктор С.Энхбат 9 дүгээр сарын 16-ны өдөр болсон Чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын  Улсын Их Хурал Цөмийн энергийн тухай хууль, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг суурь баримт бичиг баталсан бөгөөд Цөмийн энергийн газраа  шинэчилж бэхжүүлсэн талаар мэдэгдлээ. Цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, эрчим хүч, байгаль, хүрээлэн байгаа орчин, боловсрол, шинжлэх ухааны салбарт нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, багаж төхөөрөмж авах, боловсон хүчин сургах зэргээр Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс манай улсад нэлээд хэмжээний тусламж үзүүлж ирсэнд доктор С.Энхбат Засгийн газрынхаа нэрийн өмнөөс Олон Улсын атомын энергийн агентлагт талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай эрүүл мэндийн салбарын байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхиа дээшлүүлэх чиглэлд Олон Улсын атомын энергийн агентлагаас туслалцаа авч байгаа бөгөөд хоёр тал энэхүү хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхээр шаргуу ажиллаж байгаа тухай онцлон тэмдэглэв.
 
Энэ удаагийн Ерөнхий бага хурлаар 2009-2011 онд Агентлагийн Захирагчдын зөвлөлд ажиллахаар Алс Дорнодын бүлгээс Монгол Улс сонгогдов. Захирагчдын зөвлөл 35 гишүүнтэй бөгөөд 2 жилийн хугацаатай сонгогддог. Өмнө нь манай улс Захирагчдын зөвлөлд 1985-1987 онд сонгогдон ажиллаж байсан  байна. 
 
ОУАЭА-ийн одоогийн Ерөнхий захирал Мохамед ЭльБарадейн бүрэн эрхийн хугацаа 11 дүгээр сарын 30-нд дуусаж байгаатай нь холбогдуулж түүнд “ОУАЭА-ийн хүндэт Ерөнхий захирал” хэргэм олгох тухай тогтоол батлаж хүндэтгэл үзүүлэв.