Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Гадаад мэдээ

Дэлхийн эрчим хүчний шилжилт

2040 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний бараг тэн хагас нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи руу шилжих төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА, International Energy Agency) онцолсон байна. Дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хувь одоогийн түвшинд байх төлөвтэй байна.

          2040 онд эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 10,570 ГВт-д хүрч, 2014 оны түвшнээс 4400 ГВт-аар нэмэгдэх ажээ. Эрчим хүчний хамгийн их өсөлттэй байх улс орнуудыг БНХАУ (хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэх), БНЭУ (хүчин чадал нь бараг дөрөв дахин нэмэгдэх) тэргүүлж байна.

          "Эрчим хүчний шилжилт хийгдэж байгаа тодорхой шинж тэмдэг байна. Эрчим хүчний бүтцийн өөрчлөлт нь цаг хугацааны туршид болон бүс нутгийн түвшинд харилцан адилгүй байна" хэмээн ОУЭХА дүгнэжээ. Энэхүү өөрчлөлтөд нүүрстөрөгчгүй цэвэр эрчим хүчний технологи ашиглахад чиглэсэн бодлого нөлөөлөхөөс гадна эрчим хүч үйлдвэрлэх технологийн капиталын үнэ өртөг, түлшний үнэ гэх мэт эдийн засгийн хүчин зүйлс нөлөөлөх юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт, эрчим хүчний эрэлт хэрэгцээ, эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах хорт хийн ялгаралт зэргийн хоорондын холбоо сулрах төлөвтэй байгааг сануулсан байна. Зарим улс /БНХАУ гэх зэрэг/-д эрчим хүчний салбарын эрэлт хэрэгцээ нь ханасан цэгтээ хүрэх эдийн засгийн болон бүтцийн өөрчлөлт хийгдэх төлөвтэй байна гэж үзжээ.

Дэлхийн эрчим хүчний бүтцэд 1990 оноос хойш тогтвортой байсан нүүрсний эзлэх хувь 41%-иас 2040 онд 30% болж буурах төлөвтэй байна. Нийт үйлдвэрлэлд бага нүүрстөрөгч ялгаруулдаг технологийн эзлэх хувь 2013 онд 1/3 байсан бол 2040 онд 47% болж өсөх бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүчний (уснаас бусад) өсөлт болон цөмийн эрчим хүч, усан цахилгаан станцын эзлэх хувь тогтвортой байхаас шалтгаалах юм.

 

Сэргээгдэх эрчим хүч нь 2030 оны эхээр цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болж нүүрсийг гүйцэх бөгөөд 2040 он хүртэлх хугацаанд бүх өсөлтийн талаас илүү хувийг эзлэх аж. Цөмийн эрчим хүчний станцуудын гаралт 2478 ТВт*цаг (2013)-аас 4606 ТВт*цаг (2040) болж нэмэгдэх төлөвтэй байна. БНХАУ-ын цөмийн эрчим хүчний тэлэлт цөмийн эрчим хүчний өсөлтийн бараг тэн хагасыг эзэлж байна. Гэсэн хэдий ч дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлд цөмийн эрчим хүчний эзлэх хувь 12% хэвээр байх төлөвтэй байна. 2015 оноос 2040 оны хооронд 148 ГВт хүчин чадал бүхий цөмийн эрчим хүч станцууд ашиглалтаас гарах хэдий ч мөн энэ хугацаанд 365 ГВт хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцууд ашиглалтад орох юм.

Нүүрсхүчлийн ялгарал 

1990 оноос хойш эрчим хүчний үйлдвэрлэл болон холбогдох нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн ялгаралт "нэгийг харьцах нэг үндсэн дээр" өссөн байна. Харин 2013-аас 2040 оны хооронд энэ хоёр хол тасрах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүч үйлдвэрлэлийн өсөлт бараг 70% байхад, СО2 ялгаралт бага буюу 15%-иар өснө. ОУЭХА-ийн үзэж байгаагаар эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн хэмжээ 2040 онд бараг 50% -иар их байх болно.

Эрчим хүчний үйлдвэрлэлтэй холбоотой нүүрстөрөгчийн өсөлт "мэдэгдэхүйц удаан байх хэдий ч 2100 он гэхэд температур 2.7 °С-ээр нэмэгдэнэ" гэсэн байна.

Нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний технологи нэвтрүүлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд 2030 он гэхэд 13.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ.