Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

Говь-алтай, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагуудад хийсэн цацрагийн хяналт, шалгалтын дүнгийн тухай

ЦЭГ-ын Даргын баталсан удирдамжийн дагуу Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын олборлолт, судалгаа шинжилгээ, эрүүл мэнд, гадаад орчин, авто замын чиглэлээр цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад Цөмийн энергийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэнд 2009 оны 11-р сард хяналт, шалгалт хийлээ.
 
Хяналт шалгалтанд 4 аймгийн 13 байгууллага, ахуйн нэгж хамрагдсан ба илэрсэн зөрчлийг засуулахаар улсын байцаагчийн акт 2, албан шаардлага 3-ыг үйлдэж, 8ш цацрагийн үүсгүүрийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоох, түр хадгалалтанд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авлаа.
 
Хяналт, шалгалтаар илрүүлсэн зөрчил, авсан арга хэмжээ
 
1. Говь-Алтай, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгийн рентген кабинетуудад хийсэн хяналт, шалгалтын дүнгээс үзэхэд рентген аппарат ажиллуулах эрхийн тусгай зөвшөөрөлгүй, улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүргийн биелэлт хангалтгүй, ихэнх рентген аппарат нь техникийн хувьд бүрэн биш, кабинет нь цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэмгүй, цацрагийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг томилоогүй, рентген кабинетийн нэг өрөөнд 2 рентген аппарат байрлуулсан, зураг авахаар байрлуулсан зөөврийн рентген аппарат нь хамгаалалтын том ширмгүй, рентген кабинет болон зураг угаах өрөөнд шаардлага хангасан цахилгаан агааржуулалтын системгүй, хувийн хамгаалалтын хэрэгсэл дутагдалтай зэрэг зөрчил, дутагдал илэрсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.2, 44.1.6 дахь заалтуудыг зөрчиж байсан тул дээрхи аймгуудын ЭМГ, нэгдсэн эмнэлэгт улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг засуулах арга хэмжээ авлаа. Ховд аймгийн БОЭТ-д зориулалтын бусаар ашиглаж байгаа зөөврийн рентген аппаратыг 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авлаа.
 
2. Ховд их сургуулийн ашиглаж байгаа цацраг идэвхт үүсгүүрүүдийн хадгалалт, хамгаалалтын байдалд хийсэн хяналт, шалгалтын дүнгээс үзэхэд тус сургууль цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, нейтроны үүсгүүрийг шарлагад ашиглах үед хажуу зэргэлдээ болон дээд давхрын өрөөнүүд, гадна хаалгаар туяаны алдагдалтай, цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн болон мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн хяналтанд хамруулаагүй, цацрагийн хэмжилтийн багажинд тохируулга, баталгаажилт хийлгээгүй, цацрагийн үүсгүүр хадгалах байр нь галын дохиолол, хамгаалалтын системгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3, 36.1.7, 36.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 43,5, 45 дугаар зүйлийн 45.1 дахь заалтуудыг ноцтой зөрчиж байсан тул зөрчлийг арилгуулах, цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор улсын байцаагчийн албан шаардлага өгч, цөмийн физикийн сургалтын зориулалт бүхий 4 төрлийн 5ш цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалтыг 2009 оны 11 дүгээр сарын 2-оос эхлэн зөрчлийг засуулах хүртэлх түр зогсоов.
 
3. Авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Төв АЗЗА ХК, Улаанбаатар АЗЗА ТӨХК-д хийсэн хяналт, шалгалтаар үүсгүүр бүхий төхөөрөмжийг лабораторид аюулгүйн шаардлага хангаагүй байранд хадгалсан, оператор нь хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын төвийн хяналтанд хамрагдаж шинжилгээ хийлгээгүй, хувийн дозиметрийн хяналтыг тасалдуудсан, хэмжилтийн багаж ажиллагаагүй, хэмжилт хийсэн бүртгэл, журнал байхгүй, эталон дээр хэмжсэн чанарын хяналтын бүртгэлгүй, багажийг аюулгүйн зааврын дагуу цэвэрлээгүй зэрэг зөрчил дутагдлууд нь илэрсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6, 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.1.3, 36.1.8 заалтуудыг зөрчиж байсан тул цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор улсын байцаагчийн актаар TROXLER төхөөрөмжийг 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан.
 
Хяналт, шалгалтын дүгнэлт
 
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн бүсийн эмчилгээ оношилгооны төвийн рентген кабинетуудад Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилт хангалтгүй байна.
Ховд их сургуульд хийсэн хяналт, шалгалтаар сургалт, судалгааны зориулалтаар ашиглаж байгаа цацраг идэвхт үүсгүүрийн хадгалалт, хамгаалалт шаардлага хангаж байгаа боловч Цөмийн энергийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна.
Зам барилгын ажилд ашиглаж байгаа цацраг идэвхт үүсгүүр бүхий тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт хээрийн нөхцөлд хангалтгүй ба аюулгүй ажиллагааны дүрмийг бүрэн мөрдөж хэвшээгүй дутагдлууд илэрч байна.
Каротажын шинжилгээ судалгааны зориулалтаар МоЭнКо ХХК дээр хадгалагдаж байгаа Дийп сурвей ХХК-ний цацраг идэвхт үүсгүүрүүд нь хяналтын албаны зохих зөвшөөрлөөр хадгалалт хамгаалалтын шаардлага хангаж байсан боловч үүсгүүрийн контейнерийн чанарыг сайжруулах шаардлагатай байгаа нь хэмжилтийн дүнгээс харагдаж байна.
Цаашид авах арга хэмжээний санал
Говь-Алтай, Ховд аймгуудын эмнэлэг нь Цөмийн энергийн тухай хуулийн дагуу холбогдох материалыг бүрдүүлж, мөн хуулийн 15.1.8-д заасны дагуу рентген оношилгооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах
Ховд их сургуулийн сургалт, судалгааны зорилгоор ашиглаж байгаа нейтроны үүсгүүрийн шарлагын өрөөний хажуугийн болон дээд өрөөнүүдэд нейтроны цацрагаас хаах нэмэлт хамгаалалтыг хийх техник, эдийн засгийн тооцоог гаргах, Цөмийн энергийн тухай хуулийн 15.1.8-д заасан тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулах
Зам засвар, барилгын болон каротажийн судалгаа зэрэг зөөврийн зориулалтаар хээрийн нөхцөлд ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрүүдийн аюулгүй байдалд хийх хяналт шалгалтыг жил бүр хийх арга хэмжээг ЦЭГ-ын хяналт шалгалтын ажлын төсөвт тусгуулах замаар авч хэрэгжүүлэх
Улсын хилээр нэвтэрч байгаа ашигт малтмалын дээж, хүдэрт цацрагийн хяналт, хэмжилтийг тогтмол хийж, бүртгэл тооцоог холбогдох байгууллагуудтай хамтран нягтлах
Дийп сурвей ХХК нь цацраг идэвхт үүсгүүрүүдийн контейнерийн чанарыг сайжруулах арга хэмжээ авах
АНУ-ын засгийн газрын тусламжаар Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтод суурилуулсан цөмийн материал болон цацрагийн үүсгүүр илрүүлэх суурин төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа боловч энэ төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэн байхгүйгээс хяналтын үр дүн буурах хандлагатай байна. Иймээс боомт дээр энэ хяналтыг тусгайлан хариуцсан мэргэжилтний орон тоог хилийн мэргэжлийн хяналтын газраас бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
 
 
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР