Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн энергийн комиссын ажлын алба www.trends.mn–д нийтлэгдсэн 10 асуултад хариулт өглөө

Цөмийн энергийн комиссын ажлын алба www.trends.mn–д нийтлэгдсэн 10 асуултад хариулт өглөө

АСУУЛТ 1: Конвенцод зааснаар цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэнэ. Ашигт малтмалын тухай хуулиар “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Арева, Кожеговь нар одоо эзэмшиж байгаа ашиглалтын лицензийнхээ дагуу  үйлдвэрлэж, өөр улсад борлуулсан түлшнээс үүссэн хаягдал МОНГОЛ УЛСАД ҮҮССЭН цацраг идэвхит хаягдал мөн үү? Мөн бол конвенцын гэрээгээр хүлээсэн үүргээр бол ҮҮССЭН улсдаа буюу Монгол улсад булшлах ёстой юу?

ХАРИУЛТ1.

  • Цөмийн хаягдлыг үүсгэсэн улс гэдэг нь Цөмийн түлшийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж тухайн түлшийг хаягдал болгосон улсыг хэлдэг юм. Түлшний түүхий эд нийлүүлсэн улс нь хаягдал үүсгэсэн улс биш юм. /Нүүрсийг экспортлоод үнсийг нь авдаггүй шүү дээ, үүнтэй адил юм/
  • Монгол Улс ураныг зөвхөн шар нунтаг /давхар исэл/ хэлбэрээр олборлож экспортод гаргана. Түлш үйлдвэрлэхгүй /цөмийн зэвсэгтэй 5 орон ураныг баяжуулж, түлш үйлдвэрлэх эрхтэй/
  • Тухайн түлш үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргасан орон Монгол Улсад буцааж ашиглан түлшийг (түүхий эдийг нийлүүлсэн гэдэг утгаар) өгөх эрх зүй байхгүй. Олон улсад ийм практик байхгүй. Харин түлш үйлдвэрлэсэн, түлш худалдан авсан орны хооронд  ашигласан түлшийг цаашид хэрхэх талаар гэрээ хэлэлцээрийн журмаар шийдвэрлэдэг.
  • Ураны олборлолтоос үүсэх хаягдал нь олон улсын ангилалаар цөмийн хаягдалд хамаардаггүй. 

АСУУЛТ 2: Чех улстай хамтарсан “Мон-Чех Ураниум”, Монгол Япон Францын хамтарсан “Арева Майнс” хамтарсан компанийн ашиглалтын үйл ажиллагаагаар үйлдвэрлэж борлуулсан буюу экспортлосон түлшнээс үүссэн  МОНГОЛ УЛСАД ҮҮССЭН цацраг идэвхит хаягдал мөн үү?  Мөн бол конвенцын гэрээгээр хүлээсэн үүргээр бол ҮҮССЭН улсдаа буюу Монгол улсад булшлах ёстой юу?

ХАРИУЛТ 2.

  • Хаягдлыг үүсгэсэн улс гэдэг нь Цөмийн түлшийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж тухайн түлшийг хаягдал болгосон улсыг хэлдэг юм. Түлшний түүхий эд нийлүүлсэн улс нь хаягдал үүсгэсэн улс биш юм. /Нүүрсийг экспортлоод үнсийг нь авдаггүй шүү дээ, үүнтэй адил юм/. Монгол улсад үүссэн хаягдал гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

АСУУЛТ 3: Доорх гэрээний заалтад байгаа өөрийн нутаг дэвсгэрт ИМПОРТООР оруулахыг хориглоно гэдэг нь ямар утгатай вэ?  “Нутаг дэвсгэртээ оруулахыг хориглоно” гэж яагаад заагаагүй байна вэ? Монгол улсад ҮҮССЭН түлшний хаягдал ИМПОРТООР оруулах ангилалд багтах уу? Багтахгүй бол улсдаа үүсгэсэн түлшний хаягдлаа эргүүлж аваад булах ёстой юу?

ХАРИУЛТ 3:

  • Тус конвенцид нэгдэн орохтой холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд Цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг “Монгол Улсад импортоор оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг боловсруулж, эрх зүйн орчинг бий болгож байна.
  • Монгол улсад эмнэлэг, судалгаа шинжилгээ, аж үйлдвэрийн салбарт ашигласан цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хэрэглээнээс үүсэх хаягдлыг Монгол улс өөрөө аюулгүй менежмент хийх ёстой.

АСУУЛТ 4:Энэ конвенц цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаанд үйлчилдэг гэж байна. Энгийнээр хаягдлыг менежмент хийх буюу булшлах ажиллагааг зохицуулдаг.  БУЛШЛАХ ажиллагааг зохицуулах конвенц БУЛШЛАХГҮЙ байх эрх зүйн орчин болно гэсэн тайлбарт логик зөрчил байна. Үүнд тайлбар авах.

ХАРИУЛТ 4.

  • Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцийн Удиртгалын 12 дугаар заалтад “аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрч” гэж заасан байдаг.
  • Өөрөөр хэлбэл Монгол улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулан булшлахгүй байх эрхтэй гэдгийг заасан байна.
  • Конвенц нь хаягдлыг булшлах үйл ажиллагааг зохицуулсан конвенц биш юм, Цөмийн энерги болон цацраг идэвхт материалын хэрэглээнээс үүсэх хаягдалд аюулгүй менежмент хийж, өнөө ба ирээдүйн хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан конвенц юм.
  • Цацраг идэвхт хаягдлыг Олон улсын түвшинд өндөр, дунд, бага түвшний гэж 3 ангилдаг.
  • Манай улсад бага түвшний хаягдал нь эрүүл мэнд, уул уурхай, аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, авто тээврийн зэрэг байгууллагуудын хэрэглээнээс хамааран бий болдог.
  • Харин дунд болон өндөр түвшний цацраг идэвхт хаягдал нь АЦС болон түүний харьяа бусад байгууламжийн үйл ажиллагааны улмаас үүснэ (манай улсад байхгүй).
  • Энэхүү конвенциор манай улсад үүсэж буй бага түвшний цацраг идэвхт хаягдалтай холбоотой аюулгүй байдлыг сайжруулж, чангатгах ба харин дунд болон өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг гаднаас Монгол Улсад оруулж, булшлахад хориг тавих зорилготой.

АСУУЛТ 5: Өмнөх асуулттай адилхан. Аюулгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй хаягдлын менежмент гэдэг нь аюулгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй(ямар үхсэнийх нь ээл вэ?) аргаар булшлах эрхзүйн орчин мөн үү?

ХАРИУЛТ 5.

  • Цацраг идэвхт хаягдлын менежмент нь олон сонголттой байдаг бөгөөд үүнд дахин боловсуулан ашиглах, цацраг идэвхийг задарч дуустал түр хадгалах, газрын гадаргад зориулалтын байгууламжид хадгалах, ангилах, ялгах, овор хэмжээг багасгах, бэхжүүлэх, газрын гүнд тогтвортой чулуулагт булшлах гэх мэт сонголт, арга техниктэй байдаг юм.
  • Мөн дээрх үйл ажиллагааны аюулгүй ажиллагаа, цацрагийн хамгаалалттай холбоотой эрх зүйн арга хэмжээг чангатгах, ингэснээр байгаль орчин, хүн амыг хамгаалах зорилготой.
  • Цацраг идэвхт хаягдалтай харьцах аль ч шатанд цацрагийн аюул болон цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, нийгэм болон хүрээлэн буй орчныг үр ашигтай хамгаалах хяналтын тогтолцоо бий болгох, шаардлагатай тохиолдолд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд техникийн дэмжлэг туслалцаа авах боломжтой.
  • Тус конвенцид нэгдэн орохтой холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд Цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг “Монгол Улсад импортоор оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно”гэсэн хуулийн заалтыг боловсруулж, эрх зүйн орчинг бий болгож байгаа юм.

АСУУЛТ 6:Бусад 130 гаруй орон нь энэ конвенцид яагаад нэгдээгүй байгаа вэ? Цацраг идэвхит хаягдалын менежментийн(булшлах) аюулгүй ажиллагааг хангах зорилготой юм бол  булшлах хэрэгтэй орнууд нэгдэж хамтарч ажиллах зориулалттай конвенц мөн үү?

ХАРИУЛТ 6.

  • Дэлхийн дээр цөмийн станцтай 31 улс л байна. Гэвч энэхүү конвенцид 71 улс нэгдэн орсон байна.
  • Энэхүү конвенцид нэгдэх эсэх нь тухай орны дотоод асуудал. ОУАЭА-аас гишүүн орнууддаа эдгээр конвенцид нэгдэхийг уриалдаг. Ингэснээр бус нутаг, олон улсын түвшинд цөмийн аюулгүй байдлыг сайжруулах, цөмийн терроризмын эсрэг эрх зүйн орчныг чангатах, хамтын ажилагааг хөгжүүлэх боломжтой болох юм.     
  • Конвенцийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх хурлыг 3-аас дээшгүй жилд нэг удаа зохион байгуулдаг зөвхөн тус конвенцид нэгдэн орсон улс орнууд оролцох эрхтэй. Хурлаар конвенцид нэгдэн орсон улс бүр үндэсний тайлангаа танилцуулах ба аливаа нэгэн улс өөрийн сонирхсон улсад асуулга тавих эрх, үүрэгтэй.
  • Конвенцийн зорилго нь нэгдэн орсон талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангах, бүх үе шатанд ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг цаашид хамгаалах, цацрагийн сөрөг үр дагавар бүхий ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгахад оршино.

АСУУЛТ 7: Аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх гэдэг нь  хаягдал булшлах, түүнийг аюулгүй аргаар хийж гүйцэтгэх талаар мэдээлэх тухай болохоос булшлахгүй байх гэсэн үг биш. Яагаад ийм илэрхий логик зөрчилтэй тайлбар зүүж байна вэ?

ХАРИУЛТ 7.

  • Цацраг идэвхт хаягдлын менежмент нь олон сонголттой байдаг тул ямар менежментийн сонголт хийсэн, түүний аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийнэ гэсэн үг юм.
  • Шинээр барих, үйл ажиллагаа явуулж буй цөмийн байгууламж нь түүний ойр орчимд байх Хэлэлцэн тохирогч талуудад нөлөөлж болзошгүй учир тухайн Хэлэлцэн тохиролцогч талтай зөвлөлдөх, хүсэлт гаргасан тохиолдолд цөмийн байгууламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах замаар манай орны хүн ам, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг багасгах, аюулгүй ажиллагааг хангах боломж бүрдэнэ. Ингэснээр өөрийн нутаг дэвсгэр дээрх гадны нөлөөллийг тооцох, аюулгүйн үнэлгээг хийх, хил орчимд ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хариу арга хэмжээ авах боломжтой.

АСУУЛТ 8: Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав  Монгол Улсын газар нутагт цөмийн хаягдал хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон 2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Цөмийн энергийн тухай хуульд хуульчлах асуудал яригдаж байгаа гэж ярилцлага өгчээ. Ярилцлагыг эндээс:  http://medee.mn/main.php?eid=75941  Зарлиг гараад 4 жил өнгөрч байхад 2015 оны хоёрдугаар сард хууль шинэчлэн найруулахдаа яагаад хуульчлаагүй вэ? Яагаад эсрэгээрээ хаягдал булшлах тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтууд хүртэл улам дэлгэрэнгүй тусгагдсан бэ? Хуулийн заалтын дэлгэрэнгүй эндээс: http://www.trends.mn/n/5261. Цөмийн энергийн тухай хууль бүрэн эхээрээ: http://www.legalinfo.mn/law/details/97

ХАРИУЛТ 8.

  • Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол улсын хуулинд цөмийн хаяглдлыг монгол улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, булшлах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно гэж заасан.
  • Тус конвенци нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдсан байна.
  • Конвенцид нэгдэн орсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184 дүгээр зарлиг, Хог хаягдлын тухай хуулийг тус тус үндэслэн гадаад улсын цөмийн ашигласан түлшийг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн үүсгүүр болон цөмийн байгууламжийн хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй байх зэрэг зохицуулалтыг тусган Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

АСУУЛТ 9:Мөн ярилцлагад  энэ олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдалыг Монгол Улсад ХУУЛЬ БУСААР тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа гэжээ. Конвенцын дагуу, ХУУЛЬ ЁСООР бол тээвэрлэх, дамжуулах, булшлах боломжтой юу?

ХАРИУЛТ 9.

  • Цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг эмнэлэг, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр зэрэгт ашиглах, хадгалах, тээвэрлэх зэрэг бүхий үйл ажиллагаа нь хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэгддэг юм.  Зөвшөөрөлгүй буюу хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан бол хариуцлага хүлээлгэх зарчимтай.   
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн зорилго нь энхийн зорилгоор ашиглагдах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад оршино.
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн Нэмэлтийн зорилго нь энхийн зорилгоор ашиглаж буй цөмийн байгууламж, цөмийн материалын дэлхий дахинд үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог бий болгож хэвшүүлэх, энэхүү материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
  • 2005 онд конвенцийн нэмэлтээр, олон улсын тээвэрлэлтээс гадна, дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж буй цөмийн материалын болон цөмийн байгууламжийг биечлэн хамгаалах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл ноогдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэгт олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлсэн. Энэхүү конвенц нь хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх шинж чанартай эрх зүйн баримт бичиг юм.

АСУУЛТ 10 буюу хамгийн чухал нь.

Конвенцын заалтуудаас тодруулж, заримд нь логик зөрчилтэй тайлбар хүртэл зүүж сурталчилж байгаа хэрнээ яагаад хамгийн чухал доор заалтыг сөхөж гаргахгүй байна вэ?  Үүссэн улсад нь булшлах ёстой чЗАРИМ НӨХЦӨЛД КОНВЕНЦИД НЭГДСЭН ОРНУУД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОНООР НЭГНИЙХЭЭ BENEFIT-ЫН  ТӨЛӨӨ, НЭН ЯЛАНГУЯА ХАМТАРСАН ТӨСЛӨӨС ҮҮССЭН ХАЯГДАЛ БОЛ НӨГӨӨГИЙНХӨӨ ГАЗАР  НУТАГ ДАХЬ БАЙГУУЛАМЖИД БУЛШЛАХ БОЛОМЖТОЙгэсэн утга агуулга бүхий заалт багтаж байна. Япон зэрэг радио идэвхит хаягдлын асуудалтай орнуудтай ХАМТАРСАН компани байгуулж байгаа нь энэ заалтад зааж байгаа ХАМТАРСАН ТӨСӨЛ JOINT PROJECTS мөн үү? 

ХАРИУЛТ 10. 

  • НЭГДСЭН КОНВЕНЦИЙН УДИРТГАЛЫН “11 ДҮГЭЭР ЗААЛТАД  ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫГ ҮҮССЭН УЛСАД НЬ БУЛШЛАХ ЁСТОЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙХ” ГЭЖ ЗААСАН.
  • ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ ҮҮСГЭСЭН УЛС ГЭДЭГ НЬ ЦӨМИЙН ТҮЛШИЙГ АШИГЛАН ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ ТУХАЙН ТҮЛШИЙГ ХАЯГДАЛ БОЛГОСОН УЛСЫГ ХЭЛДЭГ. ТҮЛШНИЙ ТҮҮХИЙ ЭД БУЮУ ШАР НУНТАГ НИЙЛҮҮЛСЭН УЛС НЬ ХАЯГДАЛ ҮҮСГЭСЭН УЛС БИШ ЮМ.
  • Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт боловсруулалтын үйл ажиллагааны хамтарсан төсөл нь түлшийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх төсөл биш бөгөөд цөмийн хаягдал үүсгэхгүй юм.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА