(2017-03-10 10:01:00)

Нийтлэл

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлт

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлт

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн өмнө тулгарч буй хамгийн том асуудал болоод байна. Үүний шалтгаан нь хүлэмжийн хий бөгөөд хүлэмжийн хийн эх үүсвэрт эрчим хүчний салбар дах нүүрс, бусад шатах түлшээр ажилладаг цахилгаан, дулааны станцууд голлох хувийг эзэлдэг. Нүүрсний утаа хүн төрөлхтөнд асар их хор хөнөөл учруулж байгаа учраас дэлхийн ихэнх орон, хамтын нийгэмлэг нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, хориглох зорилгоор нүүрсний станцын тоог цөөлөх, үйлдвэрлэсэн цахилгааны үнийг нэмэх, торгуулийн үнэ тогтоох зэрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч эхлээд байна.

БНФУ-ын Парис хотноо 2015 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд хуралдсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр бага хурал”-д 195 улсын төрийн тэргүүнүүд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай байр сууриа илэрхийлэв. Хурлын үр дүнд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулаад байна. “Парисын гэрээ”-ний гол зорилго нь энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг 20С-ээс бага хэмжээнд байлгах, аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд температурын өсөлтийг 1.50С-ээр хязгаарлах хүчин чармайлт баримтлах явдал юм. Түүнчлэн гэрээгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэчилсэн төлөвлөгөөгөө 5 жил тутамд танилцуулахыг зорилт болгожээ. Мөн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар санхүүжүүлэх замын зураглалыг тодорхойлохоор оролцогч талууд шийджээ.

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр бага хурал”-ын үеэр “Майкрософт” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс цэвэр эрчим хүч үйлдвэрлэх “Mission Innovation”хэмээх шинэ санаачлагыг танилцуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус санаачлагыг дэмжсэн тухай Вашинтон пост мэдээлжээ. Тус санаачлагын гол зорилго нь байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний технологийн судалгааг хийх юм. Судалгааг хийхэд “Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, “Амазон”-ын үүсгэн байгуулагч, Вашингтон постын эзэн Жеффри П.Безос, БНХАУ-ын “Алибаба” группын гүйцэтгэх захирал Жак Ма, Британы Виржин группын үүсгэн байгуулагч Ричард Брэнсон зэрэг дэлхийн 28 тэрбумтан бизнесменүүдийг нэгтгэн, санаачлагын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт нарны энергийг ашиглан устөрөгч үйлдвэрлэж түлш, бордоо болгон ашиглах;цахилгаан эрчим хүч хуримтлуулах зай гарган авах;хямд өртгөөр өрхийн хэрэглээний нарны хавтанг сайжруулах технологийн судалгаанд 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр хамгийн их хүлэмжийн хий ялгаруулж буй орнууд, нөгөө талаасаа эрчим хүчний судалгааны ажлын 80%-аас илүүг гүйцэтгэж буй дараах улс орнууд “Mission Innovation”санаачлагад нэгдэж гарын үсэг зурсан байна. Үүнд: АНУ, БНХАУ, БНЭУ, Австрали, Бразил, Канад, Чили, Дани, Франц, Герман, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Мексик, Норвеги, Саудын Араб, Швед, Арабын Нэгдсэн Эмират Улс, Их Британи зэрэг болно. АНУ, БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлтөд голлох нөлөөтэй буюу нүүрсхүчлийн хий ялгаруулалтаар тэргүүлэгч 40 улсын жагсаалтын эхний 2 байрыг эзэлж байна.

Цөмийн эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг технологи болохын хувьд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүч ашиглахыг хүчтэй эрмэлзэх боллоо. Үүний нэг тод жишээ бол Билл Гейтсийн байгуулсан цөмийн эрчим хүчний технологийн “Терраповер” компани нь 2015 оны 09 дүгээр сарын 25-нд БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацитай “байгалийн уран болон ашигласан цөмийн түлшээр эрчим хүч үйлдвэрлэх технологи бүхий цөмийн реакторын шинэ технологийн /traveling wave reactor/ судалгааг хамтран хийх” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Талууд 15 жилийн хугацаанд шингэн натри хөргөлттэй хурдан нейтроны реакторыг дэлхийн зах зээлд гаргаж, 1150 МегаВатт хүчин чадал бүхий эхний нэгжийг БНХАУ-д барихаар санамж бичигт тусгажээ.

Нийтэлсэн: Цөмийн технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Туул