Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Ярилцлага

Г.Манлайжав: Цөмийн энергийн комиссын дэргэд цацрагийн аюулгүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна

Г.Манлайжав: Цөмийн энергийн комиссын дэргэд цацрагийн аюулгүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав

Өнгөрсөн жил шинэ бүтэц зохион байгуулалтад орсон Цөмийн энергийн комиссын Ажлын албаны үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье.

Цөмийн энергийн комисс маань байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 50 жил болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 72 дугаар тогтоолоор Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба байгуулагдан ажиллаж байна.

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу комисс нь улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах  үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бид салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн салбарт хамтын ажиллагаа тогтоосон улс орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцан үр ашигтай хамтран ажиллах, цацрагийн үүсгүүр ашигладаг байгууллагуудад зөвшөөрөл  олгоход санал өгөх, аюулгүй байдлыг хангуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Манай Ажлын алба хоёр чиглэлд мөн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй. Ионжуулагч цацраг бүртгэх багаж, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, тохируулга хийх чиг үүргийг Дозиметрийн тохируулга, баталгаажуулалтын лаборатори, улсын хэмжээнд цөмийн болон цацраг идэвхт,  цацрагийн үүсгүүрийг төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах чиг үүргийг Изотоп контор гүйцэтгэж байна.

Сүүлийн хэдэн жил хийхээр төлөвлөсөн ч гүйцэтгэж чадаагүй байсан нэг чухал ажлыг өнгөрсөн онд багтаан хийж дуусгалаа. Изотоп конторт хадгалагдаж байгаа цацрагийн үүсгүүрийн улсын тооллогыг холбогдох хяналт, шалгалтын байгууллагуудын улсын байцаагч, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хяналт дор хийж гүйцэтгэн, мэдээллийг нэгтгэн баталгаажууллаа. Энэ ажил техникийн болон цацрагийн хамгаалалтын хувьд нэлээн хүндрэлтэй, шийдвэрлэх олон асуудалтай, ач холбогдлын хувьд маш чухал ажил байсан. Манай мэргэжилтнүүд, ажилчид хариуцлагатай, сайн ажилласан.

Монгол Улсын нутагт дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг нэвтрүүлэхэд танай алба хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах,  цөмийн технологи нэвтрүүлэх,  цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл болон Цацрагийн аюулгүйн зөвлөлийг Цөмийн энергийн комиссын (ЦЭК)-ын дэргэд байгуулсан бөгөөд бүрэлдэхүүн болон ажиллах журмыг батлуулан үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

Цацрагийн аюулгүйн зөвлөл нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах зэрэг асуудлаар Цөмийн энергийн комисст зөвлөх чиг үүрэгтэй ажилладаг. Энэ зөвлөл манай орны цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, судалгаа шинжилгээ, нийгмийн эрүүл мэнд, цацраг идэвхт ашигт малтмалын цацрагийн хамгаалалтын асуудал хариуцаж олон жил ажиллаж байсан эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн. Есөн гишүүнтэй, даргаар нь Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Н.Оюунтүлхүүр ажиллаж байна. Цацрагийн аюулгүйн зөвлөл өнөөдрийн байдлаар гурван удаа хуралдаж долоон дүрэм журам, стандартын төслийг авч хэлэлцэн санал дүгнэлтээ гаргасан байна. Энэ зөвлөлөөр хянагдсан дүрэм, журам цаашаа ЦЭК-ын хуралдаанаар хэлэлцэгдэж батлагддаг. Миний хувьд ЦЭК цаг хугацааны хувьд ийм богино хугацаанд цацрагийн хамгалалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой эдгээр чухал баримт бичгүүдтэй уншиж танилцан ЦЭК-ийн хурлаараа батлан гаргаж өгсөнд комиссын гишүүд, тэр дундаа комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт маш их талархалтай байна. 1983 оноос хойш шинэчлэгдээгүй байсан “Цацрагийн аюулгүйн норм-83”, “Цацрагийн ариун цэврийн үндсэн дүрэм-83”баримт бичгийг олон улсын дүрэм журам, стандартад нийцүүлэн боловсруулж “Цацрагийн аюулгүйн норм-2015”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм-2016” баримт бичгийг баталлаа. Өнгөрсөн хугацаанд энэ хоёр норм, дүрмийг олон улсын түвшинд гурван удаа шинэчилсэн, манай цацрагийн чиглэлийн мэргэжилтнүүд өмнө нь бэлтгэж байсан ажлыг нэгтгэн боловсруулж, нягтлан шалгаж дуусган, үндэсний хууль эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн бэлтгэсэн Ажлын албаныхаа Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын мэргэжилтнүүдээрээ бахархаж байна.

Эрдэмтдийн зөвлөл нь Монгол Улсын нутагт дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, орчин үеийн дэвшилтэт цөмийн технологийг нэвтрүүлэхэд тус комиссоос хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг,  туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгуулагдсан. Зөвлөлийн гишүүд нь цөмийн физик, цөмийн технологи, эдийн засаг, хууль, эрх зүй, олон улсын харилцаа, аюулгүй байдал, геологи, уул уурхай, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвартай эрдэмтдээс бүрдэж байгаа. Зөвлөлийн даргаар МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн захирал байсан, одоо Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор профессор С.Даваа томилогдон ажиллаж байна.

Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологийн сонголт хийх, ажлын албанаас боловсруулж байгаа цөмийн технологийг нэвтрүүлэхээр сонгосон зарим шинэ чиглэлийн техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгаа, үнэлгээний ажилд шийдвэр гаргахад Эрдэмтдийн зөвлөл маань жинтэй санал, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад цөмийн энергийг ашиглах тал дээр Улаанбаатар болон томоохон хотуудад ажиллаж байгаа дулааны станцуудын яндан дээр электрон шарлагын төхөөрөмж суурилуулан утаа тортогт боловсруулалт хийж агаарт цацагдах утааг бууруулан, цаашилбал бордоо үйлдвэрлэх асуудлыг судалж байна. Япон, Хятад, Польш зэрэг орнуудад нэвтрээд байгаа энэ технологийг ОУАЭА-ийн төслийн хүрээнд олон жил боловсруулж боловсронгуй болгосон юм билээ. Мөн цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг цацрагаар боловсруулах, бордоо, шинэ материал гаргаж авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Мөн цаашид төлөвлөж байгаа нилээд ажлууд байна.

Салбарынхаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр хийж гүйцэтгэсэн ажлаасаа танилцуулах уу?

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрэм, журмуудаа олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, зохицуулалт хийх шаардлагатай байгаа асуудлуудыг журамлахад анхааран ажиллаж байна.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа,  аюулгүй байдлыг хангахад дагаж мөрдөх суурь баримт бичиг болох “Цацрагийн аюулгүйн норм-2015”, “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм-2016”-г олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, Цөмийн энергийн комиссын тогтоолоор батлуулсныг өмнө дурьдсан. Мөн холбогдох төрийн захиргааны байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх “Цөмийн аюулгүй байдлыг хангах үндэсний төлөвлөгөө” баримт бичгийг  Цөмийн энергийн комиссын 2015 оны 10 дугаар тогтоолоор батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна Цөмийн энергийн комиссын хуралдаанаар “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”, “Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах дүрэм”, “Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрэм”-үүдийг батлуулсан.

“Цацрагийн аюулгүйн норм”, “Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм”-үүдийг Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөхөөр хүчин төгөлдөр болсон. Бусад дүрмүүдийг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хүргүүлээд байна.

Ойрын хугацаанд хуралдаанд хэлэлцүүлэхээр “Цөмийн болон цацраг идэвхт хаягдлын менежментийн бодлого, стратеги хөтөлбөр”-ийн төсөл, Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн “Цацраг идэвхт материал аюулгүй тээвэрлэх тухай дүрэм”-ийг үндэслэн “Цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх журам”-ийн төслийг бэлтгээд байна.

Уран олборлох болон бусад чиглэлээр тусгай зөвшөөрөл өгөх асуудалд танай комисс оролцож байгаа юу?

ЦЭК нь цөмийн байгууламж, цөмийн материал, цөмийн бодистой холбоотой үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох үүрэгтэй. Харин Уул уурхайн яамны харьяа Ашигт малтмалын газраас  цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрөл олгоход нь хуульд заасны дагуу үнэлгээ хийж, санал өгөх үүргийг хүлээж байна. Үүнд уран, зарим газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тээвэрлэлт, газар нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагаа хамрагдаж байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл олгоход үнэлгээ хийж, санал өгнө. Бид өнгөрсөн онд МХЕГ-аас тусгай зөвшөөрөл олгоход санал авахаар ирүүлсэн давхардсан тоогоор 185 байгууллагын материалтай танилцаж, цацрагийн үүсгүүрийг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх эрхийн зөвшөөрөл олгоход болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад санал өгсөн.

Франц улсын Арева групп монголд ураны олборлолт явуулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Энэ ажил хэзээ эхлэх вэ?

Арева группын охин компани “Кожеговь” ХХК манай оронд 1996 оноос ураны хайгуулын ажил явуулж ирсэн. Гурван ураны ордыг өнгөрсөн хугацаанд нээж нөөцийг нь ЭБМЗ-өөр батлуулсан. Өнгөрсөн оны 6 дугаар сард Ашигт малтмалын газраас цацраг идэвхт ашигт малтмал ашиглах гурван тусгай зөвшөөрөл авсан. Одоо “Кожеговь” ХХК дээр авсан ашиглалтын тусгай зөвшөөрлөө “Арева Майнс” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. 2013 онд “Арева Монгол” ХХК 66 хувийг, “Мон-Атом” ТӨХХК 34 хувийг нь эзэмшиж “Арева Майнс” ХХК-ийг байгуулах хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулсан. Орд ашиглах гэрээний төсөл дээр АМГ, аж ахуйн нэгж хоёр талаасаа ажлын хэсэг гарган ажиллаж байна. Бид ТЭЗҮ дээр тулгуурлаж, төсөл хэрэгжүүлэх хугацаанд хоёр тал харилцан ашигтай ажиллан, төслийг амжилттай дуусгаж, уурхайн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлтийг олон улсын болон манай үндэсний стандарт шаардлагын дагуу хийж гүйцэтгэхтэй холбоотой 31 заалт бүхий саналыг Орд ашиглах гэрээний төсөлд өгсөн, Монголын талын ажлын хэсэг ч анхааран ажиллаж байна.

Манай Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газар дэлхийн улс орнуудад цөмийн эрчим хүч, ураны хайгуул, олборлолттой холбоотой нэгдсэн мэдээллийг шинэчлэх ажлыг хийж мэдээлэлд дүн шинжилгээ хийн боловсруулалтыг тогтмолжуулж байна.

Олон улсын атомын энергийн агентлагтай хэрхэн хамтарч ажиллаж байгааг иргэд төдийлөн мэддэггүй. Төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар тодруулбал.

ОУАЭА нь цөмийн материалыг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааны хэрэгжилтийн баталгаанд хяналт тавих, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, биет хамгаалалтын норм, стандарт тогтоох, заавар, зөвлөмж, техникийн баримт бичиг боловсруулах, цөмийн технологийн хэрэглээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж өнөөдрийн байдлаар 167 гишүүн оронтой НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг. Манай орон 1973 онд гишүүнээр нь элсэж, 1975 оноос анх МУИС-ийн Цөмийн шинжилгээний лабораторид техник хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус агентлагаас нийтдээ 14 сая орчим ам.долларын тусламжийг авсан байна. Үүнээс 22 орчим хувийг эрүүл мэндийн салбарт, 30 орчим хувийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт, 7 орчим хувийг геологи, уул уурхайн салбарт, 2,5 хувийг аж үйлдвэр, эрчим хүчний салбарт, 6 орчим хувийг байгаль орчны салбарт, 20 орчим хувийг боловсрол, шинжлэх ухааны салбарт, 12 орчим хувийг цацрагийн хамгаалалт аюулгүй байдал, хүний нөөц бэлтгэх салбарт тус тус зарцуулжээ. Техникийн хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, боловсрол, шинжлэх ухааны салбарт судалгаа шинжилгээний 30 гаруй лаборатори нэгж байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдээд байна.

Төслийг үндсэндээ тоног төхөөрөмж авах, техникийн чадавхыг бэхжүүлэх, цөмийн технологийн арга аргачлалыг нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, зөвлөх мэргэжилтэн ажиллуулах гэсэн хэлбэрээр л авч ашигласан. Тоног төхөөрөмжөөс илүүтэй, хүний нөөцөө бэлтгэж сургах, боловсон хүчнээ мэргэшүүлж, тэд маань олон улсын туршлагатай экспертүүдтэй хамтран ажиллаж, тэднээс их зүйл сурч мэдэж авсан нь бидний хувьд их чухал хөрөнгө оруулалт болжээ гэж бодож байна. Өнгөрсөн онд Монгол Улсаас БНАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батжаргал, ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны газрын дэд дарга ноён Дазү Янг нар “Монгол Улс, ОУАЭА хооронд 2016-2021 онд хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр”–т гарын үсэг зурж баталгаажууллаа. Ирэх таван жилд зургаан чиглэлд техник, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж нэг сая гаруй еврогийн тусламж авна. Манай нэлээн олон байгууллагуудад ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх шаардлага байгаа боловч гишүүн орнуудад хуваарилсан мөнгө, тавигдах шаардлагуудаас хамаарч төслийн саналууд хэрэгжиж чадахгүй байна. Эдгээрт бусад донор орнуудын нэмэлт санхүүжилтыг олох асуудлаар зарим яриа хэлцэл явагдаж байна. Манай Ажлын албанаас одоо хэрэгжиж байгаа болон өмнө хэрэгжиж дууссан төслүүдийн нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл хэрэгжиж дууссаны дараа үндсэн зорилтоо тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг найдвартай явуулах, бэлтгэгдсэн боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Харамсалтай нь төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төсөв хөрөнгө, орон тоо, бүтэц зохион байгуулалтаас хамаарч бэрхшээл саад нэлээд гарч байна. Гэхдээ манай орны Техникийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт 2015 онд 94.6%-тай байгаа нь бүсийн орнуудын хувьд нэлээд дээгүүр байранд амжилттай явж байна гэсэн үнэлэлтийг авсан.

Монгол Улсад цөмийн технологийн цаашдын хандлага ямаршуу байхаар харагдаж байна вэ?

Монгол Улс бол хөгжиж буй орон. Бид байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд, цаашлаад аж үйлдвэрийн салбарт өргөн ашиглах боломж бий. Ялангуяа түүхий эдийг боловсруулах, чанарын хяналт явуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цөмийн технологи дээр суурилсан техникийн шийдлүүд нэвтрэх боломж их бий.  Ялангуяа үл эвдэх сорил, чанар найрлага, агууламжийг тодорхойлох цөмийн физикийн аргуудыг хүнд үйлдвэрлэл, нефьт, химийн үйлдвэрт нэвтрүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар эдгээр арга технологийг уул уурхай, зам тээвэр, хүнс хөнгөн үйлдвэр, агаарын тээвэрт өргөн ашиглаж байна. Ингэснээр эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахаас гадна хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэм хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, оношлогоо эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр эрүүл мэндийн салбарт цөмийн технологи гарцаагүй чухал байр суурь эзэлж байгааг онцлон хэлмээр байна. Бид энэ эрхэм хүндтэй үүргээ биелүүлж, тус салбарт сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлэх, эмчилгээ оношлогооны арга зүйг сайжруулах, эмч албан хаагчдын мэргэшил, боловсролыг дээшлүүлэх тал дээр цаашид Эрүүл мэнд, спортын яамтай нягт хамтран ажиллах болно.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль экологийг хамгаалах, байгалийн бохирдлын эх үүсвэрийг тодорхойлоход цөмийн технологийг улс орнууд өргөн ашиглаж байна. Манай улсын судалгаа шинжилгээний байгууллагууд тухайлбал МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУА-ийн Газар зүй Гео-экологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн бусад судалгааны байгууллагууд цөмийн технологийг өргөн ашиглан хөрс, ус агаарын бохирдол, тэдгээрийн динамик шилжилт хөдөлгөөнийг тодорхойлж байна.

Ингэж улс эх орны хөгжилд түлхэгч хүч болж байгааг манай иргэд сайн ойлгогдоггүй юм шиг?

Цөмийн энергийн салбарын хөгжлөөр нь тухайн улс орны потенциал, бүс нутагтаа өрсөлдөх чадварыг үнэлэх явдал бий. Манай улсын хувьд цөмийн байгууламж, үйлдвэр байхгүй ч цөмийн технологийн хэрэглээ бүхий л салбарт өргөн нэвтэрч, бид өдөр тутмын амьдралдаа өргөн ашиглаж байна. Салбарын ач холбогдол, аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, цаашид улс орны хөгжлийг хурдасгахад ямар ач тустай талаар төр болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байж иргэд энэ салбарын талаар бодит мэдлэг, мэдээлэлтэй болно.   

Танд баярлалаа.