(2017-03-10 10:01:00)

Ярилцлага

М.Чадраабал: Ураны үнэ 2020 оноос өсч эхэлнэ

М.Чадраабал: Ураны үнэ 2020 оноос өсч эхэлнэ

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал

-Дэлхийн зах зээл дээрх ураны зах зээлийн сүүлийн үеийн мэдээлэл юу байна вэ?

-Дэлхий дахинд ураны хэрэглээ эрчим хүчний томоохон үзүүлэлт болсон хэвээрээ байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх ураны үнэ тийм сайнгүй байна. Үүнийг дагаад уран олборлогч улс, компаниуд олборлолтын асуудалдаа болгоомжтой хандаж байгаа. Өндөр зардал гаргаад хайгуул, олборлолт хийе гэхээр зах зээлийн асуудлаас болоод ашиггүй болчих гээд байгаа юм. Ер нь тээнэгэлзсэн, гацсан зүйлүүд дэлхий даяар ажиглагдаж эхэлсэн.

-Цаашдаа өсөх магадлал нь хэр байна вэ?

-Олон улсын судалгааны хэд хэдэн байгууллагаас гаргасан мэдээллээр бол 2018-2020 он гэхэд ураны үнэ бага зэрэг өсөх хандлагатай байгаа юм билээ.

-Ер нь ураны үнэ ингэж унасан нь юутай холбоотой вэ?

-Мэдээж Фукушимагийн асуудал нэлээд хүнд цохилт болсон. Ялангуяа шинээр атомын эрчим хүч ашиглахаар төлөвлөж байсан орнуудын хувьд зогсонги байдалд орсон. Дээр нь урантай холбоотойгоор иргэдийн дунд хиймэл айдас үүссэн асуудал байна. Үүнийг ураны олборлолт, АЦС-тай холбож иргэдийг айдаст автуулсан асуудал бий л дээ. Бас аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй асуудал ч байгааг үгүйсгэхгүй. Уран олборлож байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй, цацрагийн аюулгүй байдалд хяналт тавьж байгаа асуудал, орон нутагт оруулж байгаа хувь нэмэр, тухайн улсын ерөнхий хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн асуудлыг дурьдаж болно. Ураны үнийн уналтыг эдгээр хүчин зүйлийг бүгдийг нь тооцож ярьж болно.

-Үнэ эргээд өсөхөд ямар ямар хүчин зүйлүүд нөлөөлөх вэ?

-Үнэ өсөх гол хүчин зүйл гэвэл 1993-2013 оны хооронд ОХУ, АНУ-ын хооронд цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээ хийсэн байдаг. Үүн дотор цөмийн цэнэгт хошууг дахин боловсруулах асуудал багтсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, цөмийн цэнэгт хошууг дахин боловсруулах замаар цөмийн түлш үйлдвэрлэх гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээ ерөнхийдөө 2014 оноор дуусгавар боллоо. Дэлхийн зах зээл дэх ураны хэрэгцээний 80 орчим хувийг олборлолтын аргаар хангадаг. Үлдсэн хэсгийг нь янз бүрийн аргаар, жишээлбэл АНУ-д 103 реактор ажиллаж байна. Эдгээр станцуудыг хуучнаар ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн цөмийн цэнэгт хошуунаас гаргаж авсан ураны түлшээр  хангаж байлаа. Мэдээж тодорхой хэсгийг нь дотоодын олборлолтоосоо бүрдүүлж байсан л даа. Үүнээс гадна дэлхий даяар 240 гаруй судалгааны реактор ажиллаж байна. Эдгээр реакторт дээд тал нь 20 хувийн баяжуулалттай түлш ашигладаг. Эдгээр нь тухайн орныхоо цөмийн энергийн салбарын үзүүлэлт болж байдаг. Түүнчлэн дотооддоо хэрэгцээтэй байгаа чухал изотопуудыг үйлдвэрлэнэ, суурь судалгаа явуулна, хүнээ бэлдэнэ гээд өндөр чухал ач холбогдолтой. Эдгээр нь ураны зах зээлийн бас нэгэн хэрэглэгч болдог.

-Үүнтэй холбоотойгоор асуухад дэлхий дээр тогтоогдоод байгаа ураны нөөц өсч байна уу, эсрэгээрээ буурч байна уу?

- 2012 оны байдлаар 17 орон уран олборлож байсан. Толгой орны тоонд Канад, Казахстан, Австрали гэсэн гурван орон орно. Үүний араас Узбекстан, Чад зэрэг Африкийн хэд хэдэн орон орно. Дунджаар 60 мянган тонн ураныг дэлхий даяар олборлож байна. Энэ нь нийт хэрэгцээний 80-85 орчим хувийг хангаж байна. Үлдэж байгааг нь цөмийн цэнэгт хошуунаас гэдэг ч юм уу, янз бүрийн эх үүсвэрээс бүрдүүлж байгаа. За, 2030 он гэхэд 60 мянган тоннын хэрэгцээ 120 мянган тонн болж өснө гэсэн судалгаа бий. Энэ утгаараа ураны нөөцийг тооцоход ч учир бий. Уран янз бүрийн нөхцөл байдалд оршиж байдаг. Үүнээс хамаараад олборлох зардал нь өөр л дөө. Нэг кг нь 130 ам.доллараар тооцоход 5.3 сая тоннын нөөц дэлхий дээр байна. Өөрөөр хэлбэл, олборлох боломжтой, бас ашигтай гэсэн тооцоогоор бодоход шүү дээ. Гэх мэтчилэн нарийн тоо гаргахад төвэгтэй л дээ. Эдийн засгийн ач холбогдлоосоо л болно.

-Уранаас гадна өөр ямар материал ашиглах боломжтой байна вэ. Энэ талын судалгаа, шинжилгээний ажлын талаар сонирхуулахгүй юу?

- Энэ салбарт тэргүүлдэг орнууд хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь наран дээр явагдаж байгаа халуун цөмийн урвалыг судалж, түүнтэй адил цөмийн нэгдүүлэх урвалаар реактор ажиллуулж эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судалж байгаа. Үүний давуу тал нь хаягдал гэж байхгүй. Урвалд орж байгаа гол материалууд нь устөрөгч дитерий, хүнд устөрөгч, тритий зэрэг элементүүдийг нэгдүүлэх замаар эрчим хүч гаргаж авах юм. Энэ технологийн туршилт Европт төвтэй, ялангуяа Францад нэлээн эрчимтэй явуулж байгаа. Казахстан улс хүртэл үүнд тодорхой хэмжээгээр оролцоод санхүүжилтээ өгөөд явж байна. Үүнээс гадна Торий-232 гээд элемент бий.  Дэлхий дээр нэлээн өргөн тархацтай ашигт малтмал л даа. Үүнээс эрчим хүч гаргах бололцоо нэлээн бий. Тодорхой хэмжээнд цөмийн урвалд оруулаад түлш бэлдэх чиглэлээр судалгаа хийж байгаа. Үүн дотроо Энэтхэг улс үүнд өндөр ач холбогдол өгч, хөрөнгө хаяж судалгаа, шинжилгээгээ эрчимтэй хийж байгаа.

-Иймэрхүү төслүүдэд манай улсын оролцоо ямар байдаг вэ?

-Манай улс ерөнхийдөө ажиглагчийн л байр суурьтай сууж байна шүү дээ.

-Ер нь энэ чиглэлийн гадаад харилцаа хэр хөгжиж байна вэ?

-Олон улсын атомын энергийн агентлаг, Бүс нутгийн хамтын хэлэлцээр, Дубнагийн цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Азийн цөмийн хамтын ажиллагааны форум гэсэн Олон улсын дөрвөн том байгууллагатай гэрээ, санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна. Дээр нь найман улстай 18 гэрээ, санамж бичиг байгуулсан. Түүнчлэн хэд хэдэн олон улсын гэрээ конвенцод нэгдсэн байдаг. Энэ жил нэмж гурван конвенцод нэгдэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлээд л явж байгаа.

Танд баярлалаа.