Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

Г.Гэрэлмаа: Олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орсноор монгол улс үүрэг хүлээнэ

Г.Гэрэлмаа: Олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орсноор монгол улс үүрэг хүлээнэ

Цөмийн энергийн комиссын Ажлын албаны шинжээч Г.Гэрэлмаа

Цөмийн энергийн комиссын Ажлын алба нь Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан МУ-ын олон улсын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилладаг. Цөмийн энергийн комиссын Ажлын албаны шинжээч Г.Гэрэлмаагаас олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар тодруулсанаа хүргэж байна.

Монгол Улс цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр олон улсын эрх зүйн ямар баримт бичгүүдэд нэгдэн орсон бэ?

-Өнөөгийн байдлаар Монгол Улс нь “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц”, “Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц”, “Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенц”, “Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц”, “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”, “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр”, “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Монгол Улс, ОУАЭА хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт протокол” зэрэгт нэгдсэн орсон.

Дээрх нэгдэн орсон конвенцүүдийн хүрээнд Монгол Улс ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг тодруулбал.

-Монгол Улс цөмийн энергийг энх тайвны зорилгод ашиглах олон улсын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх, цөмийн материалыг осолгүй зөөх, нүүлгэх, улс орон дотроо ашиглах, хадгалах, тээвэрлэхэд цөмийн материалыг биечлэн хамгаалах үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагыг хангах үүрэг хүлээнэ.

Мөн олон улсын хил дамнан гарах болзошгүй цөмийн осол болон цацрагийн гамшгийн үед олон улсын хамтын ажиллагаа болон мэдээллийг шуурхай солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгох, ослын нөхцөл байдлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой мэдээллийг авах, цөмийн ослоос урьдчилан сэргийлэх буюу цөмийн осол нэгэнт гарсан тохиолдолд түүний үр дагаврыг аль болохуйц багасгахад чиглэгдсэн бүх талын арга хэмжээ авч байх үүрэг хариуцлага хүлээсэн байдаг.

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай тогтоолын хэрэгжилтийн талаар яригдах болсон. Үүнд гол үүрэгтэй танай салбар гэж ойлгогдож байна.

-Монгол Улсын Их хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай”  60 дугаар тогтоолын гуравдугаар заалтад  “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай” 1994 оны конвенц, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай” 1997 оны нэгдсэн конвенц, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай” 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д тус тус нэгдэн орох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газарт даалгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай” 1994 оны конвенц, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай” 1997 оны нэгдсэн конвенц, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай” 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтоод байна.

Энэ ажлын хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Гадаад хэргийн яамтай хамтран Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол” сэдэвт сургалтыг зохион байгуулж, холбогдох 19 төрийн байгуулагын 32 албан хаагчийг хамрууллаа.

Олон улсын гэрээ конвенцид нэгдэн ороход юуг голчлон анхаардаг вэ?

-Тухайн баримт бичгийн зорилго, манай улсад ашигтай байдал, хэрэгцээ шаардлага, тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бодит бололцоо зэргийг харгалзан үздэг.

Дээрх гэрээ конвенцүүдэд нэгдэн орсноор манай улсын хувьд ямар боломж бүрдэх вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх, цацраг идэвхт материалын бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааг бий болгох, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг авах нөхцөл бололцоо бий болохоос гадна цөмийн шинжлэх ухаан ба технологи нэвтрүүлэх, техник хамтын ажиллагаа улам бэхжих болно.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас Цөмийн аюулгүй байдлын баталгааг хэрэгжүүлэхэд олон талын дэмжлэг туслалцаа авах боломж бүрдэнэ. Тухайлбал олон улсын хяналт шалгалтад хамрагдах, хууль эрх зүйн дэмжлэг, цөмийн аюулгүй байдлын баталгааг хангах чадавхыг бий болгох зөвлөх үйлчилгээ авах болон хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах, техникийн туслалцаа авах боломж бүрдэх юм.