(2017-03-10 10:01:00)

Нийтлэл

Нээгдээгүй чуулганы эргэн тойронд...

Нээгдээгүй чуулганы эргэн тойронд...

Манайд УИХ-ын ээлжит сонгууль ойртож, улс төрийн хүчнүүд хөдөлгөөнд орж эхэлж байна. Түүний нэг гол золиос нь өнгөрсөн долоо хоногт төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурал боллоо. Ноднин жил УИХ Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тотгоолыг батлан гаргасан. Түүний 3-т “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Цөмийн бага хэмжээний шинэчилсэн протоколд тус тус нэгдэж орохыг Засгийг газарт чиглэл болгосон билээ. УИХ-ын тэрхүү шийдвэр нь цаг үеэ олсон чухал шийдвэр байсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь манай улс цөмийн гадаад аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал алхам болох учиртай.

Уг  багц конвенц, протоколыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж болох байсан боловч тэдгээрийг гэв гэнэт 3 сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлж нэлээд шуугиан дэгдээв. Эрх баригчид тэрхүү шийдвэрээ тайлбарлахдаа 3 сарын 31- 4 сарын 1-нд хаа байсан Вашингтонд хуралдах Цөмийн аюулгүй байдлын тухай дээд хэмжээний хурлын өмнө эдгээр баримт бичгүүдийг УИХ-аар соёрхон батлуулж Монгол Улсад улс төрийн нэгэн “очко” авах зорилготой байсан гэсэн тайлбарыг хийв. Хэдийгээр эдгэээр конвенц, протоколд цаг алдалгүй нэгдэж орох нь чухал боловч Вашингтоны хуралд ямар нэгэн нөлөө үзүүлэх буюу  түүнд оролцогчын  анхаарлыг татахгүй байсан байх. Тэгээд ч манайхыг мэдэх нэг нь ээлжит шоудах аргаа хэрэглэж байна гэж үзэх байсан болов уу. Тиймээс энэ асуудлыг ашиглан улс төрийн нэгэн нүүдэл хийх бодолтой байсан болов уу. Ямартай ч манай цөмийн гадаад аюулгүй байдалтай холбоотой  энэ чухал асуудлыг улс төржүүлсэн нь хөндлөнгөөс харахад эмгэнэлт хошин жүжиг тавьж байгаа мэт сэтгэгдэл төрөв. УИХ-аас нэгэнт энэ асуудлаар тодорхой зөвлөмж шийдвэр гаргасан байсан учраас асуудлыг бүх талаас нь нухацтай хэлэлцээд шаардлагатай тодруулгыг хийсний дараа шийдвэр гаргах учиртай юм. Энэ бол процедур талаасаа.

Асуудлын агуулгын талаас гэвэл түүнийг хэлэлцэхийг эсэргүүцэгчид асуудлын нарийн учир начрыг сайтар ойлгоогүй мэт бодит байдалд үл нийцэх шаардлага тавьж, асуудлыг гардан хариуцдаг мэргэжилтний тайлбар, тодруулгыг үл тоомсорлон амьдралаас тасархай шаардлага тавьж гүтгэлэг хийв. Тухайлбал зарим нь Засгийн газрын ордны баруун хойд хаалганы хавьцаа шар өнгийн нунтаг цацаж эсэргүүцлээ илэрхийлж байв. Хэрэв манай нэгдэж орсон болон нэгдэж орохоор завдаж буй конвенциудыг сайтар судалсансан бол ураны шар нунтаг бол олон улсын хэмжээнд тодорхойлсон “цөмийн материал”-д тооцогддоггүй бөгөөд манай улс хэзээ нэгэн цагт уранаа боловсруулж шар нунтаг болгож гаргалаа гэхэд түүнийгээ буцааж авах эсэх нь тохирсон тохиролцооны дагуу шийдэгдэнэ. Чанар муутай таваар гэж нөгөө тал үзвэл хэлцлийг хүчингүй болгож болно. Энэ бол ямар ч хэлцэлд хамаарна. Гэхдээ ураны гаралтай шар нунтаг бол цөмийн материал биш, ураны исэл буюу анхан шатны түүхий эд юм. Түүнээс ураны диоксид, дараа нь гексафторын ураны нэгдлийг гаргаж авдаг бөгөөд түүнийг түлшний циклд “хувиргалт” гэж нэрлэдэг. Зөвхөн тэгсний дараа энэхүү түүхий эдийг баяжуулж эхэлдэг бөгөөд диффузийн болон центрифугийн ялгалтын аргаар түүнийг баяжуулж керамик таблетуудыг хийж реакторын түшлний саваанд угсардаг. Гагцхүү тийм аргаар хийсэн бөгөөд тодорхой реакторт тохирсон түлшийг ашигладаг. Манай улсад тийм түлш хийх боломж, бололцоо, тийм төлөвлөгөө ч одоогоор байхгүй.

Монгол Улс хэзээ нэгэн цагт шар нунтаг гаргадаг боллоо гэхэд тэрхүү нунтгаар цөмийн түлш хийсэн улс түлшээ нийлүүлсэн улстайгаа үнэ хөлсөө тохирч эргүүлэн авах тухай яригдахаас биш шар нунтаг гаргасан манай улстай ярих үндэс байхгүй. Манай соёрхон батлах конвенцид шар нунтагны тухай үнэр ч байхгүй. Тиймээс өөр улсад үйлдвэрлэсэн түлшний шаар хаягдлыг манайд өгөх, нөгөө талаас манай улс түүнийг нь авах ямар ч эрх зүйн үндэсгүй юм. Тиймээс ч ЦЭК-ийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав конвенциудад нэгдэж орсноор манайд цөмийн хаягдал орж ирэхгүй гэж хэлсэн нь үндэстэй юм.

Манай улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцийг соёрхон батласнаар гадаадаас цөмийн шаар хаягдлыг авах эрх зүйн үндэс бий болохгүйг уг конвенцийн эхний хэдэн зүйл ангийг уншихад тодорхой юм. Түүнийг ойлгоход цөмийн физикч ч байх албагүй юм. Манай гол зорилго бол цөмийн үйлдвэр нь хөгжсөн, цөмийн шатахуун үйлдвэрлэж цөмийн олон тооны цахилгаан станц ажиллуулж байгаа хоёр хөрш маань ашигласан түлшнийхээ асуудлыг (өөрөөр хэлбэл цөмийн шаар хаягдлынхаа асуудлыг) хэрхэн шийдвэрлэж байна, цаашид хэрхэх гэж байна, хэрэв бусад улс оронд цөмийн реактор гаргаж түлш нийлүүлбэл ашигласан түлшийг нь эргүүж авах эсэх, авбал чухам хаана байршуулах гэж байна, хэрхэн  шийдвэрлэх гэж байгаа тухай нарийн мэдээллийг уг конвенцид заасан “зиндаа нэгтний” (peer review) механизмын дагуу олж авах, түүнийхээ дагуу хэрхэх бодлогоо тодорхойлж хөрш орнуудтайгаа ярилцан хамтарч ажиллах явдал юм. Мөн уг конвенцийн 28 дугаар зүйлийн 2-т цацрагийн битүү эх үүсвэрийг буцаан авахыг иш үндэс болгон манайд цаашид аюул занал гарах мэтээр тайлбарласан байсан. Манай улс цацрагийн битүү ямар ч эх үүсвэрийг үйлдвэрлэдэггүй, тийм боломж ч манайд өнөөдөр байхгүй. Мөн уг зүйл ангид тийм битүү эх үүсвэр үйлдвэрлэх боломжтой үйлдвэрлэгч улсын хуулиар буцааж оруулахыг зөвшөөрсөн байх учиртайг ч конвенцид тодорхой заасан байгаа. Конвенцийн 11-т “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байна” гэж бичиж байгаа нь мөн учир дутагдалтай юм. Тийм заалт конвенцид байхгүй, байх ч үндэсгүй юм. Тийм заалт конвенцид байлаа гэхэд манай улсад хамаарах учиргүй юм.

Монгол Улсад цөмийн ашигласан түлшийг оруулж ирж болох тухай яриа 2010-11 онд албан бусаар яригдаж байсан юм билээ. Тэр үед Монголын ураныг ашиглан манайд цөмийн түлш үйлдвэрлэдэг үйлдвэр барих саналыг Тошиба корпорац боловсруулж байсан байдаг. Тухайлбал Арабын Нэгдсэн Эмират Улсад барих АР1000 хийцийн цөмийн реакторт зориулж WEC AP1000 хийцийн 4 түлш үйлдвэрлэх үйлдвэрийг барьж 2020 он гэхэд ашиглалтанд оруулахыг санал болгож байсан байдаг. Яриа хэлэлцээний үед талууд нэгэнт Монголд үйлдвэрлэсэн түлшийг Монгол Улс эргүүлэн авах тухай хувилбар яригдаж байсан бөгөөд түүнийг Монгол Улсы цөмийн санаачилга (Mongolian Nuclear Initiative гэж тухайн үед нэрлэж, бичиж байсан байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч 2011 оны 6 сард Монгол Улсын Ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхдээ Монгол Улсын тэрхүү санаачилгыг “хүлээн зөвшөөрч дэмжиж байгаагаа” мэдэгдэж байсан хирнээ АНУ-д өөрт нь ашиг багатай гэж үзсэн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусыг албан ёсоор хүлээн зөшөөрөхөөс зайлсхийж манай улсын хүчин чармайлтыг “алга ташин тэмдэглэж байна (applaud) гэж мэдэгдэж олон улсын хэмжээнд АНУ-ыг онигоонд оруулж байсан байдаг.

Бид өнөөдөр үйлчилж байгаа хуулиудаа сайтар судлавал 2000 онд батлагдсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 4-ийн 4.1.4-т ...цөмийн...шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг, 4.2-т ...цөмийн хаягдал болон бусад эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг тус тус хориглосон байдаг. Уг хуулийг 2000 оны 2 сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон Аюулгүй Зөвлөлийн A/55/56 болон S/2000/160 тоот хамтарсан баримт бичиг болгон бүх гишүүн орнуудад албан ёсоор тараасан байдаг. Мөн ОУАЭА-ийн баримт бичиг ч болгон тарааж дэлхий нийтийн сонорт хүргэсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл манай улс дээр дурдсан олон улсын конвенц, протоколд нэгдэж орсноор цөмийн аюулгүй байдлаа бэхжүүлэх бодлогоо олон улсын эрх зүйн үндэстэй болгох юм. Иймд  УИХ-ын энэ чуулганаар тус улсын аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбогдсон асуудлыг улс төржүүлэхгүйгээр хэлэлцэж батлах явдал чухал байна. Мөн манайд цөмийн асуудлаарх мэдлэг мэдээлэл тун нимгэн байгаа байдал өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдал, түүний дотор УИХ-ын даргын нээгдээгүй чуулганыг хааж хэлсэн үг бэлхнээ харуулж байна. Тиймээс Цөмийн энергийн комисс соён гэрээрүүлэх кампанчилсан ажлыг зохион байгуулах хэрэгтэй мэт санагдана.

Ахмад дипломатч Ж.ЭНХСАЙХАН