Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Мэдээ

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт нь дэлхий даяар цөмийн терроризмоос урьдчилан сэргийлэх, цөмийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Анхны дээд хэмжээний уулзалт 2010 оны дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо, хоёр дахь дээд хэмжээний уулзалт 2012 оны гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд БНСУ-ийн Сөүл хотноо, гурав дахь дээд хэмжээний уулзалт 2014 оны гуравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Нидерландын вант улсын Гааг хотноо зохион байгуулагдсан байна.

Дөрөв дэх дээд хэмжээний уулзалт 2016 оны гуравдугаар сарын 31-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. 


ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 2016 ОНЫ УУЛЗАЛТ

2016 оны Цөмийн аюулгүй ажиллагааны дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалт  АНУ-ын Вашингтон хотноо 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрөөс 4 дүгээр сарын 1-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Алжир, Аргентин Армен, Австрали, Азербайжан, Бельги, Бразил, Канад, Чили, Хятад, Чех, Дани, Египет, Финлянд, Франц, Габон, Гүрж, Герман, Унгар, Энэтхэг, Индонез, Израиль, Итали, Япон, Иордан, Казахстан, Өмнөд Солонгос, Литв, Малайз, Мексик, Америк, Марокко, Нидерланд, шинэ Зеланд, Нигер, Норвег, Пакистан, Филиппин, Польш, Румын, Саудын Араб, Сингапур, Өмнөд Африк, Испани, Швед, Швейцарь, Тайланд, Турк, Украин, Арабын нэгдсэн Эмират, Их Британи, Ирланд, Америк, Вьетнам зэрэг 52 улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ), Олон улсын атомын энергийн  агентлаг (ОУАЭА), Европын Холбоо (ЕХ), Олон улсын цагдаагийн байгууллага (ОУЦБ-Интерпол) зэрэг олон улсын 4 байгууллага оролцлоо.

Энэ удаагийн 2016 оны дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхий дахинаа цөмийн аюулгүй байдлын дэглэмийг цаашид улам бэхжүүлэх талаар авч хэлэлцлээ.

2014 онд Нидерландын Гааг хотноо болсон Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтаас хойш гишүүн орнууд улс үндэстний, бүсийн, олон улсын түвшинд цөмийн аюулгүй байдлыг хангах талаар ботид арга хэмжээ авч дэлхий даяар цөмийн аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход тодорхой үр дүнд хүрсэн байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлтэд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар Кувейт, Камерeн, Монтонегро зэрэг улсууд тус тус нэгдэн орж, улмаар тус нэмэлт хүчин төгөлдөр болоход ердөө 2 улс л нэгдэн орох дутуу болж байна.

Энэхүү уулзалтын 40 гаруй орон сургалт, дасгал ажилд хамрагдаж, цөмийн аюулгүй байдлыг хангах чадавхаа дээшлүүлж байна. 30 гаруй орон цөмийн аюулгүй байдлыг хангах үндэсний хууль, дүрэм, тогтолцоондоо шинэчлэлт хийсэн байна.  20 гаруй орон 2 талт болон Олон улсын атомын энергийн агентлагийн биечлэн хамгаалалтын зөвлөх үйлчилгээг авсан буюу авахаар төлөвлөсөн байна. Энэтхэг, Хятад, Иордан зэрэг 3 улс Цөмийн аюулгүй байдлыг хангах гүйцэтгэлийг сайжруулах тухай 2014 оны нэгдсэн мэдэгдэл (INFCIRC 869)-д нэгдэн орсноор тус мэдэгдэлд нэгдэн орсон орны тоо 38-д хүрсэн байна. 18 улс цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа ахиц дэвшилт гаргасан байна. 17 улс өндөр баяжуулсан ураны хэмжээг багасгах, цөмийн материалыг булшлах үйл ажиллагаанд хамрагдсан байна. 15 улс биечлэн хамгаалалт болон бүртгэн илрүүлэх тоног төхөөрөмж суурилуулж аюулгүй байдлыг сайжруулсан байна. Хэдэн арван улс цөмийн аюулгүй байдлыг хангах бүсийн болон олон улсын хамтын ажиллагаанд нэгдэн орсон. 12 улс цөмийн аюулгүй байдлыг хангах 2 талын болон олон улсын үйлсэд санхүүгийн дэмжлэг үзүүлж хувь нэмэр оруулсан. 10 улс Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөлийн 1540 тогтоолыг хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан байна.

Энэхүү уулзалтаар цөмийн аюулгүй байдлыг хангах талаар нэгдсэн мэдэгдэл гаргасан ба мэдэгдлийг хэрэгжүүлэх талаар НҮБ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ОУАЭА-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ОУЦБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, Цөмийн терроризмтой тэмцэх олон улсын санаачлагын үйл ажиллагааны төлөвлөгөө, Үй олноор хөнөөх зэвсэг ба материалын тархалтын эсрэг дэлхий дахины хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг 5 төлөвлөгөөг гаргасан байна. "Цөмийн аюулгүй ажиллагааны дээд хэмжээний 4 дэх удаагийн уулзалтын  нэгдсэн мэдэгдэл" -ийг хавсаргав.


ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 2014 ОНЫ УУЛЗАЛТ

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний гарав дахь уулзалтад 53 улс орон,  олон улсын 4 байгууллага оролцсон байна.

2014 оны Цөмийн аюулгүй ажиллагааны дээд хэмжээний уулзалт Нидерландын Гааг хотноо болж өндөрлөсөн ба өнгөрсөн хоёр удаагийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтуудын талаар болон Вашингтон хотноо баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар, Сөүл хотноо хийсэн хамтарсан мэдэгдлийн бүрэн биелэгдээгүй зарим зорилтуудыг хэрхэн хангах, түүнд хүрэх арга замыг тодорхойлсон уулзалт болсон.

Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:

  • Өндөр баяжуулсан уран, плутони ашиглахыг бууруулах, аюулгүй байдлыг бүрэн хангах
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах конвенцын 2005 оны нэмэлтийг хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэх
  • ОУАЭА-ын Зөвлөмжийн дагуу улс орныхоо аюулгүй ажиллагааны бүтцэд тогтмол хугацаанд үнэлгээ хийж байх
  • Өндөр эрсдэл бүхий цацраг идэвхт үүсгүүрийг хамгаалах, үндэсний бүртгэл хөтлөх
  • цөмийн үйлдвэрийн салбарт цөмийн аюулгүй байдлыг хангах, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмыг сайжруулах, аюулгүй байдлын соёлыг хэвшүүлэх
  • Улс орон өөрийн орны цөмийн байгууламж болон цөмийн материалын аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авч байгаа гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд батлах зэрэг болно.

Энэхүү уулзалтаар 2010 оны Вашингтон, 2012 оны Сөүлийн уулзалтаас гарсан мэдэгдлийн биелэлт хангалттай байгааг тэмдэглэн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэн сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улс орнуудын үүрэг хариуцлага, олон улсын хамтын ажиллагаа, олон улсын цөмийн аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах, эрх зүйн баримт бичиг, ОУАЭА-ийн үүрэг, НҮБ-ын үүрэг, бусад олон улсын санаачлагын үүрэг, сайн дурын арга хэмжээ, цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүр ба материал, цөмийн аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал, цөмийн үйлдвэрүүд, мэдээллийн аюулгүй байдал, тээвэрлэлт, цөмийн шинжилгээ зэрэг асуудлаар 36 заалт бүхий нэгдсэн мэдэгдлийг гаргасан байна.


ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 2012 ОНЫ УУЛЗАЛТ

  

Цөмийн аюулгүй ажиллагааны дээд хэмжээний уулзалт 2012 онд Өмнөд Солонгос Улсад зохион байгуулагдсан байна. Тус уулзалтад 6 улс (Азербайжан, Дани, Габон, Унгар, Литв, Румын), 1 олон улсын байгууллага (Олон улсын цагдаагийн байгууллага /ОУЦБ/) шинээр оролцсон байна.

Хоёр дахь удаагийн цөмийн аюулгүй ажиллагааны уулзалтад 53 улс оролцсон бөгөөд оролцогчид цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөмийн материалыг хууль бусаар ашиглах, хулгайлахаас хамгаалах шаардлагатай байгаа талаар хэлэлцэв. Мөн цөмийн зэвсэг ашиглах боломжгүй байж болох ч "бохир бөмбөг" үйлдвэрлэх, нийгэмд үймээн самуун дэгдээхээс сэргийлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэв.

Энэхүү уулзалтаар 2010 оны уулзалтаас гарсан мэдэгдэл, төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахины цөмийн аюулгүй байдлын тогтолцоо, ОУАЭА-ийн үүрэг, цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүр, цөмийн аюулгүй байдал ба аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн аюулгүй байдал, хууль бус тээвэрлэлттэй тэмцэх, цөмийн шинжилгээ, цөмийн аюулгүй байдлын соёл, мэдээллийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаа зэрэг чухал асуудлуудын талаар 13 заалт бүхий нэгдсэн мэдэгдлийг гаргасан байна.


ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 2010 ОНЫ УУЛЗАЛТ

  

Дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь дэлхий нийтийн цөмийн аюулгүй байдлыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цөмийн материал, цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахад оршиж байлаа.

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний анхны уулзалтад 47 улс орон, 3 олон улсын байгууллага оролцсон байна. Үүнд:

Алжир, Аргентин, Армен, Австрали, Бельги, Бразил, Канад, Чили, Хятад, Чех, Египет, Финлянд, Франц, Гүрж, Герман, Энэтхэг, Индонез, Израиль, Итали, Япон, Иордан, Казахстан, Малайз, Мексик, Марокко, Нидерланд, Шинэ Зеланд, Нигери, Норвеги, Пакистан, Филиппин, Польш, Солонгос, ОХУ, Саудын Араб, Сингапур, Өмнөд Африк, Испани, Швед, Швейцар, Тайланд, Турк, Украин, Арабын нэгдсэн Эмират улс, Их Британи, АНУ, Вьетнам, Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/ Европын холбоо /ЕХ/, Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ оролцсон байна.

2010 онд Вашингтон хотод дараах асуудлаар зөвшилцөв. Үүнд:

  • цөмийн терроризмын аюул буйг зөвшөөрөв.
  • оролцогч улс орнууд дэлхий даяар бүх цөмийн материалын аюулгүй байдлыг хангахаар зөвшилцөв.
  • оролцогч улс өөрийн хил дотор цөмийн материалын аюулгүй байдлыг хангах үүргээ зөвшилцөв.
  • оролцогч улс орнууд цөмийн аюулгүй байдлыг сайжруулахаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд  хамтран ажиллахаар зөвшилцөв.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар олон улсын аюулгүй байдалд учирч буй аюул заналын нэг бол цөмийн терроризм гэдгийг хүлээн зөвшөөрч цөмийн материалыг хууль бусаар олж авах, гэмт хэрэг, терроризмоос сэргийлэх үр дүнтэй арга нь цөмийн аюулгүй байдлын хатуу чанга дэглэм, арга хэмжээ авч хэрэгжүүлэх явдал юм гэж дүгнэн 12 заалт бүхий нэгдсэн мэдэгдлийг гаргасан байна. Тус мэдэгдлийн хэрэгжилтийг хангуулах, сайн дураар мөрдөх, цөмийн материалын ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, булшлалтын талаарх үндэсний хууль, олон улсын үүргийн асуудлыг тусгасан 50 заалт бүхий төлөвлөгөөг гаргасан.