Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Фото мэдээ

Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын "Үндэсний зохицуулагч нарын 38-р хуралдаан" зохион байгуулагдаж байна

Цөмийн энергийн комисс, Гадаад хэргийн яамтай хамтран Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын Үндэсний Зохицуулагчдын 38 дугаар хуралдааныг Монгол Улсад анх удаа 2016 оны 5 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Үндэсний Зохицуулагчдын 38 дугаар хуралдаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, зөвлөх П.Гансүх, ОУАЭА-ийн Дэд захирал Дазу Ян, Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн хэлтсийн захирал Нажад Мохтар, Бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын Ерөнхий зохицуулагч Син Ван Хоан, Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын төлөөлөл болон 22 орны Үндэсний зохицуулагчид холбогдох албаны төлөөлөгчид оролцож байна.

Хуралдааны нээлтийн ажиллагаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комиссын дарга Чимэдийн Сайханбилэгийн зөвлөх Б.Батбаатар Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулж, ноён Дазу Янд гардуулан өглөө.  

Хуралдааны эхэнд Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллагын удирдах эрхийг Монгол Улсад албан ёсоор шилжүүлж, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга, Бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн Үндэсний зохицуулагч М.Чадраабалыг хуралдаан даргалагчаар томилсон.

Үндэсний Зохицуулагчдын 38 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 5 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Ажлын хэсгийн хурал, Байнгын Зөвлөх хорооны хурал, Удирдах зөвлөлийн хурлыг тус тус зохион байгуулсан.

Ази, номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллага нь 1972 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс 1992 онд нэгдэн орсон. Тус байгууллага нь бүс нутгийн хэмжээнд цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гишүүн орнуудад төсөл хөтөлбөрт хэрэгжүүлэх, чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллага жил бүр Ерөнхий Бага чуулган, Үндэсний Зохицуулагчдын хуралдаанаар хамтын ажиллагааны хөтөлбөр, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бүсийн хэмжээнд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөлтийг боловсруулах зэрэг үндсэн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн байгууллага нь 5 жил тутамд бүсийн хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийг баталдаг. Үндэсний Зохицуулагчдын 38 дугаар хуралдаанаар бүсийн хамтын ажиллагааны 2018-2023 оны Дунд хугацааны стратегийг тодорхойлж байгаа нь онцлог үйл явдал болж байна.

Монгол Улс нь ОУАЭА, Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллгааны хэлэлцээрийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны хүрээнд үндэсний 9 төсөл, бүсийн 44 төслийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аж үйлдвэр, геологи уул уурхай, судалгааны шинжилгээний салбарт хэрэгжүүлж байна.