Хөгжиж буй орнуудын судлаач, эрдэмтдийн судалгааны ажлын цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Олон улсын онолын физикийн хүрээлэн (ICTP)-г Нобелийн шагналт профессор Абдус Салам 1964 онд үүсгэн байгуулжээ. (2019-03-04 09:11:00)

Мэдээ

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Цөмийн энергийн комиссын “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм” батлах тухай 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот тогтоол Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд /2016 оны 06 дугаар сарын 02-ны 3639 дугаарт/ бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Тус тогтоолоор “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийг баталж, БНМАУ-ын Ариун цэврийн ерөнхий байцаагчийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүртэй ажиллах ариун цэврийн үндсэн дүрэм ЦАЦҮД-83”-ийг хүчингүй болсонд тооцлоо.

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийн зорилго нь хүн ам болон байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалын аюулгүй ажиллагааны шаардлагуудыг тогтооход оршино.

Тус дүрмийг олон улсын цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, стандартууд, Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас боловсруулж, батлууллаа. Дүрэмд Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөл болон холбогдох төрийн байгууллагуудын саналыг тусгасан.

Энэхүү дүрмээр төлөвлөгдсөн шарлагын нөхцөл, ослын шарлагын нөхцөл, тогтсон шарлагын нөхцөлд хүн амыг цацрагийн шарлагаас хамгаалах, цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлага, эмнэлгийн шарлага зэрэгт тавигдах шаардлагуудыг тогтоосон болно.

Ионжуулагч цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт материалыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх, экспортлох, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, цацраг идэвхт хаягдлын менежмент хийх, цөмийн төхөөрөмж барих, ашиглах гэх мэт цацрагтай холбоотой бүхий л үйл ажиллагаанд энэхүү дүрмийг дагаж, мөрдөнө.

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм”-ийг манай цахим хуудасны Хууль, эрх зүй хавтасны дүрэм, журам цэсээс болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-ээс авч ашиглана уу.