(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

БНЭУ болон Япон Улсын хооронд Цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдав

БНЭУ болон Япон Улсын хооронд Цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдав

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модигийн Япон Улсад хийсэн айлчлал, Япон Улс

2016 оны 11-р сарын 11-нд, БНЭУ болон Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын цөмийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.       Тэд энэхүү гэрээ нь цэвэр эрчим хүч, эдийн засгийн салбар дахь хоёр улсын харилцан итгэлцэл, стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, илүү энх тайван дэлхий ертөнцийг бүтээхэд чухал нөлөөтэйг онцолжээ.  

Энэхүү Цөмийн хамтын ажиллагааны гэрээ нь зургаан жилийн хэлэлцээрийн үр дүнд ийнхүү батлагдан 2015 оны 12 дугаар сард хоёр улсын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ээс хойшхи анхны гэрээ боллоо. БНЭУ-ын хувьд энэхүү гэрээ нь Япон Улсаас  цөмийн технологи нэвтрүүлэх томоохон боломж юм. БНЭУ нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэхээс татгалзсан байр сууриа олон жилийн турш хадгалж ирсэн тул сүүлийн 30 жилд цөмийн эрчим хүчний станц, цөмийн материалын олон улсын худалдаанд оролцох боломжгүй байсан юм.

Моди хэлэхдээ “Бидний хувьд Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан явдал нь цэвэр эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түүхэн алхам болсон” хэмээн онцлоод “Бид хамтын ажиллагаагаараа дамжуулан цаашид дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болно” гэдгээ мэдэгдсэн байна.

Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэлдээ цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын оролдлогыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн ба БНЭУ-ыг Цөмийн ханган нийлүүлэгчдийн групп /ЦХНГ/, Вассенарын хэлэлцээр болон Австралийн группт бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх тал дээр хүчин чармайлт гаргахаа илэрхийлжээ.

Нарендра Моди ганцаарчилсан мэдэгдэлдээ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэд БНЭУ-ыг ЦХНГ-т элсүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлсэн байна. ЦХНГ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг түүхий эд, тоног төхөөрөмж болон технологийн экспортыг хянах замаар цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх зорилготой хэсэг бүлэг улсуудын нэгдэл ба зөвхөн ЦЗҮДГ-ний гишүүн улсууд үүнд нэгдэх эрхтэй юм. БНЭУ нь Олон улсын атомын энергийн агентлагтай Тусгай хамгаалалтын гэрээ байгуулан ЦХНГ-ын дүрэм болон бусад хоёр талт цөмийн хамтын ажиллагааны гэрээний дагуу энэ оны 05 дугаар сард албан ёсоор ЦХНГ-ын гишүүн болох хүсэлтээ хүргүүлээд байгаа юм.

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org