(2017-03-10 10:01:00)

Гадаад мэдээ

Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг, ОУАЭА нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг, ОУАЭА нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА) болон Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) –ийн хооронд эрчим хүч төлөвлөлтийн үндэсний мэргэжилтнүүдийг сургахад чиглэсэн хамтын ажиллагааны нэгэн шинэ гэрээ байгуулагдлаа. Тус хоёр агентлаг нь тус тусын гишүүн орнуудын дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлдэг билээ. ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Дазу Яан хэлэхдээ “Эрчим хүчний төлөвлөлтийн салбар дахь хүчин чадавхийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд илүү бодитой зохицуулалт хийх нь хоёр байгууллагын хоорондын харилцан үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх бөгөөд бидний тус тусын хичээл зүтгэлээ нэгтгэж буй нь давхцлаас зайлсхийх боломжийг нээж өгөх болно” хэмээжээ.  

Уг гэрээний нэг талыг төлөөлж ОУСЭХА-ийн ерөнхий захирал Аднан З.Амин 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Абу Даби хотноо, нөгөө талыг төлөөлж ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Дазу Яан мөн оны 11-р сарын 2-нд Вена хотноо тус тус үзэглэсэн юм. Энэхүү гэрээ нь эрчим хүч төлөвлөлтийн салбар дахь хүчин чадавхийг нэмэгдүүлэх замаар үр ашигтай байдлыг дэмжихэд чиглэсэн гэрээ ба гэрээнд цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын ерөнхий чиглэлүүдийг тусгажээ.

ОУСЭХА болон ОУАЭА нь хамтран ОУАЭА-аас гаргасан эрчим хүч төлөвлөлтийн 2 төрлийн моделийг ашиглан хамтарсан сургалт болон бусад арга хэмжээг явуулсан байна.  “МЕССЕЖ” модел нь эрчим хүчний нийлүүлэлтийг оновчтой болгох зорилго бүхий  модел бол “МАЭД” модел нь эрчим хүчний эрэлтэд дүн шинжилгээ хийдэг ажээ. Жишээлбэл, ОУСЭХА нь эрчим хүч төлөвлөлтийн “МЕССЕЖ” моделийг ашиглан систем үүсгэх туршилтат судалгаа боловсруулсан ба үүгээр дамжуулан тус байгууллагын гишүүн орнууд ирээдүйн эрчим хүчний хуваарилалтыг эдийн засаг, техник болон байгаль орчны хэтийн төлөвт нийцүүлэн гаргах боломжтой болж байгаа юм. Хамтарсан сургалтын үеэр ОУАЭА Мессеж моделийн мэргэжлийн техникчдыг оролцуулж, зөвлөгөө өгөх зэргээр туслалцаа үзүүлжээ.  

“Мессеж” програм хангамжийн тусламжтайгаар тус байгууллагын гишүүн орнууд эрчим хүчний салбарыг хамарсан цогц дүн шинжилгээ хийх замаар бодитой төлөвлөлт хийх боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл эрчим хүч болон түлшний боломжит түүхий эд болох нүүрс, газрын тос, хий, цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний үнэ өртөг, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, нийлүүлэлтийн аюулгүй байдал, нөөцийн ашиглалт зэрэгтэй бүхий л мэдээллүүд дээр суурилан анхдагч түүхий эдийн шатнаас эцсийн бүтээгдэхүүн буюу эрчим хүч, дулаан, шатахуун болж үйлдвэрлэгдэн гарах урсгалыг зөв тодорхойлоход өндөр ач холбогдолтой. Мөн уг моделоор дамжуулаад цөмийн эрчим хүч болон бусад төрлийн шинэ технологи нэвтрүүлэх замаар эрчим хүчний зөв зүйтэй харьцааг шинжлэн тогтоох боломжтой.

Уг гэрээнд  хоёр байгууллага хэд хэдэн салбарт хамтарч ажиллахаар тусгасан бөгөөд эрчим хүч төлөвлөлтийн хүчин чадавхийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын тухай ерөнхий мэдээллүүдийг харилцан солилцох, гишүүн улсууд хооронд туршлага солилцох, сургалт зохион байгуулах, үндэсний болон бүс нутгийн нөхцөл байдлын судалгаа (case study)-г хөгжүүлэх, харилцан зөвлөмж өгөх зэргээр хамтарч ажиллах юм.