Японы атомын энергийн агентлаг (ЯАЭА)-аас жил бүр зохион байгуулдаг “Сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд “Реакторын инженер” дагалдах сургалтыг ЯАЭА болон Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 07-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2018-12-26 06:40:00)

Мэдээ

“Реактор инженер”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Реактор инженер”-ийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Цөмийн энергийн комисс, Япон Улсын Атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвийн Азийн орнуудад зориулсан сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улс нь 2012 оноос хойш хамрагдаж байна.

Сургагч багш бэлтгэх хөтөлбөр нь бие даасан тогтвортой сургалтын тогтолцоог хөгжүүлэх, цөмийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг дээшлүүлэх, хүн амыг зохих мэдээллээр хангах, Япон Улсын туршлагыг судлах гэсэн зорилтуудын хүрээнд “Реакторын инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” гэсэн чиглэлүүдээр Япон Улсад сургагч багш бэлтгэж, тус сургалтад хамрагдан бэлтгэгдсэн сургагч багш нарт тулгуурлан дагалдах сургалтыг тухайн улсад нь зохион байгуулдаг онцлогтой.

2010-2016 хугацаанд сургагч багш бэлтгэх хөтөлбөрт Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбар болон төрийн байгууллагаас 16 эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд Япон Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Эдгээр эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдЯпон мэргэжилтнүүдтэй хамтран 2014-2016 онуудад “Реакторын инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдвүүдээр дагалдах сургалт зохион байгуулж нийт давхардсан тоогоор 24 төрийн байгууллагын 100 гаруй албан хаагчдыг хамруулж мэдлэг олгожээ.

Энэхүү хөтөлбөрийн нэг хэсэг болох “Реактор инженер”-ийн дагалдах сургалтыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Монгол Улсын их сургуулийн Цөмийн физикийн судалгааны төвийн багш, эрдэмтэдтэй хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж 11 байгууллагын 31 мэргэжилтэн, багш, оюутан хамрагдсан. Сургалтад хамрагдсан эрдэмтэн, судлаач, багш нар Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд бидний хамтын ажиллагаа маш чухлыг цохон тэмдэглээд, цаашид энэхүү сургалтыг зохион байгуулахад дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Мөн тус сургалтад хамрагдсан Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй“ цогцолбор сургуулийн физикийн багш, цөмийн физикч Ч.Оюун-Эрдэнэ “бидний ирээдүй болсон дунд сургуулийн сурагчдад цөмийн физикийн шинжлэх ухааны мэдлэг олгох асуудал нь маш чухлыг цохон тэмдэглээд, боловсролыг салбарын шинэчлэлийн хүрээнд орсон өөрчлөлтөөр цөмийн физикийн хичээлийн цаг нэмэгдсэн мэргэжлийн хүний хувьд сэтгэл өндөр байна” гэдгээ илэрхийллээ.

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА