Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Монгол Улс малын халдварт өвчнийг цөмийн технологийн тусламжтайгаар хяналтад авч байна

Монгол Улс малын халдварт өвчнийг цөмийн технологийн тусламжтайгаар хяналтад авч байна

Та бүхэнд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн албан ёсны вебсайтад 2016 оны 12-р сарын 14-ний өдөр нийтлэгдсэн Николь Жавертийн бичсэн нийтлэлийн орчуулгыг толилуулж байна. ОУАЭА болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагууд Монгол Улсын холбогдох байгууллагуудтай сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үр дүнтэй хамтарч ажилласан явдал Монгол улсын малын эрүүл мэндийн салбарт бодитой өөрчлөлт авчирсан юм. Өөрөөр хэлбэл цөмийн болон цөмийн гаралтай технологи ашиглан малын халдварт өвчнийг хэрхэн эрт үед нь оношлох талаар эрдэмтэн, судлаачдыг бэлтгэн сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах замаар малын өвчний хяналтын системийн хэрхэн үр дүнтэй сайжруулсныг доорхи баримтат нийтлэлээс хүлээн авна уу. 

Монголын дүр зургийг мал аж ахуйгүйгээр төсөөлөшгүй юм. Монгол улс нийт 70 гаруй сая толгой малтай ба хот хөдөөг хамарсан 3 сая иргэдийн аль алиных нь хувьд мал аж ахуй нь тэдний хүнс тэжээл болон орлогын үндсэн эх үүсвэр болохын зэрэгцээ соёлын нэгэн билэг тэмдэг юм. ОУАЭА болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын дэмжлэгээр малын гаралтай өвчний иж бүрэн хяналтын системийг бий болгосны үр дүнд мал аж ахуй эрхлэгч Ч.Батбаатар зэрэг олон малчид малын гоц халдварт өвчнийг саадгүй давах итгэл дүүрэн байгаад талархууштай юм.

Улаанбаатар хотоос холгүй нэгэн аймагт аж төрдөг, хэдэн зуун үхэр, хонь, ямаатай малчин эр тэрээр “Би малын гаралтай өвчинд төдийлөн санаа зовнидоггүй. Учир нь миний мал сүргээс өвдсөн тохиолдолд орон нутгийн малын эмч хүрч ирэн надад туслан шаардлагатай арга хэмжээг үргэлж авдаг. Манай Засгийн газар ч мөн байнгын бэлэн байдалд байж бидэнд тусалж чадна гэдэгт би итгэлтэй байдаг” хэмээжээ. Тэрээр мал аж ахуй эрхлэн, малын мах сүү худалдаалах замаар орлогын эх үүсвэрээ ханган гэр бүлээ тэжээдэг ажээ. 

ОУАЭА болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Монгол Улсын малын эмч, эрдэмтэн судлаачдыг сурган бэлтгэх үйлсэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна. Үүний үр дүнд малын эмч нар нь халдварт өвчин туссан малаас хэрхэн зөв зүйтэй аргаар шинжилгээ авах болон боломжит эмчилгээ хийх талаар суралцсан бол эрдэмтэн судлаачид нь тэдгээр дээжийг цөмийн болон цөмийн гаралтай техник ашиглан түргэн хугацаанд үнэн зөв шинжлэх чадварыг эзэмшин авчээ.

Шүлхий өвчин, бог малын мялзан төст өвчин, бруцеллёз зэрэг өвчнүүд нь зэрлэг ан амьтантай хүрэлцэх, агаар дуслын замаар, өвчтэй амьтнаас халдварлан бохирдсон зүйлс, хоол тэжээлд хүрэлцэх замаар мал сүрэгт маш хурдан тархдаг байна.  Эдгээр өвчин туссан мал нь хөл туурайгаа гэмтэхээс  эхлүүлээд үхэх хүртэл аюулд ордог. Өвчний тархалтын үеэр ихэнхи улсууд өвчтэй малын мах болон малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан өвчин нэвтэрч орж ирэх магадлалыг бууруулахын тулд импортын хязгаарлалт бий болгодог.

Монгол Улсын Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан З.Батсүх хэлэхдээ “Малын халдварт өвчин хурдтай тархаж эхлэх үед бид үргэлж бэлэн байдлыг хангасан байдаг. Бид онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг цаг алдалгүй хэрэгжүүлэх, өвчтэй малд үр дүнтэй сорьцийн шинжилгээ хийх, өвчний тархалтыг бууруулахаар вакцин түгээх, вакцинжуулах зэрэгт бүх шатанд хэрхэн хамтран ажиллахаа мэддэг” хэмээжээ.

Байнгын хөдөлгөөнд орших мал сүрэг

Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий эпидемиологич Б.Цолмон “Монголын мал сүрэг өргөн уудам тал нутагт байгалийн бэлчээрт тулгуурлан амьдардаг тул малын халдварт өвчнийг түргэн шуурхай бөгөөд үнэн зөв оношилох нь ээдрээтэй байдаг” хэмээсэн юм. 

Хүн амын талаас дээш хувь нь нийт мал сүргийн дийлэнх хувийг малладаг Монголын нүүдэлчин амьдралын хэв маягийг дагаад халдвар тархах эрсдэл илүүтэй их нэмэгддэг ажээ. Нүүдэлчин ард түмэн мал сүргээ хангалттай таргалуулахын тулд жилд дунджаар 4-5 удаа буурь сэлгэн нүүдэллэг.  

Шалгалтад орсон нь

Монгол Улсын малын халдварт өвчний хяналтын систем ямар түвшинд байсныг 2010 оны 9 дүгээр сард дэлгэрсэн шүлхий өвчний тархалтын үеэр анх удаагаа шалган мэдэх боломжтой болсон юм. Тухайн үед энэхүү халдварт өвчин улс орон даяар тархан ихэнх салаа туурайтан болох үхэр, ямаа, хонь болон зээр зэрэг амьтад хүндээр өвчилж байсан юм. 

  

З.Батсүхийн хэлснээр тус өвчний тархалтын үеэр малын тоо толгой 25000 гаруйгаар хорогдож түүнээс ч олон мал өвчилсөн байна. ОУАЭА болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын арав гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүнд тэд Монголын малын эмч, судлаачдыг халдварт өвчний эсрэг яаралтай хариу арга хэмжээ авахад шаардлагатай тоног төхөөрөмж хийгээд сургалт зэргээр ханган ажилласан юм.  

Малчид болон нутгийн малын эмч нар ямар нэгэн өвчтэй мал илрүүлмэгц нэн түрүүнд тэрхүү малыг бусдаас нь тусгаарлан дээж шинжилгээ авдаг ажээ. Тэрхүү дээжийг орон нутгийн лабораторт шинжлэн, цаашаагаа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт шинжлүүлэхээр илгээдэг юм.  Тэд цөмийн болон цөмийн гаралтай техник хэрэгслийг ашиглан тухайн вирусын төрлийг илрүүлэн дүгнэж ямар вакцин ашиглахыг шийддэг.

Цаг хугацаа өнгөрөх тусам вирусын шинж чанар хувьсан өөрчлөгдөж ижил төстэй вирусэнд үйлчилдэг байсан вакцин зөвхөн нэгэнд л үйлчилж нөгөөд нь хангалттай хамгаалалт үүсгэж чадахгүй болж байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуйд цөмийн техник ашиглах ОУАЭА, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан ажлын хэсгийн Малын гаралтай бүтээгдэхүүн, эрүүл мэндийн хэлтсийн дарга Гэррит Вилоен тайлбарласан. Үндсэн дархлаажуулалт бүрэн хамгаалалт үүсгэж чадахгүй байгаа үед вирус тус бүрт нийцүүлсэн тусгай вакцины хэрэгцээ шаардлага гарч ирж байна.

Монголын зохих албаныхан, эрдэмтэн судлаачид эдгээр өвчнүүдэд хамгийн сайн таарах вакциныг БНФУ-аас эрж хайх болон импортлох асуудал дээр  ОУАЭА/НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллан 3 сарын хугацаанд өвчний тархалтыг дарж чадсан юм.

Хамгийн сүүлд бог малын мялзан өвчин анх удаагаа Монголын нутаг дэвсгэрт нэвтрэн дөрвөн ч аймагт тархаад байсныг амжилттай шийдвэрлэсэн явдал нь Монгол Улсын хяналтын систем үр дүнтэй хэрэгжиж буйн нэгэн илрэл болсон юм. Өөрөөр хэлбэл, Улсын мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаачид тус өвчнийг үүсгэгч нянг цаг алдалгүй оношилж, ОУАЭ/НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан ажлын хэсгийн шинжээчдийн зүгээс тус дүгнэлтийг үнэн зөв болохыг баталсан ажээ.

Эдгээр ололтууд нь малчдыг сургах болон өвчтэй малыг бусдаас нь тусгаарлах зэрэг замаар бусдын оролцоог дэмжих төлөвлөгөөг хэрэгжихэд томоохон түлхэц болсон. Монгол улс мялзан өвчнийг түргэн хугацаанд болон эрт үед нь оношилж эхэлснээр бусад халдварт өвчнийг тархахаас нь өмнө амжилттайгаар хянах боломжтой болж байгаа юм.

Алдагдсан экспортын боломжоо сэргээнэ

Малын өвчний хяналтын тогтолцоог орон нутгийн түвшинд хангалттай хэрэгжүүлж байгаа хэдий ч удирдах албадын зүгээс энэхүү тогтолцоог илүүтэй сайжруулах нь өндөр чанартай махны эх үүсвэрийг экспортлох үндсэн суурь гэж үзэж байна.

  

Түүхээс харахад, Монгол Улс жилд ойролцоогоор 150 000 тонн малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортолдог байсан байна. Малын өвчний улмаас, бусад улс орнууд болзошгүй өвчний тархалтаас сэргийлж хориг тавьж байсан тул махны экспортын зах зээл буурсан байна.

Монгол Улс нэг жилд 150 000 тонн мах экспортлох боломжтой хэвээр байгаа боловч тэдгээрээс зөвхөн 10 000 тонн орчмыг л экспортлож байгаа нь жилд ойролцоогоор 600 сая ам.долларын ашиг олох боломжийг алдаж байна гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед нөхцөл байдал өөрчлөгдөж, шийдвэр гаргагчид улс орны мах, махан бүтээгдэхүүнд итгэх итгэлийг бий болгох үүднээс мал, амьтны өвчний хяналтын системд анхаарч шүлхий өвчингүй бүсийг бий болгож түүнийг дэмжих бодлого барьж ажиллаж байна. Б.Цолмон хэлэхдээ "Бид нийт газар нутгийг шүлхий өвчингүй бүс, хяналтын бүс, вакцинжуулалтын бүс гэсэн үндсэн гурван бүсэд хуваасан. Энэ системийг нэвтрүүлснээр, бид хөрш орнууд руу шүлхийгүй бүсээс мах экспортлох боломжтой болж байна. Бид энэ бодлогоо үргэлжлүүлэх замаар экспортын зах зээлийг дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эрдэмтэд мөн малын бусад төрлийн өвчин гарч ирэхээс сэргийлж Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) -ын стандартад нийцэж байгааг батлахын тулд эрчимтэй ажиллаж байна. Эдгээр стандартууд нь олон улсын худалдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

"Одоо бидэнд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж байна, бид алдсан зах зээлийг буцааж олж авахын тулд тогтвортой ахиц дэвшил гаргаж байна" гэж З.Батсүх хэлсэн байна.

Шинжлэх ухаан

Мал амьтны өвчнийг илрүүлэхэд ихэвчлэн цөмийн гаралтай технологи болох фермент холбоост эсрэг биеийн урвал (ФХЭБУ) болон полимеразын гинжин урвал (ПГУ)-уудыг ашигладаг ажээ.

ФХЭБУ нь суурилуулах болон ашиглахад хялбар байдаг тул Монгол Улсын бүс нутгуудад байгуулах жижиг мал эмнэлгийн лабораторт хэрэглэх боломжтой юм. Судлаачид бэлтгэсэн таваг дээр амьтны ийлдсийн дээжийг байрлуулж сорбент дусаана, хэрвээ өнгө нь өөрчлөгдөж байвал өвчин агуулж байгааг нотолж байна гэсэн үг. с-ыг ихэвчлэн нэгдүгээр шатны шинжилгээнд ашигладаг тул өвөрмөц вирус тодорхойлоход ашиглах боломжгүй юм.

ПГУ нь хэд хэдэн тоног төхөөрөмж болон үйл ажиллагаанаас бүрддэг тул ФХЭБУ-аас илүү өндөр нарийвчлалтай бөгөөд вирусын төрөл болон бактерийг нарийн тодорхойлох боломжтой. Тодорхой нэг бүлэгт хамаарагдах вирус эсвэл бактерийн ДНХ-г хагас цагийн дотор тэрбум дахин үржүүлэх эсвэл олшруулна. Дараа нь энэ ДНХ-ийн олширсныг цацраг идэвхт үүсгүүр юм уу флуоресцент молекулуудыг тоолж илрүүлэн хяналт тавина.

Анх дээрх хоёр аргад цацраг идэвхт үүсгүүр ашиглаж байсан бол одоо фермент ашигласнаар туршилтын үйл ажиллагааг хялбаршуулж чаджээ.

Эх сурвалж: https://www.iaea.org