Азийн орнуудын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын атомын энергийн агентлаг, Цөмийн хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг “Реакторын инженер” сэдэвт ээлжит дагалдах сургалтыг Цөмийн энергийн комисс, Японы атомын энергийн агентлаг, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. (2017-05-19 18:21:00)

Хэвлэлийн тойм

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг

Цөмийн зэвсэггүй статус гадаад аюулгүй байдлыг хангадаг

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болно гэдгээ дэлхий дахинд тунхагласны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай уг асуудлаар ярилцлаа. Энэ хугацаанд НҮБ- ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн таван орон (P5)-оор уг статусаа баталгаажуулахаар улс төрийн баталгаа гаргуулж чадсан нь манай улсын дипломат ялалт гэдгийг тэрбээр онцолсон юм.

Монгол Улс цөмийн зэвсэггүй улс болохоо 1992 онд НҮБ-ын индэр дээрээс зарласан. Ийн тунхагласан нь ямар шалтгаантай юм бэ?

Цөмийн зэвсэггүй статустай болох нь манай улсын хувьд түүхэн бодит шалтгаантай байсан юм. Хүйтэн дайны үед Зөвлөлтийн холбоотон байсан тул нутаг дэвсгэртээ цэргийн олон баазыг нь байрлуулж байсан. Зөвлөлтийн хоёр баазад хоёрдмол зориулалтаар ашиглах зэвсэг буюу пуужин, нисэх онгоц байв.

Өөрөөр хэлбэл, цөмийн болон энгийн зэвсгийн зориулалтаар ашиглах боломжтой байсан гэсэн үг. Үүнээс гадна хил орчмын маргааны улмаас үүссэн зэвсэгт мөргөлдөөн гарснаар 1969 онд Зөвлөлт, Хятадын харилцаа муудсан. Тэр үед Хятадыг хүчээ авахаас нь урьтаж цөмийн байгууламж, зэвсгүүдийг нь устгая гэж зөвлөлтүүд үзсэн юм.

Энэ талаар оросууд Варшавын гэрээний орнууддаа анхааруулж, АНУ-д ч хандаж байсан түүхтэй. Тухайн үед АНУ хэрэв Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэвэл Дэлхийн III дайн эхэлнэ хэмээн Зөвлөлтөд анхааруулж байсан юм. Түүгээр ч үл барам, Зөвлөлтийн цэргийн баазуудыг байрлуулсан манай улс руу АНУ цөмийн зэвсгээ онилж байсныг хожим нь бид мэдсэн түүхтэй.

Нөгөөтэйгүүр, Хятадын цөмийн зэвсгийн хөгжил Москва хүрэх зайд тусахаар хэмжээнд хүрээгүй байлаа. Хожим нь бодоход асуудал хурцадсан бол манай газар нутаг дээр л өрнөх байсан байхгүй юу. 1992 он гэдэг хэдий Хүйтэн дайн төгссөн байсан үе боловч бид бахь байдгаараа байж болохгүй шүү дээ. Тиймээс Зөвлөлтийн цэрэг манай нутаг дэвсгэрээс гарч дуусмагц анхны Ерөнхийлөгч П.Очирбат цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан юм.

Цөмийн зэвсэггүй бүс болохын ач холбогдлыг одоо та юу гэж дүгнэж байгаа вэ?

Манай улсын эсрэг АНУ, ОХУ, БНХАУ-ын аль аль нь цөмийн зэвсэг онилох үндэслэл байхгүй гэсэн үг. Тухайн үед НҮБ-ын гишүүн орнууд Монголд баяр хүргэж байсан ч бидэнд хэрэгтэй гол зүйл нь баталгаа байв. Тиймээс цөмийн зэвсэгтэй таван гүрэн(P5)-ээс баталгаа гаргуулж авах талаар өнгөрсөн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Тэд эхэндээ манай улсыг үл тоож байсан нь үнэн. Жижиг улс байж бидэнтэй эн зэрэгцэх нь юу ч вэ дээ гэх зэргээр хандаж л байсан. Гэхдээ жижиг улс өөрийгөө үгүйсгэх бус, том зүйл бодож байж зорьсондоо хүрнэ. Тийм ч учраас 25 жил зууралдлаа.

Тэгвэл 25 жилийн үр дүн нь гарсан уу?

2012 онд цөмийн зэвсэгтэй таван гүрнээр бид гадаад аюулгүй байдлаа хангах баталгаа гаргуулж чадсан. Ширээний нэг талд монгол хүн суугаад, нөгөө талд таван гүрэн сууж 2000 онд баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын хууль болон олон улсад цөмийн зэвсэггүй байна гэсэн статусыг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг зөрчих аливаа санаархлыг хүлээж ав гэж Монгол Улсад шахалт үзүүлэхгүй байх тунхаглал гаргасан. Мөн энэ байр сууриа Р5 өөр хоорондоо харилцан баталгаажуулж, үүрэг амлалт өгсөн.

Та практик ач холбогдлыг нь тодорхой хэлж өгөөч?

НАТО-гийн гишүүн орнууд болох Польш, Чех, Армен зэрэг орон пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор нутагтаа цөмийн зэвсэг байрлуулдаг. Япон бас байна. Одоо Өмнөд Солонгост бас THAAD системээс болоод бөөн үл ойлголцол болж байна. Тэгэхээр ийм асуудалд Монголыг татаж оруулахгүй гэдгээ амалсан гэсэн үг. Энэ бол бидэнд өгсөн их том амлалт.

Нөгөөтэйгүүр, манайх 1.5 сая ам км нутаг дэвсгэртэй. Энэ уудам газар нутаг цөмийн зэвсэг байрлуулахгүй байна гэдэг Орос, Хятадад хэрэгтэй. АНУ- ыг мөн сэжиглэдэг тул өөрсдөө амлалтаа өгчихлөө. Тэгснээрээ олон улсын харилцаа, ялангуяа бүс нутагтаа дээрх таван гүрний язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэг үйлдэл Монголын нутаг дэвсгэрээс гарахгүй юм.

Уг асуудлыг олон улсын түвшинд хөндөхөд цаг үеийн тохироо ямар байсан бэ?

Бид энэ санаачилгыг гаргах үед ЗХУ задарчихсан, өөрийгөө яаая гэж байсан ба Орос Европтой эдийн засгийн харилцаагаа сайжруулахад гол анхаарлаа хандуулж байлаа. Юун Монголтой манатай. Хятад аажмаар хүчээ авч байсан ч хүчтэй болоогүй байсан үе. Тиймээс бид энэ сиймхийг ашиглаж, НҮБ-д асуудлаа тавьж зүтгүүлсэн. Хоёр хөршөөс асуусан бол өөрсдийн эрх ашгийн үүднээс наадах чинь нарийн асуудал, судлах шаардлагатай, юунд яарах вэ гэх зэргээр ам таглачих байсан юм. Үүнээс болж цаг хугацаа хэр алдах байсныг хэлэх боломжгүй шүү дээ.

Ерөнхий Ассамблей хоёр жил тутам манай асуудлыг хэлэлцэж, тогтоол баталдаг юм байна. Үнэхээр ингэж ойр ойрхон хэлэлцүүлэх шаардлага байдаг юм уу?

Ерөнхий Ассамблейн “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус” гэсэн тогтоол байдаг юм. Цөмийн зэвсэггүй статус гэдгээс илүү өргөн хүрээтэй, манай улсын гадаад аюулгүй байдлыг бүх талаар хангасан тогтоол.

Цаад утгаараа гадаад аюулгүй байдал буюу Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогыг бэхжүүлэхэд гишүүн орнуудыг уриалсан гэсэн үг.

Гол нь үүний үйл явцыг хоёр жил тутамд Ерөнхий Ассамблейгаар хэлэлцдэг юм. Нөгөөтэйгүүр, цөмийн зэвсэггүй байх статусаа Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байнга байлгана гэдэг манай гадаад аюулгүй байдалд ашигтай. Цөмийн зэвсэггүй бүсийн орнууд бие биенийгээ дэмжих замаар гадаад аюулгүй байдлын баталгаагаа хангадаг. Харин манай дан статус дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дэмжлэгээр хангагддаг гэсэн үг.

Та хэлэлцээрт оролцож, илэн далангүй ярилцаж байсны хувьд манай энэ статус яагаад Р5-ын эрх ашгийг хөндөнө гэж үзэж байсныг тайлбарлаж өгөөч?

Үүнд том гүрнүүд дурамжхан байх нь мэдээж. Монголыг “эрхлүүлээд”, толгой дээрээ гаргачихвал бусад улс барьцах вий гэсэн болгоомжлол бий. Ялангуяа, АНУ-ын хувьд НАТО- гийн гишүүн орнуудын зүгээс цөмийн биш, зөвхөн жирийн зэвсэг, цэрэг байрлуулна шүү гэх эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.

Ийм хэл ам гаргадаг Европын холбооны дөрвөн улс байна. Цаана нь дахиад 24 улс бий. Мөн арлын улсуудаас гадна Ойрхи Дорнодын жижиг орнууд ч Монголтой барьцаж мэднэ. Нэг үгээр хэлбэл, цөмийн зэвсэгтэй орнуудад ашиггүй юм. Танайхыг дууриасан улс болгонд баталгаа өгөөд байвал баталгааны үнэ цэнэ унана гэсэн зовлонгоо ч тэд хэлдэг.

Манай улс цөмийн зэвсэггүй статустай. Энэ нь цөмийн зэвсэггүй бүсээс ямар ялгаатай юм бол?

Олон улсын харилцаанд манайх шиг дангаараа цөмийн зэвсэггүй статустай болсон улс байхгүй. Хэд хэдэн улс нийлж байгаад цөмийн зэвсэггүй бүс үүсгэдэг. Олон улсад тогтсон жишгээр бол нэг бүс нутгийн улсууд цөмийн зэвсэггүй байх тохиролцоог хоорондоо хийдэг. Үнэхээр цөмийн зэвсэггүй эсэхийг шалгаад, эрх зүйн баталгаа гаргаж өгдөг. Харин нэг дан улсын нутгийг ийм бүс болгодоггүй.

Гэхдээ Бангладеш улс манай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай хуулиас санаа авч, энэ зүгт хандаж байна. Үүний шалтгаан нь тус бүс нутгийн хамтын ажиллагааны Өмнөд Азийн холбоо (SAARC)-ны 10 улсаас Энэтхэг, Пакистан цөмийн зэвсэгтэй. Тиймээс Бангладеш ганцаараа зүтгэхээс аргагүй байна. НҮБ-ын тогтоол бидэнд чухал баталгаа болдгийн бас нэг шалтгаан нь энэ.

Тэгвэл Р5-аас Монголд гаргаж өгсөн тунхаглал болон Ерөнхий Ассамблейн тогтоол эрх зүйн баталгаа биш гэсэн үг үү?

Тийм ээ, эрх зүйн бус, харин улс төрийн баталгаа гэж үздэг. Чамлах хэрэггүй. Өөр орнууд барьцаж мэднэ гэсэн болгоомжлол байгаа тул эрх зүйн баталгаа одоо гаргах боломжгүй. Харин 2019, 2020 оноос дангаараа цөмийн зэвсэггүй улс болох асуудлаар улс орнууд хоорондоо ярилцая гэсэн асуудал сүүлийн үед хөндөгдөх боллоо. Исланд, Өмнөд Африкийн орнууд манайхыг сонирхож байгаа. Хэдийгээр манай улс уг жишгийн үндсийг тавьсан ч амьдрал дээр баталгааг нь хангах хэрэгтэй. Бидэнд улс төрийн давхар баталгаа байна шүү дээ.

Яагаад давхар гэж?

Р5 эхний буюу 2000 онд гаргасан баталгаандаа Монголын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, далайлгахгүй гэсэн нь тэдний хувьд нэг ёсны алдаа болсон юм. Хоёр хөрш болон бусад гурван оронтой нь найрсаг харилцаатай манай улсын хувьд уг мэдэгдэл бодит байдалд огт тохирохгүй байсан. Хүйтэн дайны уур амьсгал ханхалсан шинжтэй учраас алдааг залруулах хэрэгтэй гээд бид тэдэнтэй нэг хэсэг тулж ажилласан. Р5 алдаагаа илт хүлээн зөвшөөрөөгүй ч цаашид хэрхэх талаар манайтай НҮБ- ын хүрээнээс гадуур, Японы Саппоро хотод албан бусаар уулзаж ярилцсан юм.

Тэр үеэс дахин баталгаа гаргах асуудал яригдсан. Яриа хэлэлцээ 2012 он хүртэл үргэлжилж, бид Р5-тай параллель тунхаглалд гарын үсэг зурлаа. Р5 нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн тул баталгаа нь Ерөнхий Ассамблейгаас манай статусын талаар гаргасан тогтоолын үг үсэг, үзэл санааны дагуу зөвхөн цөмийн зэвсгээр хязгаарлагдах учиргүй юм. Тиймээс гадаад аюулгүй байдлыг хангах гэсэн өргөн хүрээнд баталгаа гаргуулж авсан хэрэг.

Асуудал одоо цаашид хэрхэн өрнөх вэ?

Цаашдаа зөвхөн НҮБ-ын тогтоолоор энэ баталгааг хязгаарлах нь хангалтгүй. Бүс нутгийнхаа аюулгүй байдалтай холбож өгөх хэрэгтэй. ASEAN-ын бүс нутгийн форумаас 2015 онд манай статусыг жил бүр бүс нутгийн хэмжээнд ярилцахаар болсон. Мөн 25 жилийн туршлага хуримтлуулсны хувьд Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг бусад улс орон манай талд тавьж байна.

Үүний хүрээнд зургадугаар сард АНУ, ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австралийн төлөөлөгчид манай улсад цуглаж уулзана. Умард Солонгосыг оролцуулах бодолтой байна. Хамгийн гол нь, аюулгүй байдлаа том гүрнүүдтэй улс төр, дипломат аргаар хангах нэлээд туршлага бидэнд байгаа юм. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1975 оны тогтоолд цөмийн зэвсэггүй бүс гэж зөвхөн хоорондоо тохирсон улс орнуудыг хэлэхгүй. Ерөнхий Ассамблейн тогтоолоор баталгаажуулж байж хүчинтэйд тооцогдоно гэж заасан. Бид энэ заалтыг ашиглан улс төрийн баталгаагаа эрх зүйн үндэстэй болгох хэрэгтэй. Ингэж байж чулуу болгоно.

Том гүрнүүд эсэргүүцээд байхад та бүхэн зүтгүүлж байж. Хүндрэл их гарч байсан уу?

Эхэндээ биднийг хүлээж авахад хэцүү л байсан. Ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийхийн тулд асуудлыг бөмбөг мэт бие биендээ дамжуулж өөрсдөөсөө зайлуулдаг байсан. АНУ, Англи, Франц эхлээд амаар, дараа нь хамтран “цаг үеэ олоогүй, тус болохгүй, танайд харин ч сөрөг үр дагавартай байж болох юм” гэж сүрдүүлж байсан. Аль аль нь улс орныхоо ашиг сонирхлыг урьтал болгож байсан нь мэдээж.

Гэхдээ Р5-ын хувьд эрх зүйн үндэс бүхий баталгаа гаргахаас зайлдаг ч бусад асуудлаар ярилцахад нээлттэй байв. Том гүрэн гэж сүрдэхгүйгээр анхнаасаа байр суурь, нөхцөл байдлыг сайтар хэлж, ойлгуулах хэрэгтэй. Манай санаачилгыг ихэнх орон дэмждэг. Гэхдээ цөмийн зэвсэгтэй таван гүрний дургүйг нь хүргэж Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулах юм бол биднийг зуугаад, гэдийчихнэ. Тиймээс бага багаар явуулахын тулд тэвчээр, цаг хугацаа л хэрэгтэй. Ямар сайндаа 20 орчим жил тэдэнтэй яриа хэлэлцээ хийж, 80 гаруй удаа хоёр ба гурван талаараа, Р5-тай бүгдтэй нь уулзаж байхав.

Эх сурвалж: http://news.gogo.mn/