Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Хэвлэлийн тойм

www.ikon.mn цахим хуудаснаа нийтлэгдсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд" ТББ-ын захирал, доктор (Ph.D) Ж.Энхсайханы ярилцлагыг толилуулж байна

www.ikon.mn цахим хуудаснаа нийтлэгдсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Цэнхэр сүлд

Элчин сайд Урианхан овогтой Жаргалсайханы Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр Олон улсын хуульч мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн НҮБ болон ОУ-ын Атомын энергийн агентлагт Монгол Улсаа төлөөлж байв. Одоогоор Ж.Энхсайхан “Цэнхэр Сулд” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

-Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болох тухай санаачилга гаргасныхаа 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тиймээс энэ асуудлаар яриагаа эхэлье?

-Асар өргөн хүрээтэй энэ асуудлыг товчилж ярихад тун хэцүү. Маш товчоор хэлбэл манай улс хүйтэн дайны дараах нөхцөлд аюулгүй байдлаа аль нэг том гүрэнд даатгах замаар биш харин бололцооны хэрээр улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх бодлого баримтлах болсон. Тэр талаар 1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын, гадаад бодлогын үзэл баримтлалууд, мөн цэргийн номлолд тодорхой зааж өгсөн байдаг. 

Цөмийн зэвсгийн “бай” болохоос өөрийгөө хамгаалах, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байнга байгаа цөмийн аюулын асуудлыг дөрөөлж гадаад аюулгүй байдлын талаар баталгаа гаргуулж авах боломжийг судалж ажиллаж үзсэн. Энэ хугацаанд цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ОХУ, Хятад, Англи, Францтай (тэд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд олон улсын харилцаанд тэднийг Р5 гэж товчлон нэрлэдэг) олон удаа яриа хэлэлцээ хийж тодорхой үр дүнд хүрсэн.

Тухайлбал, 1998 онд тэдэнтэй хийсэн яриа хэлэлцээний дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай тогтоол батлан гаргасан. Тэрхүү статусыг Монголд хэрэгжүүлэх үүднээс 2000 оны хоёрдугаар сард УИХ тусгай хууль болон түүнийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан.

Олон улсын хэмжээнд манай цөмийн зэвсгээс ангид статустай холбогдуулж Р5 2000 онд хамтарсан мэдэгдэл гаргаж цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр далайлгахгүйгээ зарласан. Манай тал тэрхүү мэдэгдлийг нь Монголын нөхцөлд тохироогүй, хүйтэн дайны үеийг санагдуулсан улс төрийн баталгаа гэж үзэж байгаагаа мэдэгдээд илүү бодитой баталгаа гаргуулах талаар ярилцаж ажилласны дүнд Р5 2012 онд манай ашиг сонирхолд нийцсэн улс төрийн баталгаа болгож хамтарсан тунхаглал гаргасан.

Түүндээ Р5 Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, мөн энэ талаар тус улс хууль гаргасан явдлыг тус тус хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа Монголд төдийгүй мөн өөр өөрсдөдөө амлаж дэлхийд зарласан. Энэ нь цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал цаашид газар авахад Р5-ын хэн нь ч Монгол Улсын нутаг дэвсгэрийг ашиглахгүй, тухайлбал пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эд ангийг байрлуулахгүй буюу тийм системийг эсэргүүцсэн тогтолцооны эд ангийг ч Монголд байрлуулахгүй, тэгэхээр манайд шууд буюу шууд бусаар даралт үзүүлэхгүй гэдгийг бие биедээ амласан гэж ойлгож ажиллах хэрэгтэй.

Статусын ач холбогдлыг товчоор хэлбэл: Нэгд, Р5-ын аль нь ч цөмийн зэвсгээ манайх руу онилохгүй гэсэн үг юм. Тэд уг статусыг хүндэтгэхээ манайд төдийгүй өөр өөрсдөдөө амлаж дэлхий дахинаа тунхаглан зарласан. Хоёрт, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолын нэр, агуулгаас үзвэл тогтоол нь тус улсын аюулгүй байдалд зөвхөн цөмийн зэвсгийн аюулын өнцгөөс хандаагүй, ер нь манай улсын гадаад аюулгүй байдлыг өргөн утгаар нь ойлгож хандсан байгаа.

Тухайлбал, тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогоо бататган бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахад нь Монгол Улстай хамтарч ажиллахыг гишүүн орнууд, НҮБ-ын холбогдох байгууллага, нэгжүүдэд уриалсан.

Сонирхуулахад, 1998 оноос хойш НҮБ-ын Нарийн бичгийн дарга манай статусын асуудлаар есөн удаа илтгэл гаргаж, Ерөнхий Ассамблей 10 удаа дээрх заалт бүхий тогтоолыг батлаад байгаа.Гуравт, манай гадаад аюулгүй байдлын холбогдолтой энэ асуудлыг Ерөнхий Ассамблей хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд байнга байлгаж хоёр жил тутам ЕНБД-ын илтгэлийг хэлэлцэж тогтоол гаргадаг. Гадаад бодлогын зорилгод хүрэхийн зэрэгцээ явуулж байгаа бодлого нь, өөрөөр хэлбэл үйл явц нь өөрөө улс төрийн хувьд чухал арга хэрэгсэл болдог.

-Цөмийн зэвсгээс ангид статустай улс байх нь уранаа ашиглах эрхээ хязгаарлана гэсэн үг үү. Тухайлбал уранаа боловсруулж шар нунтаг болгон ашиглах, гадаадад экспортлох эрхтэйгээ байх уу? Цөмийн цахилгаан станц барьж болох уу?

-Цөмийн зэвсгээс ангид статус нь зөвхөн зэвсгийн талаар ярьж байгаа хэрэг юм. Статусыг олон улсын хэмжээнд тэгж ойлгож, түүнтэй холбогдуулж Р5 манайд баталгаа олгосон. Өөрөөр хэлбэл тэрхүү статус нь уран, цөмийн материалд огт хамаагүй гэж хэлж болно. Уранаа ашиглаж шар нунтаг зэрэг материал үйлдвэрлэж гадаадад экспортлох бүрэн эрхтэй байгаа. Тэр ч байтугай цөмийн цахилгаан станц ч барьж ажиллуулах эрхтэй хэвээр байгаа. Энэ талаар санаа зовох зүйлгүй.

Гэхдээ аюул заналын хувьд гэвэл, цөмийн статустай боллоо гээд монголчууд бид санаа амарч болохгүй. Бид чинь цөмийн зуунд амьдарч байгаа шүү дээ. Энхийн зорилгоор ашиглаж байгаа хөрш орнуудын цөмийн байгууламжаас ч манайд аюул занал учирч болохыг түүх бэлхнээ харуулж байгаа. Энэ талаар 2015 онд гаргасан “Монголын цөмийн ирээдүй ...” гэсэн номондоо нэлээд тодорхой бичсэн байгаа.

Хэдийгээр цөмийн зэвсгээс ангид статустай улс болсон боловч цөмийн реактор (реактор, станцын ялгаа нь гэвэл станц нь ихэвчлэн 3-4 реактортой байдаг)-т ашиглаж болох цөмийн түлш үйлдвэрлээд ашигласан түлшээ өөрт байлгавал асуудал арай өөр болж эргэнэ. Учир нь ашигласан түлшинд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болох цөмийн урвалаар бий болсон плутони агуулагдсан байдаг.

Тиймээс хэрэв цөмийн түлш үйлдвэрлэх юм уу, эсвэл ашигласан түлштэй болбол олон улсын, өөрөөр хэлбэл ОУАЭА-ийн шинжээчдийн хараа хяналтад орох болно. Тийм ч учраас цөмийн түлш үйлдвэрлэдэг улс орны тоо хэмжээг барьж, яваандаа тийм түлшийг гагцхүү цөөн тооны олон улсын төвд үйлдвэрлэдэг болох асуудал нэлээд яригдаж байгаа.

Цөмийн түлш үйлдвэрлэх боломж, бололцоотой нэлээд улс орон байдаг боловч нэгэнт ашигласан түлшийг (ашигласан түлш нь нэг ёсондоо цөмийн шаар хаягдал юм. Гэхдээ түүнийг дахин боловсруулаад ашигладаг реактор бий болж байгаа тул шаар гэж бараг хэлдэггүй) нь хэрхэх асуудал дээр гацчихаад байгаа.

Түлш үйлдвэрлэгч нь ихэвчлэн ашигласан түлшийг буцааж авдгийг мартаж болохгүй. Цөмийн түлшний асуудал яг яригдаж байсан үед, өөрөөр хэлбэл 2011 онд Монголд цөмийн түлшний үйлдвэр барих талаар АНУ, Японд ярьж байсан байдаг.

-Тийм, санаж байна. 2011 онд Майничи Дейли сонинд энэ талаар өгүүлэл гарч нэлээд шуугиулж байсан?

-АНУ түүнийг дэмжиж сонирхож байсныг Монгол-Америкийн 2011 оны зургаадугаар сарын хамтарсан мэдэгдлээс уншиж болно. Түүнд “АНУ Монгол Улсын Цөмийн санаачилгыг хүлээн зөвшөөрч дэмжиж байна” гэж заасан байдаг. Монголын цөмийн санаачилга гэдэг нь Монголд цөмийн түлшний үйлдвэр барих асуудлыг хэлж байсан бололтой. “Монголын” гэдэг тодотгол нь Монгол анх өөрөө санаачилсан болохоор уу, аль эсвэл түлшний үйлдвэрийг Монголд барихыг тодотгож байгааг хэлж байсан уу, мэдэхгүй юм.

2000 онд батлагдсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд цөмийн шаар хаягдлыг Монгол Улсад булшлахыг хориглосон заалт байдаг.

Тэр үед Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчтэй ярилцаж байхад тэрбээр хэрэв Монгол Улс 2021 он гэхэд цөмийн WEC AP1,000 түлшийг үйлдвэрлэж, дараа нь ашигласан түлшийг буцааж авбал тийм үйлдвэрийг Монголд барьж өгөх сонирхолтой Япон, АНУ-ын талтай Эмират Улс илүү тодорхой ярилцаж болж байна гээд техникийн чанартай тодорхой мэдээллийг Toshiba-raac авч болно гэж хэлж байсныг санаж байна.

2000 онд батлагдсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд цөмийн шаар хаягдлыг Монгол Улсад булшлахыг хориглосон заалт байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож үг хэлэхдээ энэ талаар дурдаж, мөн зарлиг ч гаргасан нь хуулийн тэрхүү заалтыг нотолсноороо чухал болсон.

-Хэрэв Монгол Улс 2000 оны тэр хуулийг чанд хэрэгжүүлбэл цөмийн ашигласан түлш буюу шаар хаягдлын талаар санаа зовох хэрэггүй болно гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хувьд тийм гэж хэлж болно. Харин хил залгаа буюу ойролцоо байгаа хөрш орнуудын нутаг дэвсгэрийн хувьд манай энэ хууль үйлчлэхгүй нь ойлгомжтой. Тэрхүү хуулийн 5.2-т Монгол Улсын хил орчимд хүн ам, байгаль орчны аюулгүй байдалд шууд нөлөөлөх буюу алсдаа сөргөөр нөлөөлж болзошгүй цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх талаар ОУАЭА болон олон улсын холбогдох бусад байгууллага, цөмийн хөтөлбөр бүхий улстай хамтран ажиллана гэж заасан байгаа.

Одоо Монгол Улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц (олон улсын хэмжээнд энэ конвенцийг хамтарсан буюу урт нэртэй конвенц гэх товчилж нэрлэдэг), Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц болон Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг энэ хаврын чуулганаар соёрхон батлах хэрэгтэй байна. Цаг маш их алдаж байна.

Энэ асуудлын талаар УИХ-д тодорхой мэдээлэл, лавлагаа байгаа боловч асуудлын явц муу байгаа нь ойлгомжгүй байна. 2015 оны зургаадугаар сарын 19-нд УИХ 60 дугаар тогтоол гаргаж түүндээ дээр дурдсан олон улсын гурван конвенц, протоколыг соёрхон батлахыг Засгийн газарт даалгасан.

Гэтэл өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Засгийн газар ойрын дөрвөн жил хийх ажлын мөрийн хөтөлбөртөө эдгээр гурван конвенцийг соёрхон батлах байтугай ер нь цөмийн салбарт ямар ажил хийх нь ч тодорхойгүй байна. Тэгснээр Монгол Улс маш их цаг алдах болж байна.

-Та яагаад энэ хаврын чуулганаар соёрхон батлуулах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм бэ. Тэгж яарахын учир юунд байгаа вэ ?

-Хөрш орнуудаас цөмийн ашигласан түлшний талаар баримталж байгаа бодлогын талаар номонд нэгэнт дурдсан байгаа тул энд нурших хэрэггүй юм. Манай хоёр хөрш хамгийн хор хөнөөлтэй ашигласан түлшийг хаана булшлахаа төлөвлөж байгаа талаар ч түүнд дурдсан байгаа. Тэд тийм аюултай зүйлийг зүгээр нэг газар булахгүй нь ойлгомжтой. Тиймээс ч аль аль нь эхлээд булшлахад нэн тохиромжтой газраа олж тогтооход олон. жил зарцуулж, маш их хүч хөрөнгө гаргаж байж газраа урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа.

Одоо сонгосон газрынхаа орчим газар дор лаборатори байгуулж, барих агуулахын нарийвчилсан зураг төслийг гаргах, хими, физикийн чанартай техникийн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийг хэмжих шалгуурыг тогтоох, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг хийж байна. Хятад улсын хувьд л гэхэд энэ асуудлыг аль 1985 оноос судалж ирсэн. Одоо 2020 онд аюултай шаар хаягдлыг хаана байршуулах талаарх эцсийнхээ шийдвэрийг гаргаад булшлах агуулахаа (байгууламжаа) барьж эхэлнэ.

Орос ч мөн тодорхой графикаар тийм лабораторио барьж эхэлж байгаа. Нэгэнт тийм шийдвэр гарсны дараа манай улс хэчнээн эсэргүүцээд ч шийдвэрүүдийг нь өөрчлүүлж чадахгүй нь ойлгомжтой. Харин ч тэр асуудлаасаа болж аль алинтай нь муудалцахад хүрч мөнхийн хэрүүлийн алимтай болно гэсэн үг юм. Тиймээс урт нэрт конвенцийг аль болохоор түргэн соёрхон батлаад 2018 оны бага хуралд бүрэн эрхт оролцогчийн хувьд оролцох хэрэгтэй байна. Тэгвэл ядаж асуулгаа олон улсын хэмжээнд тодорхой тавих, тодорхой хариу авах ч боломжтой болно.

Цаг нэгэнт алдаж байгаа тул асуудлыг хөршүүддээ хоёр талын шугамаар тавиад хангалттай буюу нааштай хариу авах нь юу л бол. Гэхдээ асуудлыг тэдэнд тавих хэрэгтэй. Манай улсын жин нөлөө тун бага гэдэг нь ойлгомжтой, хөршүүд нутаг дэвсгэр дээрээ хаана юу хийхээ хэнээр ч заалгахгүй, энэ талаар эртнээс хэлж байхгүй яасан юм, одоо нэгэнт шийдвэр гарсан, оройтсон гэж хэлэхэд бид хэлэх юмгүй болно.

Аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаалах ур ухаан ийм үед л чухал хэрэг болно. Тиймээс 2018 оноос өмнө энэ асуудлыг олон улсын хэмжээнд сөхөн тавьж хэлэлцүүлж эхлүүлэх хэрэгтэй. Мөн шаардлагатай бол нөлөө бүхий бусад гүрэн, олон улсын байгууллагатай ч ажиллах хэрэгтэй болно байх.

Эцэст нь хэлэхэд манайд нөмөрч болох цөмийн аюултай харьцуулбал өнөөгийн утааны асуудлыг өөрсдийн хүч, хөрөнгөөр өөрсдөө шийдвэрлэж болох асуудал юм.

Харин нэгэнт манай ойролцоо булсан цөмийн шаар хаягдлын асуудлыг бид яаж ч шийдэж чадахгүй, нэг мэдэхэд дэлхийд хамгийн аюултай хог хаягдлын булшны дунд оршдог болчихсон, түүнийгээ амны уншлага мэт ярих боловч бусдад хүртээлгүй, хүчтэй газар хөдлөлт битгий болоосой, хөршүүдийн дайсагнагч этгээдүүд газрын гүнд байрласан объектыг устгадаг пуужинт зэвсгээ цөмийн булш байгаа газар руу битгий онилуулаасай гэж залбирч, цацрагийн өвчтэй, гений гажуудалтай хүн амтай, Монгол үндэстэн эрүүл орших үндэс нь аажмаар үгүй болсон, мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүгээгдэхүүн нь зах зээлгүй болсон тийм байдалд хүрэх вий гэж бодож үүнийг хэлж байгаа юм. ҮАБЗ ч үүнийг анхаарах цаг болсон гэж үзэж байна.

Эх сурвалж:  http://www.ikon.mn/n/z92