Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

БНХАУ болон Пакистан улсууд ураны салбарт хамтран ажиллахаар болжээ.

БНХАУ болон Пакистан улсууд ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хятадын үндэсний цөмийн корпораци (ХҮЦК) нь Пакистан Улсын Атомын энергийн комисстой ураны нөөцийн хайгуул, боловсруулалтын чиглэлд хамтран ажиллахаар техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. БНХАУ нь үүнтэй төстэй гэрээг Саудын Арабын Вант Улстай мөн оны эхээр байгуулсан ажээ.

Тус гэрээний хүрээнд БНХАУ нь Пакистан Улстай ураны салбарт хамтран ажиллахдаа өөрсдийн технологийн давуу тал, цөмийн судалгааны хүрээлэнгүүд, цөмийн химийн салбар, агаарын алсын зайн тандан судлах төв болон бусад дэд салбаруудыг онцгой анхааран ажиллах юм.

 ХҮЦК хийсэн мэдэгдэлдээ “Пакистан Улс нь Ойрх Дорнод болон Өмнөд Азийг холбох чухал гүүр” хэмээн дурьджээ. БНХАУ  тус улсад 300 МВт чадалтай 4 реактор барьж ашиглалтад оруулсан ба удахгүй 1000 МВт хүчин чадалтай 2 реактор ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ. Мөн тус улстай цөмийн технологийн хэрэглээ, ураны нөөц, мэргэжилтэн бэлтгэх болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

Энэ оны 3 дугаар сард ХҮЦК болон Саудын Арабын Вант Улсын Геологи судалгааны хүрээлэн хооронд уран болон торийн нөөцийн чиглэлд хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд ХҮЦК нь ирэх 2 жилийн хугацаанд Саудын Арабын Вант Улсад илэрц бүхий 9 талбайд хайгуулын ажил явуулах ба өнгөрсөн 05 дугаар сард хээрийн судалгааны ажлыг дуусгаж уран илэрц бүхий хэд хэдэн талбайг тодорхойлон дараачийн шатны судалгааг үргэлжлүүлэхээр болсон байна.

2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ХҮЦК-ийн харьяа “Химийн инженерчлэл ба металлургийн Бээжингийн судалгааны хүрээлэн” ба Саудын Арабын Вант Улсын Абдулазиз хааны нэрэмжит Шинжлэх ухаан технологийн хүрээлэн хооронд далайгаас уран олборлох судалгааны чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу хоёр улсын судлаачид 2 жилийн хугацаанд хамтарсан судалгаа явуулахаар болжээ.   

Эх сурвалж: http://www.world-nuclear-news.org/UF-China-Pakistan-agree-to-uranium-cooperation-3107175.html