Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Тамгын газарт дараах нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулж авна. (2019-11-01 07:59:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкияа Амано 11 дүгээр сарын 01-ний өдөр Цөмийн энергийн газарт зочиллоо.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Юкияа Амано 11 дүгээр сарын 01-ний өдөр Цөмийн энергийн газарт зочиллоо.

Монгол Улсын ерөнхий сайд С.Батболдын урилгаар манай улсад айлчлаж байгаа Олон Улсын Атомын Энергийн агентлаг (ОУАЭА) -ийн ерөнхий захирал Юкияа Амано 11 дүгээр сарын 01-ний өдөр Цөмийн энергийн газарт зочиллоо.
 
ОУАЭА-ийн Ерөнхий захирал манай улсад нэг жилийн дараа дахин айлчилж байгаа нь манай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаагийн нэг тод илэрхийлэл юм. ОУАЭА-ийн ажлын хэсэг 2009 онд манай улсад ажиллаж цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарын эрх зүйн үндэс болох “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, “Цөмийн энергийн тухай” хуулийн төсөлтэй танилцаж, мэргэжлийн үнэтэй зөвлөгөө өгсөн нь дээрх бичиг баримтуудад тусгалаа олсон билээ
 
ОУАЭА-аас хэрэгжүүлж байгаа хорт хавдрын эмчилгээний хөтөлбөрийн хүрээнд тус Агентлаг мэргэжилтнүүдээ Монголд 2 удаа ирүүлж судалгаа хийлгэсний дүнд Монгол Улс Хорт хавдрын эмчилгээний загвар хөтөлбөр (PACT)-т хамрагдсан бөгөөд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд энэ оны 3 дугаар сард ОУАЭА-т айлчлах үеэр ОУАЭА болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг Хорт хавдартай тэмцэх загвар хөтөлбөрийг хэрэгжүүлэх (PMDS) 8 дахь улсаар тодруулсныг албан ёсоор мэдэгдсэн билээ.
 
Цөмийн энергийн газрын удирдлага ноён Юкияа Амано-той уулзах үеэрээ Монгол улс энэ загвар хөтөлбөрт хамрагдах болсонд түүний хичээл зүтгэл их байсныг талархан тэмдэглээд “Улс орны 2009-2014 оны хөтөлбөрийн хүрээ” (Country Program Framework) баримт бичигт тусгагдсан зорилтуудыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлээ.
 
Уулзалт ярианы үеэр цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалын талаар Монголын төрөөс баримталж буй бодлого, 2010-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ЦЭГ-аас танилцууллаа. Тухайлбал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, баталгаажсан нөөцийг нэмэгдүүлэн, олборлолтод хөрөнгө оруулах сонирхол бүхий стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран Мардайн зэрэг ураны ордуудыг ашиглаж эхлэх, Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, цацрагийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа танилцуулав.
 
ОУАЭА нь цацрагийн хяналт, хамгаалалтын чиглэлээр Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, зөвлөгөө өгөх, техник тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр ихээхэн тусламж дэмжлэг үзүүлж ирсний үр дүнд цацрагийн хяналт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад их ахиц дэвшил гарсныг ЦЭГ-ийн дарга С.Энхбат онцлон дурдлаа. ОУАЭА-ийн зөвлөмж, заавар, техникийн баримт бичгийг үндэслэн цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих төрийн хяналтын тогтолцоог олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах тодорхой саналуудыг ЦЭГ-аас ОУАЭА-ийн ерөнхий захирал Юкияа Амано-д тавьлаа.
 
Тухайлбал ураны судалгаа, хайгуул, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах үеийн дүрэм, журам, эрх зүйн хэм хэмжээний актуудыг боловсруулах, шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ураны хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт тавих, хүрээлэн буй орчны цацрагийн аюулгүйн үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах, цөмийн болон цацрагийн хяналтын мэргэжилтнүүдийг сургах, давтан сургах, хөгжилтэй орнуудын туршлага судлахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед авах арга хэмжээний талаар сургалт, семинар зохион байгуулах, Байгаль орчны цацрагийн хяналт болон геологийн дээжинд цацрагийн шинжилгээ хийх иж бүрэн лаборатори байгуулах болон лабораторийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний хүрээлэн болон лабораториудад дадлага хийлгэх, шинжилгээний арга аргачлалыг эзэмших, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.