Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Мэдээ

ЭМГЭНЭЛ

 

 

 

Цэрэнгийн Дамдинсүрэн

/1955-2017 он/

 

Цөмийн энергийн газрын дэд дарга асан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор, Ховд Их Сургуулийн Хүндэт профессор Цэрэнгийн Дамдинсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, цөмийн энергийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ц.Дамдинсүрэн нь 1955 онд Увс аймгийн Улаангом хотод төрж, 1973 онд Увс аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1974-1979 онд МУИС-ийн Физик-математикийн факультетийг физикч, физикийн багш мэргэжлээр дүүргэж, 1990 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд хийсэн судалгааны ажлаараа Физик-математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрээр 1979-1984 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд Физикийн багш, тэнхимийн эрхлэгч, 1984-1992 онд ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Их энергийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, 1992-1993 онд Техникийн их сургуульд Физикийн багш, 1993-2008 онд Засгийн газрын Цөмийн энергийн комисст Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 2009-2014 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газарт дэд даргын албан тушаал эрхэлж байв.

Ц.Дамдинсүрэн нь манай улсад хөдөө орон нутагт анх удаа байгуулагдсан Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулах, түүний материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах, багшлах хүний нөөц бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд ажиллах хугацаандаа бага энергийн физикийн салбарт сайн хөгжсэн гамма-спектрометрийн аргыг анх удаа их энергийн физикт хэрэглэх, цөмийн аюулгүй реактор бүтээх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон жил хийж, Монгол Улсад цөмийн физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нарийн мэргэжлийн хүний нөөц бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Ц.Дамдинсүрэн нь 1993 оноос цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн судалгааг хөгжүүлэх, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж,  батлуулах, хэрэгжүүлэхэд идэвх санаачлага гарган ажилласан юм. Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль /2000 он/, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль /2001 он/, Цөмийн энергийн тухай хууль /2009 он/, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулахад биечлэн оролцож, салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүнчлэн Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн шинжилгээний нэгдсэн институт болон гадаад улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай, байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байв.

Ц.Дамдинсүрэнгийн шинжлэх ухаан, цөмийн энергийн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Гэгээрлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, Иргэний хамгаалалтын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Хүндэт үнэмлэх, Хавдар судлалын үндэсний төвийн Хүндэт тэмдэг, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн 50 жилийн ойн Хүндэт тэмдэг, Алтангадас одон болон бусад ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.

Талийгаачийн цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА