Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 61 дүгээр чуулган зохион байгуулагдаж байна

ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 61 дүгээр чуулган зохион байгуулагдаж байна

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 61 дүгээр чуулган Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Чуулганы үеэр гишүүн орнуудын төлөөлөгчид цөмийн шинжлэх ухаан, технологи, хэрэглээ болон Агентлагийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд, цөмийн болон цацраг идэвхт материалын тээвэрлэлт, цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдлын талаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, үйл ажиллагааг улам бэхжүүлэх зэрэг олон талт сэдвээр хуралдаж байгаа юм.

Энэ удаагийн чуулганд Монгол Улсаас БНАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

Чуулганы нээлтийн арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Филиппин Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэм хүндэт Мариа Зэнейда Ангара Коллинсонг энэ удаагийн чуулганы Ерөнхийлөгчөөр сонгож Гренада Улсыг Агентлагийн шинэ гишүүн улс болж элсэн орсныг баталлаа.

Үүний дараа Агентлагийн Ерөнхий захирал Юкияа Амано чуулганыг нээж үг хэлсэн ба илтгэлдээ Агентлагийн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоймлон дүгнэхийн зэрэгцээ ирэх онд нэн тэргүүнд зохион байгуулж хийх ажлуудыг тодорхойлсон юм.

Нээлтийн үеэр Ерөнхий бага хурал Юкияа Аманог Агентлагийн Ерөнхий захирлаар дахин сонгож, түүний бүрэн эрхийн хугацааг 4 жилээр сунгасныг мэдэгдлээ.       

Нийт 35 улсын төлөөлөгчид нээлтийн илтгэлийн үеэр үг хэлсэн ба тэдний бүрэн хэмжээний илтгэлийг энэхүү холбоосоор нэвтрэн сонирхох боломжтой юм.

    

 

Даваа гаригт зохион байгуулагдсан арга хэмжээнүүд:

-  Сайберсдорф лабораторийн шинэчлэлийн төсөл + Хандивлагч улсуудыг зарлах (ReNuAL/ ReNuAL + Event: Unveiling of Donor Wall) арга хэмжээний үеэр ноён Амано ReNual төслийн хандивлагч улсуудыг албан ёсоор зарлалаа. Агентлаг 2014 онд ReNual төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гишүүн орнуудын оролцооны төсвийн нэмэлт зардлаас (Extrabudgetary contributions) тус төсөлд зориулсан зарцуулалтыг 30 гаруй сая евро хүртэл өсгөж чадсан юм. Нээлтийн арга хэмжээний үеэр АНУ тус төсөлд 2,6 сая евро, ХБНГУ 1 сая евро тус тус хандивлахаа мэдэгдсэнийг талархалтайгаар хүлээн авч тус 2 улсыг албан ёсны хандивлагчаар зарласан юм.

    

-  “Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-ийг баталсны 20 жилийн ойн арга хэмжээ мөн зохион байгуулагдлаа. 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан тус нэгдсэн конвенц нь ашигласан түлшний аюулгүй ажиллагаа, цацраг идэвхт хаягдлын менежментийг дэлхийн түвшинд хангуулах цорын ганц олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Агентлагийн гишүүн 5 улсын төлөөлөгчид өөрсдийн улсын цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой туршлагаас хуваалцлаа.

-  Олон улсын цөмийн аюулгүй ажиллагааны группын форум (INAG Forum): Өндөр идэвхт хаягдал болон ашигласан түлшний менежмент” сэдвийн дор зохион байгуулагдсан тус форумаар зохицуулагч болон хэрэглэгч байгууллага хоорондын холбоо, хаягдлыг гүний байгууламжид аюулгүй байршуулах болон хаягдлыг тусгаарлах туршилтын станц (Waste isolation pilot plant)-аас олж авсан туршлагатай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцсэн юм. Олон улсын цөмийн аюулгүй ажиллагааны групп нь цөмийн эрчим хүчний салбарын зохицуулагч, техникийн дэмжлэг үзүүлэгч болон судалгаа шинжилгээ, боловсролын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн цөмийн аюулгүй ажиллагааны шинжээчдийн баг юм.

Агентлагаас батлан гаргасан олон талт эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, тэдгээрийг олон талаар мөрдлөг болгон хэвшүүлэх ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр “Гэрээний арга хэмжээ”-г зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус арга хэмжээний үеэр “Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц”, “Ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлын аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц” болон “Цөмийн материалын биет хамгаалалтын тухай конвенцын 2005 оны Нэмэлт” зэрэг конвенцуудыг голчлон хэлэлцлээ. Боливийн Олон Үндэстний Улс “Цөмийн материалын биет хамгаалалтын тухай конвенцын 2005 оны Нэмэлт”-ийг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичгийг, Монако Улс тус конвенцийг соёрхон баталсан тухай албан бичгийг, Арабын Бүгд Найрамдах Сири Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг соёрхон баталсан тухай баримт бичгийг тус тус өргөн барьлаа.

    

Чуулганы үеэр үндсэн арга хэмжээтэй зэрэгцэн хэд хэдэн side events буюу туслах арга хэмжээнүүд  зохион байгуулагддаг. Үүний хүрээнд “Цацрагийн эрсдэлийн үнэлгээ болон Дүрс оношилгоон дахь эрсдэлийн ойголтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдсан ба оролцогчид эмчилгээ оношилгооны дүрэм журамд нийцүүлсэн эрсдэлийн үнэлгээний арга хэрэгслийн талаар сурч авсан юм.    

Гишүүн орнуудын зохион байгуулсан арга хэмжээнүүд

1.   ОХУ “Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг сайжруулахад цөмийн эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарын ахмад ажилчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт арга хэмжээг байгуулсан ба “Цөмийн эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарын ахмал ажилчдын олон улсын холбоо”-ны гишүүн улсууд ашигласан түлшний менежменттэй холбоотой олон талт асуудлуудын талаар хэлэлцлээ. Мөн, аюулгүй ажиллагаа нь цөмийн эрчим хүчний салбарт заавал биелүүлэх хүчин зүйл бөгөөд цаашид салбарыг дэлхийн түвшинд хөгжүүлэх үндсэн хүчин зүйл мөн болохыг онцолсон юм.

2.   Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Цөмийн бодлого, хөтөлбөрийн эрсдэлийг бууруулах чадвар, чадавхыг бий болгох нь: Нэгдсэн Вант Улсын туршлага” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж өөрийн улсын хуучин цөмийн байгууламжийг ашиглалтаас гаргах бодлого болон шинэ байгууламж байгуулах чадвар чадавхыг хэрхэн нэмэгдүүлж чадсан, энэ үйл ажиллагаа нь бусад улс орнуудад ямар ашиг тус авчирсан талаар онцоллоо.

3.   Бүгд Найрамдах Финланд Улс Цөмийн хаягдлын менежмент- Финландын шинэ шийдлүүд” арга хэмжээг зохион байгуулан өөрийн улсын цөмийн хаягдлын менежментийн төлөвлөлт, хэрэгжилтээс олж авсан ололт туршлагаас танилцууллаа.

4.   Япон Улс “Фүкүшимагийн ариутгал ба ашиглалтаас гаргах үйл явц өдгөө: Бид хаана зогсож байгаа вэ?” сэдэвт арга хэмжээний үеэр тус бүсийн ариутгалын болон цөмийн байгууламжийн ашиглалтаас гаргах үйл явцын талаар танилцуулж, дэлхийн цөмийн нийгэмлэг ослын бүс нутгуудад хэрхэн үр дүнтэй, аюулгүй, дэвшилтэт ажиллагаа явуулах боломжтой талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

5.   Саудын Арабын Хаант Улс “Саудын Арабын Үндэсний Атомын энергийн төсөл ба СМАРТ Хөгжил: Цөмийн эрчим хүчийг шинээр нэвтрүүлэгч улсуудын сонголт” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж шинээр баталсан төслийн талаар болон хамтын ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

6.   Дэлхийн цөмийн эрчим хүчний түншлэлийн төв “Дэлхийн түншлэлээр дамжуулан аюулгүй, баталгаатай, тогтвортой цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх Энэтхэг Улсын санаачлагасэдэвт арга хэмжээний үеэр аюулгүй цөмийн системийг бий болгохын тулд судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтийг идэвхжүүлж хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөрийн хүрээнд чадварлаг боловсон хүчдийг бэлтгэх зорилготой ажилладаг тус санаачлагын талаар мэдээлэл өглөө.

7.   Агентлаг Бельги Улсын Цөмийн судалгааны төв SCK•CEN болон АНУ-ын Эрчим хүчний газрын Идахо болон Оак Ридж Үндэсний лабораториудийг “Судалгааны реакторт суурилсан Олон улсын төв” (IAEA International Centres based on Research Reactor) хэмээн итгэмжлэн томиллоо.   

  

8.   Хятадын Цөмийн эрчим хүчний ерөнхий газар цөмийн технологийг өргөн цар хүрээнд энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааны хүрээнд Азийн улс орнуудын мэрэгжилтнүүдийг сургах зорилгоор ОУАЭА-тай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Хэлэлцээрийн хүрээнд цөмийн шинжлэх ухаан, аюулгүй ажиллагаа, технологийн хэрэглээ зэрэг дэд салбаруудад мэргэшсэн боловсон хүчдийг бэлтгэх ажээ.

  

Агентлагийн Ерөнхий бага хурлын мэдээллийг энэ долоо хоногийн турш цаг алдалгүй уншихыг хүсвэл дараах холбоосуудаар нэвтэрнэ үү. Facebook, Twitter, Instagram болон LinkedIn

Эх сурвалж: https://www.iaea.org/newscenter/news/general-conference-day-1-highlights-18-september-2017