Сэдэв: “Цөмийн энергийн нэн шинэ системийн материал ба түлшийг сайжруулах зориулалтын судалгааны реактор” Хэзээ:   2017 оны 11 дүгээр сарын 06-10 Хаана:  Триест хот, Итали Улс Бүртгэ дуусах хугацаа: 2017 оны 07 дугаар сарын 25 (2017-07-21 10:54:00)

Гадаад мэдээ

Төв Азийн бүсийн ураны уурхайн нөхөн сэргээлтийн стратеги төлөвлөгөө

Төв Азийн бүсийн ураны уурхайн нөхөн сэргээлтийн стратеги төлөвлөгөө

Европын комисс /ЕК/, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/, Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/ болон Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан улсууд нөхөн сэргээлтийн шинэ мастер төлөвлөгөөний хүрээнд төв Азид ураны орхигдсон уурхайн нөхөн сэргээлтийг байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлаар явуулахын тулд хүчин чармайлт гаргах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Төв Азийн Узбекистан, Тажикистан, Казахстан болон Кыргызстан улсуудын хилийн бүс нутаг болох Сырдарья мөрөн, Ферганын хөндийн дээд хэсэг уулархаг бүс нутаг нь 1940-өөд оны үед хуучнаар ЗХУ-ын ураны үйлдвэрлэлийн гол бүс нутаг байсан. 1990-ээд оны дундуур тус бүс нутагт буй ураны уурхай, хүдэр олборлож байсан газрууд хаагдсан бөгөөд үлэмж хэмжээний цацраг идэвхт хаягдал агуулсан хаягдлын сан болон далангууд хараа хяналтгүй орхигдсон байна. Цөөн тооны уурхай болон хаягдлын санд бага хэмжээний нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн аж.

                Төв Азид үндэсний болон олон талт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 2012 онд байгуулагдсан ОУАЭА-ийн орхигдсон ураны уурхай зохицуулах групп, төв Азийн орнуудтай хамтран стратегийн мастер төлөвлөгөөг боловсруулсан байна. Мастер төлөвлөгөө нь олон улсын гэрээ, конвенцын дагуу цаг хугацаа болон зардлын үр ашигтай байх зохицуулалтыг хангах зорилготой юм. Тухайн уурхайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай эсэхэд үнэлгээ өгөх цогц арга замыг боловсруулах, нөхөн  сэргээлтийн ажлыг эрсдэл болон ач холбогдлынх нь дагуу эрэмбэлэх зэрэг ажлууд мастер төлөвлөгөөний дагуу хийгдэх аж.

                2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Вена хотод болсон ОУАЭА-ийн Ерөнхий чуулганы үеэр Тажикистан, Узбекистан, ОУАЭА, Европын комисс болон ЕСБХБ тус мастер төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. ОХУ болон Кыргызстан улсууд энэхүү төлөвлөгөөнд нэгдэхээр хүлээж байна.

                Мастер төлөвлөгөөний дагуу уурхайн нөхөн сэргээлтийн ажил, туслах үйл ажиллагааны нийт зардалд 210 сая еврог төсөвлөжээ. Үүнээс одоогийн байдлаар 56 сая еврог Европын холбоо, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсууд болон Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн. Харин үндсэн ажил болох нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд 160 сая евро нэн шаардлагатай байна.

                ЕСБХБ-ны мэдээлснээр нэн шаардлагатай 7 уурхайн нөхөн сэргээлтийн ажилд тус банкны Төв Азийн байгаль орчны нөхөн сэргээлтийн сангаас 85 сая евро төлөвлөж байгаагаас 16 сая еврог Европын комиссоос санхүүжүүлээд байна. 2018 онд тус сангийн хөрөнгө оруулалтыг бүрдүүлэхээр хандивлагч байгууллагуудын уулзалт зохион байгуулагдах аж.

                ОУАЭА-ийн дэд захирал, Цөмийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газрын дарга Хуан Карлос Лентижо хэлэхдээ оролцогч талууд нь өнөө болон ирээдүй хойч үедээ аюулгүй хүрээлэн буй орчинг бүрдүүлэхийн төлөө хамтран ажилласан. “Үр дүнтэй зохицуулалт нь нөхөн сэргээлтийг цаг тухайд нь, зардал-үр дүнтэй, тогтвортой байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг болно” гэжээ.      

                ЕСБХБ-ны Цөмийн аюулгүй байдлын дэд захирал Бальтазар Линдауэр хэлэхдээ тус банк нь уг гэрээнд сайшаалтай хандаж байгаа бөгөөд “Тус баримт бичиг нь төв Азид ураны орхигдсон уурхайнуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хамтарсан замын зураглал болно. Өнөөдрийн гарын үсэг зурсан явдал нь маш чухал ахиц дэвшил бөгөөд хүрэлцэн ирсэн талууд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулж байна. Төв Азийн ард түмэнд эрүүл, аюулгүй хүрээлэн буй орчинг бий болгохын төлөө олон улсын байгууллагуудыг энэхүү үйл ажиллагаанд нэгдэн орохыг уриалж байна” гэжээ.   

Эх сурвалж: http://world-nuclear-news.org/UF-Strategic-plan-for-uranium-legacy-remediation-2509178.html