“ОЛОН УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ын Ажлын алба нь Америкийн Нэгдсэн Улсын Эрчим хүчний яам, Цацрагийн аюулгүй байдлын газар, Сандиагийн үндэсний лабораторитой Монгол Улсад цацраг идэвхт материалын биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сандиагийн үндэсний лаборатори нь “Цацрагийн байгууламжийн биет хамгаалалтыг сайжруулах” төслийг 2009 оноос Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Изотоп контор, Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасаг, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвд тус тус амжилттай хэрэгжүүлж аюулгүй байдлыг хангах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. ЦЭК-ын Ажлын алба нь тус лабораторитой хамтран 2016 оноос цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал, аюулгүй байдлын дүрэм журам боловсруулах, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах, тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг хангах зэрэг агуулгуудын хүрээнд нийт 7 удаагийн сургалтыг зохион байгуулж, төрийн болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллагуудын 189 албан хаагчийг хамруулаад байна. Тус лабораторийн сургагч багш нартай хамтран цацрагийн үүсгүүр хэрэглэгч болон эхний хариу арга хэмжээ авах байгууллын албан хаагч нарт цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдалд аюул занал учирахаас сэргийлэх, биет хамгаалалт хийх, шаардлагатай тохиолдолд нэгдсэн хариу арга хэмжээг шуурхай төлөвлөх, зохион байгуулах чиглэлээр “Олон улсын хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг 2022 оны 08 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтад 19 төрийн байгууллагын 30 албан хаагч оролцож, цацраг идэвхт материалд учирч болзошгүй хулгай, дээрэм, гэмт халдлага зэрэг аюул заналаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг шуурхай төлөвлөх, байгууламжийн мэдээллийн хавтас болон хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах талаар илтгэл сонсож, дасгаж ажил хийлээ. Олон улсын хэмжээнд цөмийн терроризмын аюул занал бодитоор оршсоор байгаа энэ үед болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд аливаа улсын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд энэхүү сургалт нь эхний хариу арга хэмжээ авах байгууллагын албан хаагч нарын цацрагийн аюулгүй байдлыг хангах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой байлаа.