АЗИЙН ЦӨМИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ /АЦХАФ/-ЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ҮЛ ДЭЛГЭРҮҮЛЭХ БАТАЛГАА, ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧДЫН 2021 ОНЫ УУЛЗАЛТ ЦАХИМААР БОЛЛОО.

Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум /АЦХАФ/-ын хүрээнд зохион байгуулагдсан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдлын төслийн зохицуулагчдын 2021 оны  уулзалт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форумын Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдлын төслийн зорилго нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, түүнчлэн цөмийн баталгааны ач холбогдлыг гишүүн орнуудад сурталчлан таниулах, улс орнуудын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэх зарчмаар цөмийн энергийн салбарын хүний нөөц, дэд бүтцийн хөгжлийг дэмжих явдал юм.

Төслийн хамтын ажиллагааны хүрээнд гишүүн улс орнуудын сайн туршлагаас бүс нутгийн хэмжээнд хуваалцах, бүс нутгийн хүрээнд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдлын чадавхыг дэмжих тал дээр хувь нэмэр оруулснаар ахиц дэвшил гарч байгаа тухай АЦХАФ-ын зохицуулагч ноён Вада Томоаки онцоллоо.

Уулзалтын хүрээнд гишүүн улс орнуудын сүүлийн 1 жилд авч хэрэгжүүлсэн цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, цөмийн аюулгүй байдлын соёлыг хэвшүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх нэгдсэн тайлангаас танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Солонгос Улс цөмийн материал болон цөмийн холбогдолтой бараа бүтээгдэхүүний экспортын хяналтын талаар сайн туршлагаас, Австрали Улс цөмийн шүүх шинжилгээний чиглэлээр бүс нутгийн хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах, мэдлэгийн менежментийг түгээх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, туршлагаас хуваалцаж, гишүүн улс орнуудын төлөөлөл харилцан санал солилцов.