“Оношилгооны тунгийн зөвлөх түвшин” сэдэвт үндэсний семинар зохион байгуулагдаж байна.

ЦЭК-ын Ажлын алба, ОУАЭА, Улсын 3 дугаар төв эмнэлэгтэй хамтран ОУАЭА-ийн RAS9089 “Цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг боловсронгуй болгох нь” төслийн хүрээнд “Оношилгооны тунгийн зөвлөх түвшин” сэдэвт үндэсний семинарыг 2020 оны 11 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна.

Тус семинарын зорилго нь радиологич, эмч, эмнэлгийн физикч, техникч болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид оношилгооны тунгийн зөвлөх түвшинг эмнэл зүйн практик болох рентген оношилгоо, цөмийн онош зүй, компьютер томографи, судсан дотуурх рентген оношилгооны чиглэлд хэрхэн үр дүнтэй тогтоох талаар суралцаж, өвчтөний цацрагийн хамгаалалт, тунгийн тооцооллын талаар хэлэлцэхээс гадна АНУ, Япон зэрэг улсууд оношилгооны тунгийн зөвлөх түвшингээ бий болгосон туршлагатай танилцахад оршиж юм.

Семинарын илтгэгчээр АНУ-ын Бостон хотын Харвардын анагаах ухааны их сургууль болон Массачустын ерөнхий эмнэлгийн цацрагийн хамгаалалт, глобал сурталчилгааны захирал доктор Мадан Рехани болон Япон Улсын Осака хотын Киндай анагаах ухааны их сургуулийн тэнхимийн професор Макото Хосоно нар оролцож, мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна.

Семинарт ЦЭК-ын Ажлын алба, Монголын Радиологийн нийгэмлэг, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Монгол Японы хамтарсан эмнэлэг, Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургууль, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Интермэд, Грандмед зэрэг эмнэлгүүдийн радиологич эмч, эмнэлгийн физикч, техникч, радиохимич, цацраг идэвхт эмзүйч зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож байна.