АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧДЫН ХУРАЛ БОЛОВ.

Ази, Номхон Далайн Бүсийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээрийн (АНДБХАХ) Үндэсний Зохицуулагчдын 44 дүгээр хурал 2022 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа

Австрали, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ, БНСВУ, Сингапур, Шинэ Зеланд, Тайланд, Филиппин, Пакистан, Монгол зэрэг 23 орны нийт 70 гаруй төлөөлөл, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн мэргэжилтнүүд оролцсон.

Хурлаар АНДБХАХ-ийн 2020-2021 оны бүсийн төслүүдийн хэрэгжилт, АНДБХАХ байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх, тэтгэлэгт хөтөлбөр, 2024-2025 онд хэрэгжих төслүүд, АНДБХАХ-ийн 51 дүгээр Ерөнхий Бага Чуулганыг зохион байгуулах зэрэг 13 асуудлыг хэлэлцсэн.

Хурлын хүрээнд АНДБХАХ-г 2022-2023 онд БНСВУ даргалахаар болж, бүсийн хэмжээнд 2024-2025 онд эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр 4 төсөл хэрэгжүүлэх, хөгжиж буй гишүүн орнуудын хүний нөөцийг бэлтгэх хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгох, АНДБХАХ-ийн 50 жилийн ойг энэ онд тэмдэглэх зорилгоор Сайд нарын түвшний хурлыг зохион байгуулах асуудлуудыг тус тус шийдвэрлэсэн.

АНДБХАХ нь бүс нутгийн цөмийн энергийн салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, цөмийн дэвшилтэт технологийг нийгэм-эдийн засгийн салбарт өргөн нэвтрүүлэх, цөмийн физикийн шинжлэх ухаан, судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах, туршлага солилцох зорилгоор 1972 онд байгуулагдсан бөгөөд манай улс 1972 онд гишүүнээр нэгдэн орсон.

АНДБХАХ-ээс хэрэгжүүлж буй төслүүдэд МХЕГ, ЦЭК-ын Ажлын алба, ХСҮТ, УНТЭ, УХТЭ, ШУА-ийн хүрээлэнгүүд, УМЭАЦТЛ, МУИС, ТИС, ХААИС зэрэг байгууллагууд идэвхтэй оролцдог. Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд манай улсын эрүүл мэнд, хяналт, судалгаа шинжилгээ, боловсролын байгууллагууд хамрагдсанаар шинэ техник, технологи нэвтрүүлж, мэдлэг мэдээлэл солилцох замаар хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэн хөгжүүлдэг.